Уламжлалыг минь гутаасан энэ сурталчилгаанууд арай биш ээ

jujigchinСар шинийн баяр ойртож байна. Ёс уламжлалаа бодож энэ баярыг аль чадахаараа л сайн сайхан, өнгөтэй, өөдтэй тэмдэглэхийг бүгд бодож байгаа нь мэдээж. Чухам энэ л шалтгаанаас үүдэж, нийгмийн гарал угсаа, хөрөнгө чинээгээр ялгарч байна. Мэнд мэдэж ирсэн зочдоо хоосон буцаадаггүй Монгол уламжлал хөрөнгө чинээний ялгаварлал болж хувирчихаад Сар шинийн баяр Монгол түмэндээ дарамт болчих гээд байх шиг.

Чадалтай нь ихийг бэлэглэж, чадалгүй нь хятад оймс бэлэглэнэ л биз дээ. Уламжлал юм хойно бид юугаа ч хэлэх билээ. Гэвч сизон буюу иргэдийн бэлэг, сэлтээ цуглуулах цаг үеийг тохиолдуулсан этгээд, хачин рекламнууд телевиз, цахим хуудсаар их цацагдах боллоо. Хил цаанаас бөөндөж авч ирсэн бараа бүтээгдэхүүнээ өдийд л зарж борлуулахгүй бол зунжин хоосон суучих гээд байдаг учраас арга ч үгүй биз.

Гэлээ ч Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг гутаан доромжлох агуулгатай реклам сурталчилгаандаа анхаарлаа хандуулна уу гэж худалдаа эрхлэгчдээс хүсмээр байна.

Жүжигчин Төтө, Алтанцэцэг, Золбоот нарын тоглосон нэгэн сурталчилгааг сая үзээд үнэхээр дургүй хүрч орхилоо. Уг нь энэ баяраар бид бүхий л сайн сайхан зүйлийг ярьж, ирэх жилээ өнгөтэй, өөдтэй байхыг бэлэгддэг билээ. Гэтэл шинэ зочин айлд орж ирэв үү үгүй юу муу муухайг ярьж, шүлсээ үсчүүлж гарав.

Тэгснээ амар мэнд мэдэхийн оронд төчнөөн айлаар хэссэн, тэндийх муухай бэлэг өгсөн, танайх ч бас муу бэлэгтэй байсан шүү гэнэ. Улмаар аяга цай ч уулгүй бэлгээ нэхэх аж. Тэгсэн гялгар торонд юу нь мэдэгдэхгүй баахан хувцас чихээд Төтөд бэлэг болгон өгчээ. Нөгөөх нь ч ум хумгүй шүүрэн авч уутлан сандайчна. Ийм рекламыг үзсэн хэний ч ой гутах биз. Хэнийг хэн нь доромжлоод байна вэ.

Энэ бол ёс. Энэ бол уламжлал. Мэнд усаа мэдэлцэлгүйгээр бэлэг авах гэж улайран дайрдаг уламжлалаа алдагсдыг сурган хүмүүжүүлэх ёстой бидний уламжлалт баяр. Гэтэл хошин урлагийн хэдэн жүжигчдээр юуг ч хамаагүй яриулж, хэнийг ч хамаагүй доромжлуулах энэ төрлийн реклам сурталчилгаа арай биш ээ.

Бэлэг сэлт өгч болно. Өгөхөд ч бас учир бий юм. Уламжлалт ёсоон бодож, мэнд мэдсэн зочинг гар хоосон буцаахгүй бодолцддог баярын агуулгыг мушгиж, орж ирсэн хүнд юу ч хамаагүй базаад уутанд хийгээд өгчихдөг байж болохгүй. Үүнийгээ бодолцож, уламжлалыг минь гутаасан элдэв сурталчилгаандаа анхаарлаа хандуулна гэж найдаж байна.

Жич: Сурталчилгааны бичлэгийг энд оруулаагүй болно.

undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих