2019 онд “Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хий экспортолж эхэлнэ

296

Оросын “Газпром” компани энэ оны арванхоёрдугаар сарын 20-ноос “Сибирийн хүч” хоолойгоор Оросын байгалийн хийг Хятад руу экспортолж эхлэхээр бэлтгэж байгаа билээ. Экспортын түүхий эдийг Баруун Сибирь дэх 1.4 их наяд шоо метр байгалийн хийн нөөцтэй Чаяндийн орд болон 2.7 их наяд шоо метр байгалийн хийн нөөцтэй Ковыктинскийн ордоос тус тус нийлүүлнэ.

Ковыктинскийн ордоос Хятадын хил хүртэл “Сибирийн хүч” хоолойн нийт 2,963.5 км үргэлжлэх юм. Өнөөгийн байдлаар дамжуулах хоолойн барилгын ажил 95%-тай явагдаж байна.

2014 оны тавдугаар сард Оросын “Газпром” компани, Хятадын Газрын тос, байгалийн хийн корпораци CNPC хооронд байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээг байгуулсан байдаг. Гэрээний дагуу Оросоос жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн турш Хятад руу экспортлох учиртай.

“Сибирийн хүч” хоолой 2019 онд ашиглалтад орсноор эхний жил 4.6 тэрбум шоо метр байгалийн хий, 2021 оноос 10 тэрбум, 2022 оноос 16 тэрбум, 2024 онд 25 тэрбум, 2025 он гэхэд бүрэн хүчин чадалдаа хүрч 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

2018 онд “Газпром” компани 201 тэрбум гаруй шоо метр байгалийн хий экспортолжээ.


URL:

Сэтгэгдэл бичих