Завшигчид үүрлэсэн газраас зай барья

zgm_hevteeFGСаяхан, сошиалд Монголын Залуучуудын холбоо хэмээх төрийн бус байгууллагыг “Медаль Зарагчдын холбоо” гэж нэрлэх санал дэвшүүлсэн нь наргиан болгоод өнгөрөх асуудал биш л дээ. Энэ газрыг 21 аймаг, есөн дүүрэгт 600 гаруй анхан шатны нэгжтэй, 120 мянга гаруй идэвхтэн дэмжигчтэй үндэсний томоохон байгууллага гэж танилцуулдаг шигээ цар хүрээтэй гэвэл эндүүрэл. Монголын орчин үеийн залуус тив дамжин суралцаж, дэлхийд мэдлэгээ гайхуулж яваагийн дэргэд, энэ холбооны шашинлаг үйл ажиллагаа, алтан, мөнгөн гэх алдар гавьяаны шагнал, “энх цагийн мөнх дуудлага” зэрэг хийсвэр лоозон үг нь үнэндээ л жулдана. Залуусын нэрийг барьж “мөнгө хийдэг” ийм байгууллага өнөөдөр хэрэгтэй эсэхийг шийдэх цаг нэгэнт болжээ.

УИХ-аас Залуусын хөгжлийг дэмжих тухай хууль гаргаж, өнгөрсөн оноос мөрдөж эхэлсэн. Уг хуулийн зорилго нь залуусыг нийгмийн хөгжилд идэвхтэй оролцуулах, тэднийг дэмжихэд чиглэсэн. Хэрэгжилтийн хүрээнд холбогдох байгууллагууд суурь судалгаа хийж, залуусын өмнө тулгамдаж буй ажилгүйдэл, гэр бүлийн боловсролын асуудлыг хэрхэн шийдэх талаар тодорхойлон зааж өгчээ.

Тухайлбал, залуусын нийгэм, улс төрийн оролцоо, нас, сэтгэхүй, бие бялдар, түүх соёлын хөгжлийг шинжлэх ухааны Академиас судалж, Засгийн газарт тайлагнах үүрэг хүлээсэн. Мөн төрийн захиргааны төв байгууллага буюу гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь Залуучуудын хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөс санхүүжиж дээрх асуудлыг хариуцахаар хуульчилсан юм.

Нэгэнт залуусын асуудлыг хуульчилж, тусгайлан хариуцсан төрийн байгууллагатай болгосон тул МЗХ гэх ТББ-ын үйл ажиллагааг шүүмжилж суух хэрэг юун.

Харин залуучуудын нэрээр төрөөс болон иргэдээс мөнгө завших боломжийг нь хааж, энэ янзаараа элийрэх орон зайгүй болгох хэрэгтэй. “Шагнал зардаг” гэж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна энэ холбоо залуусын нэрийг барьж төсвөөс мөнгө авах олон “хорон” аргатай. Тус холбоо өмнө нь Залуучуудын холбооноос “Цагийн ажил”, “Ажлын гараа”, “Сумын залуус” зэрэг төсөл бичиж, 600 сая төгрөг авсан дуулиан мартагдаагүй. Зөвхөн “Цагийн ажил” төсөлд 38 сая төгрөгөөр цахим хуудас хийлгэнэ гэж төсөвлөсөн ч өнөөдрийг хүртэл ажлын зарын төрөлжсөн цахим хуудас байхгүй. Түүнчлэн “Ажлын гараа” төслийнхөө нээлтийг 11 сая төгрөгөөр хийж, аймаг бүрт өвөлжөө хаваржаа барих залуусыг “гавшгай 15” нэртэй баг болгон явуулна гэж сурталчилж байв. Тэдгээр залуус өргөжин хөгжиж, тасралтгүй ажил орлоготой явах нь бүү хэл тэр зундаа ажил эхлээгүй байхад зарим нь таран одсон байдаг. Энэ их “ажлын” дараа монгол залуусын нийгмийн байдал дээрдсэнгүй, харин ч уруудсаар иржээ.

Үнэндээ энэ байгууллагаас төрж гарсан залуучууд дэндүү гэмээр улстөржиж чаддаг. Түүнээс биш бусад салбарт эндээс гарсан манлайлагч гэвэл үнэхээр санаанд орохгүй юм.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс залуучуудын ажилгүйдлийн талаар судалгаа хийсэн. 30-39 насны залуу гэр бүлийн 36.2 хувь нь ядуу бөгөөд шалтгаан нь ажилгүйдэл. Залуучуудын ажилгүйдлийн түвшин хүн амын ажилгүйдлийн түвшнээс 50 шахам хувиар өндөр байгаа нь үүний илрэл гэжээ. Ажиллагчид 2016 онд өмнөх оныхоос 3.4 мянгаар буурч, харин ажилгүй иргэдийн тоо 35.2 мянгаар буюу 27.5 хувиар өссөн байна. Ажилгүйдлийн түвшин тогтмол өссөөр 3.5 хувиас 9.1 хувьд (өнгөрсөн оны байдлаар) хүрсэн харамсалтай тоо гарчээ.

Судалгаанд оролцогч залуусаас зорилтот бүлгийнхнийг тусгайлан авч үзсэн. тэдний сүүлийн гурван жилийн хугацаанд түр эрхэлдэг байсан ажил нь хүний мал маллах, гар аргаар алт олборлох, бусдаас машин гуйж такси үйлчилгээнд явах гэх мэтхэнээр хязгаарлагдана. Залуусын ирэх жилийн төлөвлөгөөг сонирхоход 80 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь сонирхсон ажлаа олох, 16 хувь нь хувийн бизнесээ эхлүүлэх гэж хариулжээ. Мөн 8.1 хувь нь жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгох, 7.8 хувь нь хүүхэд асрах үйлчилгээтэй болж, залуу гэр бүлүүдийг дэмжсэнээр ажилтай болж чадна гэж үзсэн байна.

• Залуусын нэрийг барьж “мөнгө хийдэг” байгууллага өнөөдөр хэрэгтэй эсэхийг шийдэх цаг нэгэнт болжээ.

• Монгол залуусын нийгмийн байдал дээрдсэнгүй, харин ч уруудсаар иржээ.

• Залуучуудын 97 хувь нь хөдөлмөр эрхлэх хүсэл тэмүүлэлтэй.

Залуучуудын 97 хувь нь хөдөлмөр эрхлэх хүсэл тэмүүлэлтэй байгаа нь тэдэнд шаардлагатай ажлын байрыг бэлдэх, хувийн аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг сануулж байна. Жижиг, дунд бизнес болон бичил бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалтыг шударгаар явуулах, хэрэгжилтэд хяналт тавих механизмыг бүрдүүлэхийг мөн залуус хүсчээ.

Эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан судалгаанд үндэслэн төрийн бодлогоор залуусын хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, мэргэжил эзэмших, нийгмийн болон эдийн засгийн идэвхтэй хүн амын цогц хэсэг болгоход холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа чиглэгдэнэ. Үүнийг хуульчилж, дагалдах журмыг гарган, үйл ажиллагаа жигдэрч ирсэн өнгөрсөн жилийн ололтыг энэ жилд улам бататган, зорилтот бүлэгт хүрсэн үр дүнтэй ажил хийхийг залуус хүлээж байна. Харин нэрийг нь барьж төрөөс мөнгө завших гэсэн байгууллагуудыг одооноос шахаж гаргахаа залуус өөрсдөө мэднэ. Тэгээд ч бүхэл бүтэн улсын хувьд залуучуудын хөгжил нь нэг л байгууллагаас шалтгаална гэж угаасаа байхгүй. Харин ч цаг үе өөрчлөгдөхийн хэрээр залуучуудад хөгжих олон боломж нээгдэж буй.

Э.Батцэцэг

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих