Сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийг сувилах сувилахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадамжийг дээшлүүлэх төсөл эхэллээ
Сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдэд бусад өвчтөнүүдээс илүү асаргаа сувилгаа шаардлагатай байдаг. Тийм учраас сувилахуйн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах мэдлэг, чадамжийг дээшлүүлэх “Момент” төсөл хэрэгжихээр болжээ.
Тус төсөл нь Европын холбооны дээд боловсролыг чадавхжуулах төслийн санхүүжилтээр Английн Эссексийн их сургуулийн профессор Фиона Ноланы удирдлага доор хэрэгжих юм. Монгол улсын дээд боловсролын байгууллагуудыг шинэчлэх, олон улсад гарахад дэмжлэг үзүүлэх, СЭМ-ийн тусламж үйлчилгээг сайжруулан сувилагч нарын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэн, олон нийтийн СЭМ-ийн тухай ойлголт, хандах хандлагыг өөрчлөхөөс гадна сургалтын шинэ технологи, заах аргыг нэвтрүүлэн багш нарыг чадавхжуулах зорилготой юм.
Гурван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийг нээлтэд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, АШУҮИС-ийн удирдлагууд, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд болон төслийн удирдагч профессор Фиона Нолан, Английн элчин сайдын яамны тэргүүн зөвлөх Lain Cox, Финланд, Голланд болон Их Британийн хэрэглээний ШУИС-ийн төлөөлөгчид оролцлоо.
Төсөлд АШУҮИС, “Этүгэн” их сургууль, “Энэрэл” дээд сургууль, Английн Эссексийн их сургууль, Голландын Утрехтийн хэрэглээний ШУИС, Финландын Туркугийн хэрэглээний ШУИС оролцож байгаа аж. Тэд бусад улс орнуудын эмнэлзүйн практик, сургалтын талаар сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн хөтөлбөрийн жишиг тогтоох, сувилагч нарыг сургалтанд хамруулах тал дээр хамтарч ажиллах юм.
Төслийг хэрэгжүүлснээр олон нийтэд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэхэд дөхөм болох юм. Мөн дэлхийн СЭМ-ийн салбарт сургалтын хөтөлбөр боловсруулахаар олон улсын баг хамтран ажиллаж байгаа анхны төсөл бөгөөд МУ-ыг СЭМ-ийн тусламж, тэр дундаа сувилахуйн тусламжаар тэргүүлдэг орон болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.
АШУҮИС-ийн захирал доктор, профессор Ж.Цолмон: Монгол улсад 100 мянган хүн ам тутамд 841 хүн сэтгэцийн ямар нэгэн тусламж үйлчилгээг авдаг
“Монгол улсад анх удаагаа сэтгэцийн эмгэгт өвчтөнүүдийг сувилах сувилахуйн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах мэдлэг чадамжийг дээшлүүлэх төсөл гурван жилийн хугацаатай эхлэж өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа болж байна.
Монгол улсад сувилагч нарын хомсдол их байгаа. Эмч, сувилагчийн харьцаа 1х1.2 байгаа. Бид 2020 он гэхэд 1х2 хэмжээнд хүргэхээр зорьж ажиллаж байна. Ялангуяа сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдэд сувилахуйн үйл ажиллагаа үзүүлж байгаа мэргэжилтнүүдийн хувьд бусад сувилахуйн үйл ажиллагаа явуулахаас тэс ондоо байдаг. Энэрэнгүй, хүмүүнлэг, хамгийн их ажиллагаатай, ур чадвар, сэтгэл шаарддаг учир сайн сувилагч нар байх ёстой.
Хэдийгээр сувилагч нарыг бакалавр, магистр, докторын зэрэгтэйгээр төгсгөж байгаа боловч нэг чиглэлээр олон улсын түвшинд бэлтгэж байгаагүй. Энэ түвшинд сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийг сувилах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулагч нарыг олон улсын түвшинд хүргэх, гурван жилийн дараа тодорхой судалгаа шинжилгээний шинэ үр дүнг бий болгох мөн ур чадварыг нь дээшлүүлэх гарын авлага, ном, сурах бичиг, удирдамжуудыг гаргах хүлээцтэйгээр энэхүү төслийг эхлүүлж байна.
Монгол улсад 100 мянган хүн ам тутамд 841 хүн сэтгэцийн ямар нэгэн тусламж үйлчилгээг авч байгаа. Хөдөлмөрийн чадвар алдагдах өндөр магадлалтай 10 өвчний 5 нь сэтгэцийн өвчнүүд байдаг. Тийм учраас сэтгэцийн эмгэгээс хэрхэн сэргийлэх вэ, үүсч байгаа янз бүрийн нөхцөл байдал гадны нөлөөнөөс гадна хувь хүнээс өөрөөс нь их шалтгаалдаг. Яагаад гэвэл хувь хүний амьдралын зөв хэв маяг бий болгох, зөв хэвшилд суралцах хамгийн наад зах нь нойр хоол ажлаа зохицуулахаас эхлээд сэтгэцийн эмгэгээс өөрийгөө урьдчилан сэргийлж байдаг. Тиймээс бид мэргэжилтнүүдээ бэлтгэхээс гадна ард иргэдээ соён гэгээрүүлэх мэдлэг, мэдээлэл олгох энэ өвчнөөс урьдчилан сэргийлж болох арга барилыг заах өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх зөв зохион байгуулах давхар мэдлэгийг олгох ийм ач холбогдолтой төсөл юм” гэв.
Х.Соёл
URL: