“Бодь” группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын оффшор данс ил боллоо
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас “Paradise papers”-аас дэлгэсэн баримтад Монгол Улсын дөрвөн иргэний нэрс багтжээ. Тодруулбал, оффшор бүсийн тоонд багтдаг Мальтын арлуудад данстай Гангаагийн Цэдэн-Иш, Гангаагийн Агархорол болон Лувсанвандангийн Болдхуяг, Ганбаатарын Саруул нарын нэрсийг уг баримтад нэрлэсэн аж.
Лувсанвандангийн Болдхуяг нь “Бодь” группийн ерөнхийлөгчөөр ажилладаг. Мөн УИХ-ын гишүүн Л.Болдын төрсөн дүү юм. Тэрбээр 2005 оноос Шведийн Вант Улсын Монгол Улс дахь Өргөмжит Ерөнхий Консул, 2009 оноос Шведийн Вант Улсын Өргөмжит Консулаар ажиллаж байсан. 1996 оноос өнөөдрийг хүртэл “Голомт” банк болон “Бодь групп”-ийн удирдлагын багт 16 жил тасралтгүй ажиллаж, “Бодь интернэшнл” ХХК-ийн ерөнхийлөгч, “Бодь даатгал” ХХК-ийн ерөнхийлөгч, “Голомт” банкны ТУЗ-ийн гишүүн, “Бодь” группийн ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг хашиж ирсэн юм. Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Шведийн эзэн хааны дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан.
Ганбаатарын Саруул нь “Богд” банкны гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна. Даян Дэлхийн Блокчейн Бизнесийн зөвлөл /Global Blockchain Business Council/- нь 2017 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр шинээр байгуулагдсан бөгөөд тус байгууллагын үүсгэн байгуулагч гишүүнээр “Богд Банк”-ны гүйцэтгэх захирал Г.Саруул сонгогдсон.
Г.Цэдэн-Иш, Г.Агархорол нар нь хувиараа бизнес эрхэлдэг гэж дээрх баримтад дурьджээ.
Эх Сурвалж: 24tsag.mn
URL: