Аваргуудын эвлэрэл талаар болжээ
Он солигдохын өмнөхөн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар “Бид бөхчүүдийн эв нэгдлийг хангаж, өнгөрсөн хавраас хойш битүүмжлэгдээд байгаа Монгол Бөхийн Өргөөний үйл ажиллагааг эхлүүлж, монгол бөхийн төлөө, монгол бөхчүүдийнхээ эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж байна” хэмээн хамтарсан мэдэгдэл хийж байсан юм.
Улмаар Монгол Бөхийн Өргөөг хүлээлгэж өгөх талаар Баянзүрх дүүргийн шүүхэд хүсэлт гаргажээ. Гэвч Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүс мөн тус дүүргийн шүүхэд “Х.Баянмөнх аварга ганцаараа манай холбоог төлөөлөхгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэг шийдвэр гаргах боломжгүй” гэсэн утга бүхий бичгийг ирүүлжээ.
Ийнхүү бөхчүүд, бөхийн хүрээнийхэн дархан аваргууддаа талархаж, монгол бөхчүүдийн хөлс хүч шингэсэн өргөөгөө нээлгэх болсонд ихэд баярлаж байсан боловч Монгол Бөхийн Өргөөний асуудал дахин ээдрээтэй байдалд хүрлээ.
Монголчуудын ёс заншил, өв уламжлалыг өдий хүртэл тээн ирсэн цөөн соёлын нэг монгол бөхийн “тогоо”-нд хэрүүл маргаан дэгдэж, тэр нь даамжирч Монгол Бөхийн Өргөө жил тойрон “эзэнгүйдэж” байгаад бөхийн хорхойтнууд бухимдалтай байна.
Нийгмийн толь
URL: