Гурван охиноос ягаан зүрхээ Ц.Нямдорж сайддаа зориулъя

Саяхан монголын анхны таван яам байгуулагдсаны 100-н жилийн ой болж өнгөрлөө, түүнийг ч холбогдох хүмүүс

тэмдэглэж өнгөрөөлөө. Тэгэхдээ төрийн ордонд тоглолт зохион байгуулжээ. Энэ тоглолт нь өнөөдөр моод болон дэлгэрч буй хувийн тоглолт биш, нийт урлагийнхны тоглолт байсан юм. Оролцсон хүмүүс нь “Харанга” хамтлаг, “Түмэн эх” чуулгын бүжигчид, дуучин С.Наран болон С.Мөнгөнцэцэг, Г.Хонгорзул зэрэг гавьяатууд, “Арга билэг”, “Хөсөгтөн” гэсэн ардын хөгжимт хамтлаг, “Гурван охин” хамтлаг байлаа. Тэдний тоглолтыг дуучин Ц.Чулуунбатын “АП мюзик продакшн” найруулан явуулсан аж. Эхний мэдээлэл ингээд дууслаа, одоо дараагийн мэдээ.

Дээрх хамтлагуудыг таван яам тус бүр урин залж авчирчээ. Тухайлбал, ХЗДХ-ийн яамны хөлсөлж ирүүлсэн хамтлагийнх нь тоонд “Гурван охин” багтсан гэнэ. Төрийн ордны тайзнаа гарч ирээд, дандаа хайрын дуутай гурван бүсгүй нэг дуугаа сонгон дууллаа. Тэр дуу нь “Дэлхийн ягаан зүрх” гэдэг нэртэй. Бүсгүйчүүд дуугаа дуулахын өмнө буруутаж, тоглолтын нууцыг задруулчихжээ. “Анхлан байгуулагдсан таван яамныхандаа ойн баяр хүргэе, сайн сайхныг хүсье” гэж хэлэхийнхээ оронд “Одоо дуулах дуугаа Нямдорж сайддаа зориулъя” гээд аваад хаяж. Тэнд суусан бүхний инээд нь хүрч, нир хийгээд явчихсан гэнэ.

Зөвхөн сайддаа зориулъя гэдэг ч учиртай байхыг үгүйсгэхгүй. Урлагийнхны дунд Төрийн ордонд тоглолтоо хийж, олны анхааралд өртөх гэсэн нууцхан уралдаан өрнөөд байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайддаа гэж хаяглаад, ордны тайзнаас дуулж, амтыг нь авсан гурван бүсгүй бие даасан тоглолтоо хийх нүхээ малтсан байх гэх хүн ч цөөнгүй.

Б.Болдсүх


URL:

Сэтгэгдэл бичих