Сүлжээгээр залилан хийгчдийг тогтоолоо

Иргэдийг байр, машинтай болгох хөтөлбөр гэгчийг эхлүүлсэн “Байгаль эрдэнэ сан”, “Айсуу жаргал”, “Говийн хөгжлийн

ирээдүй” зэрэг төрийн бус байгууллагын эздэд холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж дуусчээ. “Байгаль эрдэнэ сан” ТББ-ын Т.Уранчимэг нарын 12 хүн сүлжээ үүсгэн 2323 хүнээс нийтдээ 3.2 тэрбум төгрөг залилсан байна. Хохирогчид тус байгууллагын гоё нэр, байгаль орчноо хамгаалах зорилготой гэсэнд нь хууртагдан татагдсан гэлээ. Тус сүлжээний эзэд 650 мянган төгрөгөөр дороо хүн элсүүлээд машин өгөхөө амлажээ. Өөрөөр хэлбэл, 650 мянган төгрөгөөр элссэн хүн дороо долоон хүнийг, мөн тийм хэмжээний мөнгөөр элсүүлснийхээ хариуд машин авах байжээ. Уг ТББ 14 хоногийн дотор 2000 гаруй хүнийг хохироосон нь тогтоогдсон байна. Үүнтэй адил зарчмаар “Говийн хөгжлийн ирээдүй” ТББ 466 хүнээс 295 сая төгрөг залилжээ. Түүнчлэн “Барагдашгүй алмаз” ТББ 137 иргэнээс 74 сая 500 мянган төгрөг, “Хүсэл мөрөөдлийн хүч” ТББ 634 иргэнээс 120 сая төгрөг, “Түшигт хан цэцээ” ТББ 143 иргэнээс 85 сая төгрөг залилсныг тогтоожээ. Ажил хийхгүйгээр амар хялбар аргаар мөнгө олох зорилготой гэнэн итгэмтгийгээсээ болж мөнгөө өгч сүлжээнд элссэн 7805 иргэнээс 2015 хүн хохирсон байна.

А.Ялгуун


URL:

Сэтгэгдэл бичих