ААН ИЛГЭЭГЭЭГҮЙ ГЭХ ТӨЛӨВТ ОРСОН БАРИМТУУДЫГ ДАРААХ БАЙДЛААР БАТАЛГААЖУУЛНА

262

Шинэ жилийн баярын өдрүүдэд худалдан авалт хийсэн иргэдийн НӨАТ-ын баримт ААН илгээгээгүй гэх төлөвт шилжсэн буюу бүртгэгдэхгүй байгаа талаар цахим сүлжээгээр тархжээ. Уг мэдээллийн дагуу Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэгээс тодруулахад:

Системийн шинэчилэлттэй холбоотой энэ оны нэгдүгээр сарын 1-ээс 4-ний өдрийн хугацаанд өнгөрсөн оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын баримтыг нөхөн бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөвт түр шилжсэн. Дээрх хугацаанд бүртгүүлсэн төлбөрийн баримт нь нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн баталгаажсан төлөвт шилжинэ. Арванхоёрдугаар сардаа худалдан авалт хийгээд тухайн сардаа багтаан бүртгүүлэхэд ААН илгээгээгүй гэх төлөвт орвол тухайн баримтаа e.barimt.mn сайтын баримт шалгах цэсээр шалгаж үзэх хэрэгтэй. Таны баримт нэгдсэн системд илгээгдсэн үү, үгүй юу гэдгийг үүгээр мэдэх боломжтой юм.  Хэрэв ААН илгээгдээгүй төлөвт байгаа баримтыг дээрх сайтаар орж шалгахад баримт системд ирээгүй байна гэвэл тухайн хуулийн этгээд 72 цаг буюу хуулийн хугацаанд иргэний худалдан авалт хийсэн баримтыг нэгдсэн системд илгээгүй байна гэж ойлгож болно. Иймд иргэн та 1800-1288 дугаарт гомдол гаргах боломжтой юм. Иргэд энэ оны нэгдүгээр сарын 8-ныг хүртэлх хугацаанд бүртгүүлсэн 2018 оны баримтыг устгаж болохгүй.  Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI00000000 дугаартай баримт өгдөг. Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар болон мөнгөн дүнг бүртгүүлснээр баталгаажна.

Мөн НӨАТ-аас 10 хувийн шимтгэл авах яриа байна. НӨАТ-ын урамшуулал нь  сугалааны тохирлоор, мөн буцаан олголт хэлбэрээр олгогдож байгаа. Энэ тохиолдолд тухайн олгогдож байгаа сугалааны урамшуулал, болон буцаан олголтын дүнгээс ямар нэгэн татвар суутгахгүй ба Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.18-д заасны дагуу чөлөөлөгдөж байгаа орлого юм” гэв.

Мөн 2018 оны НӨАТ-ын буцаан олголтод 700 орчим мянган иргэнд 108 тэрбум төгрөг олгогдоно гэсэн урьдчилсан тоо гарчээ.

Б.Лхам

http://www.24tsag.mn/a/168879


URL:

Сэтгэгдэл бичих