З.Энхболд: 39 гишүүний саналыг авбал Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дэмжигдэнэ
УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2019.01.04) Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Үүний дараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн тухайд УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы дэгийн тухай гэсэн хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм.
Тодруулбал, Дэгийн тухай хуульд 16.1.3, УИХ-ын тухай хуульд 10.2.6 гэх заалтыг нэмсэн.
Ингээд энэ талаар ЕТГ-ын дарга З.Энхболд “Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж хууль өргөн барьж, хүлээн авна гэдгээ тохирсон. УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хуулийн бүрдэлгүй гэх шалтгаанаар хуулийн төслийг хүлээн аваагүй. Тиймээс би “Уг хуульд бүрдэл шаардахгүй” гэсэн албан бичгийг өнөөдөр өглөө бичлээ. Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль өргөн барихад нэлээн хүнд сурталтай болж, 6-7 бичиг бүрдүүлдэг болсон. Гэвч УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 12.2.22 заалтаар энэ аргачлалыг мөрдөхгүй гэж хуульчилсан. Тодруулбал, Олон улсын гэрээ, Жилийн төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, тодотгол, Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Өрийн удирдлагын стратеги, Төсвийн гүйцэтгэл батлах, Дайны тухай хууль, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх, Хөгжлийн үзэл баримтлал гэх мэт мөнгө төгрөгийн тооцоогүй, олон нийтээс санал авах шаардлагагүй албан тушаалд томилох, чөлөөлөх хууль тогтоомжийн хуулийн бүрдлийг шаардахгүй гэж заасан байгаа. Бүрдэл шаардахгүй гэж заргалдаад өнөөдөр өглөө хуулиа өргөн барьсан.
…УИХ-ын даргын хэд хэдэн ярилцлагаас харсан байх. Хууль байдаг бол би ажлаа өгмөөр байна. Хууль байхгүй байна гэсэн. Тиймээс Ерөнхийлөгч гарц гаргаж, хуулийг нь санаачилж өгч байна. Ингэснээр УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар томилж, чөлөөлдөг болно. Хуулийн дагуу энэ хуулийг хойшлуулашгүй асуудлаар нэн даруй хэлэлцэж батлах ёстой. Нэн даруй гэдэг нь энэ долоо хоногт байнгын хороо хуралдаад ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэсэн үг. Даган барьсан нэмэлт заалт нь болохоор УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн таван шалтгаан дээр зургаа дахь шалтгааныг нэмж байгаа юм. УИХ-ын дарга уг хуулийг хэлэлцэх саналтай байгаа. Мөн Алтны татварыг мөн яаралтай хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн. Тиймээс энэ хоёр асуудлыг хэлэлцэхээр бүлгийн дарга нартай уулзахаар болсон. 76 гишүүний олонх буюу 39 гишүүний саналыг авбал энэ хууль дэмжигдэнэ.” гэсэн тайлбарыг өглөө.
URL: