Хятадад олон эмэгтэйг хүчиндэж хороосон зартай гэмт этгээдийг цаазаар авчээ
11 эмэгтэйг хүчиндэн хороосон ч 30 шахам жил шийтгэлээс зайлсхийж эрх чөлөөтэй явсан Гао Ченьен гээчийг өчигдөр үдээс өмнө цаазаар авсан тухай Хятадын Гансу мужийн Байин хотын дунд шатны шүүхийн цахим хуудсанд мэдээлжээ. Тус шүүх өнгөрсөн жилийн гуравдугаар сард Гао Ченьенийг 11 эмэгтэйг дээрэмдэн хүчиндээд онц хэрцгийгээр амь насыг нь хороосон хэрэгт бууруутган ялын дээд хэмжээ оноосон аж.
Гэмт этгээд анх 1988 онд Байин хотноо 23 настай бүсгүй рүү халдаж, 26 удаа хутгалж алжээ. Тэрээр 1988-2002 онуудад 11 эмэгтэйг, үүний дотор наймхан настай охиныг хүртэл хүчиндэн хороосон аж. Байин хотын оршин суугчдыг цочроосон цуврал аллагыг илрүүлэхээр Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яам 2001 оны наймдугаар сард хэргийг хяналтдаа авсан ч мөрдөн байцаалт урагшлахгүй байжээ.
2015 оны гуравдугаар сард Гансу мужийн Нийгмийн аюулгүй байдлын хэлтэс мөрдөн байцаалтыг сэргээн хурууны хээ, ДНХ-ийн шинжилгээний үндсэн дээр гэмт этгээдийг тогтоож чадсан байна. Улмаар Гао Ченьенийг анхны гэмт хэргээ үйлдсэнээс нь хойш 28 жилийн дараа буюу 2016 оны наймдугаар сарын 26-нд баривчилсан аж.
Б.Туг
URL: