Бөхөнгийн тоо толгой хорогдсоор байна

16

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээлж байгаагаар Монгол бөхөнгийн тоо толгой хорогдсоор байна.

Дээрх газрын санаачилгаар өнгөрсөн оны 4-р сард хийсэн тооллогоор бөхөнгийн тоо, нөөцийн хэмжээ 2017 оныхтой харьцуулахад 40 хувиар буурсныг тогтоожээ. Монгол орны ан амьтны экосистемийг хадгалан авч явдаг гол төлөөллийн нэг нь зөвхөн манай улсад байдаг Монгол бөхөн бөгөөд тоо толгой жилээс жилд буурсаар сүүлийн тооллогоор 5 мянга үлдсэн байна. Бөхөнгийн тархац нутгаар өвс багатай байгаа тул бөхөн идэш тэжээл хайн уудам орон зайд шилжин байршиж байгааг судлаачид хэлж байна. Мөн мал их өссөнөөс бэлчээрийн хомсдол, давхцал их гарах болсонтой холбоотойгоор бөхөн дайжиж байгаа аж. Тоо толгой цөөрч байгаа нь хулгайн ан болон бороо хур бага орж, цас бага бууж байгаа уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон зүйлтэй холбоотойг судлаачид хэлж байна. Идэш тэжээлийн хомсдол, хүйтрэл зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлээс олноор хорогдож байна. Өмнө нь бөхөн зориудаар тавьсан идэж тэжээл, өвсийг иддэггүй байсан бол одоо иддэг болсон нь автомат камерийн бичлэгээс харагдаж байгааг хэлж байна.
Тиймээс бөхөнгийн үржил төлөлт явагддаг бүс нутгийг тусгай хамгаалалтанд авах, бөхөнгийн генийн чадамжийн судалгааг нарийвчлан хийх замаар бөхөнгийн сүргийн бүтцийг хадгалах стратеги төлөвлөгөөг боловсруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Монгол бөхөнгийн үржилд анхаарч, судалгаа мониторинг хийж урьдчилсан таамгын хүрээнд хамтран ажиллах талаар төрийн болон ТББ-уудад хандан ажиллаж байгаа ч энд зөвхөн судлаачдын хүчин чармайлтаас гадна нутгийн иргэдийн оролцоо чухал байгаа аж. Тус газраас бөхөн бэлчиж байгаа газар үргээж болохгүй, амар амгалан байдлыг алдуулахгүй байх бүх бололцоог хангаж ажиллахыг иргэдэд уриалжээ.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих