Ш.Батбаяр: Л.Болд, Ж.Батзандан нарт авсан арга хэмжээ бол байх л зүйл
Эмч, нийтлэлч, улс төрч гээд олон төрлийн мэргэжилтэй энэ эрхэмийг танихгүй хүн үгүй. Ш.Батбаярыг “Ардчилал таймс” сонин зочныхоо хойморт урьж ярилцсанаа хүргэж байна.
30 жилийн өмнө хүсч байсан бидний ардчилал энэ биш
-Та саяхан, оны босгон дээр АН-ын хамгийн нэр хүндтэй шагнал болох Чингис хааны одонгоор энгэрээ мялаалгасан. Шагнал гэснээс, ер нь таны энэ амьдралдаа авч байсан хамгийн үнэ цэнтэй шагнал юу байв?
-Олон үнэтэй шагнал авсан даа. Анагаах ухааны дээд сургууль төгсч эмч болсон. Тэр бол миний амьдралд тохилдсон хамгийн том шагнал мөн байх. Хүүхэд байхаасаа эхэлнэ гэвэл өвлийн өвгөнөөс бэлэг авч байсан маань хамгийн том шагнал. 1948 онд Засгийн газрын ёолкан дээр Г.Гомбосүрэн гуайгаас өвлийн өвөөгийн бэлэг авч байсан. Тэр бол миний амьдралдаа анх авсан хамгийн том шагнал байх. Хожим гэвэл эрүүлийг хамгаалахын гавьяат болсон, тэр том шагнал. Саяхан Чингис хааны одон авсан. Ардчиллын дээд шагнал гэсэн нэртэй шүү дээ. Тэр бол бас том шагнал. Энэ одонг анх харж байхдаа би, “Энэ одонг зүүх юм сан” гэж бодож байсан. Тэгээд зүүлээ. Ингээд олон том шагнал байна даа.
-Та ер нь хэчнээн төрлийн мэргэжил, чадвартай хүн бэ. Эмч, сэтгүүлч, улс төрч гээд л?
-Хамгийн анхны мэргэжил маань тракторын жолооч. Миний үед 10-р анги төгсөхөд тракторын жолоочийн курсийг хамт явуулдаг байсан юм. Дараа нь цэрэгт очсон хойноо холбоочны мэргэжил эзэмшсэн. Дараа нь Цэргийн ерөнхий сургуулийн офицерийн курс төгсөөд улс төрчийн мэргэжилтэй болсон юм. Ингээд ангийнхаа хорооны клубын дарга болж уран сайханч, урлагийн мэргэжилтэй болсон. Цэрэгт байхдаа дуулна, жүжиглэнэ, бүжиглэнэ, хөгжим ч тоглоно. Уралгийн бригадаар хөдөө их явна гээд юм, юм л хийж байсан даа. Тэгээд дараа нь мэс заслын эмч болсон. Тэгж байгаад 1989 оноос улстөрч болох шив дээ. 1996 онд УИХ-ын гишүүн болоод 2000 онд сонгуульд нам навс ялагдсаны дараагаар сэтгүүлч, тэгээд л одоо тэтгэвэрчин болсон (инээв).
-Гэхдээ та бас зүгээр ч нэг тэтгэвэрчин биш байх аа?
-Бас зүгээр сууж чадахгүй ТББ байгуулсан. “Түмний зүтгэлийн төлөө” гэж нэртэй. Төрд олон жил ажилласан ахмадуудад хүндэтгэл үзүүлж “Төрийн соёмбо” гэж тэмдэг, өргөмжлөл гардуулдаг ТББ. Одоо 20 мянга гаруй гишүүнтэй. Тэгээд Ардчилсан ахмадын холбооны тэргүүнээр ажиллаж байна.
-Та аль мэргэжилдээ илүү дуртай хүн бэ?
-Мэдээж, эмчдээ дуртай байлгүй яахав. Олон жил эмчээр ажилласан юм чинь. 1964 онд анагаах ухааны дээд сургуульд ороод, дунд нь цэрэгт явж хэсэг тасарсан. Тэгээд энэ мэргэжлээр сувилагчаас эхлээд мэс заслын эмч, салбарынхаа сайд нь болтол явсан гэхээр бүх шатыг нь дамжсан гэсэн үг.
-Хэдэн хүний амь аварсан тооцоо бий юү?
-Залуу байхдаа бүртгэдэг л байсан. Одоо бол мартсан. 5000 гаруй хагалгаа л хийсэн юм даг. Түүнээс ганц нэг эндсэн тохиолдол бий. Би чинь хөдөөгийн эмч байсан. Өдөржингөө эмнэлэг дээрээ. Шөнө дуудагдана. Тэр бүхнийг тоолоход баримжаа алдана л даа.
-Монголд ардчиллыг авчирсны 30 жилийн ой тохиох гэж байна. Таньтай хамт тэнд өлсгөлөн зарлаж байсан 13 хүнээс хэд нь тухайн үед тэмцэж байсан зүйлийнхээ төлөө тууштай байна гэж та хардаг вэ. Тэр үед та бүхний хүсч, төсөөлж байсан тэр ардчилал өнөөдөр байна уу?
-Зөвхөн тэр 13 хүн ч биш, монголчууд бүхлээрээ ардчиллыг хүсч байсан үе шүү дээ. Тийм учраас үр дүнд хүрсэн. Олон түмнийг удирдан зохион байгуулж байсан хүмүүс гэвэл тэр 13-ыг хэлнэ. Ер нь тэр олон мянган хүн бүгдээрээ АН-ын ч юм уу, монголын ардчилсан холбооны гишүүд биш шүү дээ. Бусад намын ч, нам бус ч бүх хүн нэг намын дарангуйллаас гаръя, дэлхийн бусад ардчилсан улс оронтой ижил хэмжээнд амьдаръя, өмчтэй, эрх чөлөөтэй болъё гэдгийг хүсч л байсан байхгүй юу. Тиймээс 1990 онд энэ ардчиллын төлөө бүгд л боссон. Мэдээж, цагийн явцад зарим нь өөр намд ороод, зарим нь тэнгэрийн орноо яваад, зарим нь АН дотроо салж хагацсан ч гэсэн 1990 оныхоо бодолд өнөөдрийг хүртэл үнэнч явж байгаа хүн гэвэл олон бий л дээ. Монголын ардчилсан холбооны гишүүд, АН-ын гишүүдийн дотор байгаа анхдагч буюу партизанууд. Эд нар анхныхаа тавьсан зорилгодоо ч хэвээрээ, жагсаал цуглаан болоход хамгийн түрүүнд манлайлж явдаг хэвээрээ. Ардчиллын үр шимийг өөрөө хүртсэн л гэж бодож явдаг.
Яг бидний анхлан хүсч байсан тэр ардчилал өнөөдөр байна уу гэвэл ихэнх хүн байхгүй л гэж хэлэх байх. Яагаад гэхээр бид бүгд ийм сайд дарга болно, хөрөнгө мөнгөтэй баячууд болно, улс эх орноо гадныхантай нийлж худалдана, тононо, хууль бус аргаар баяжина гэж хэн ч хүсч байгаагүй л байхгүй юу. Энэ чинь эрх мэдэл, мөнгө, албан тушаал хүнийг эвддэг гэдгийг харуулж байгаа нэг хэлбэр. Тэгэхээр бид тэр албан тушаалд очих ёстой хүмүүсээ зөв сонгож чадаагүй л гэсэн үг.
Ардчилагчид өөрсдөө ялгаа байхгүй, сонгогчид ч итгэл даахаар хүн мөн үү биш үү гэдгийг сайн дэнсэлж чадалгүйгээр л саналаа өгч явсаар байгаад л өнөөдрийн энэ бохир нийгэмд хүрчихлээ. Гэхдээ бүгдийг нь баллуурдаж болохгүй л дээ. Ардчилал анх эхэлж байх явцад гарч болох алдаа эндэглүүдийг л бид давтаад л явж байна. Ардчилал хөгжөөд олон жил болчихсон бусад улс анхандаа гаргаж байсан алдаануудыг гаргаад л явж байгаа гэсэн үг. Тодорхой хугацаанд алдсан байна, алдаагаа засаад цаашаа явна. Тэгээд дахиад дээшилнэ. Ингээд философийн хуулиар ямарваа нэгэн зүйл хэдэн жилийн дараа өмнөхөөсөө арай өөр болчихоод эргэж давтагддаг гэдэг. Үүнтэй адилхан өнөөдөр 1990 онд хүмүүсийн дургүйцэж байсан тэр уур амьсгал яг одоо бий болсон гэж ойлгож болохоор байна.
2020 онд ямар ч байсан одоогийнхоос тэс өөр сонгууль болно. Энэ хүмүүсийг сонгож болохгүй шүү гэдгийг хүмүүс толгойдоо бат шингээгээд авчихлаа шүү дээ. Улс төрийн намууд ч гэсэн намын гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхдээ өмнө нь ямар нэгэн байдлаар нэр дэвшээд юм уу, албан тушаалд очиж байсан хүмүүсийг дэвшүүлэхгүй л байх хэрэгтэй нь харагдаж байна.
Л.Болд, Ж.Батзандан нарт авсан арга хэмжээ бол байх л зүйл
-30 жилийн өмнө үүсч байсан тэр бухимдал эргээд ирчихсэн байна гэж та хэллээ. Энэ яалт ч үгүй тогтолцооны гажуудал байгаагийн л илрэл байх. Тэгэхээр үүнийг хэн өөрчлөх юм бэ?
-Их олон өөрчлөлт хийх ёстой. 1990 онд хүмүүсийн бухимдал, зохион байгуулалт энэ тэр чинь их хялбархан, хийхэд амархан байсан байхгүй юу. 1990 онд хувьдаа өмчтэй нэг ч хүн байгаагүй. Бүгдээрээ л улсын байгууллагад ажилладаг байсан. Бүгдээрээ энэ хэцүү байдлаас гарах юм сан гэж хүсдэг байсан үе. Алдах юм байхгүй, сайндаа ажлаасаа л халагдна биз. Одоогийн энэ уур бухимдал бол шал өөр уур амьсгалтай болчихсон. Тэр үед улс төрийн товчооны гээд 11-хэн хүнийг л хасаад хаячих юм бол оронд нь сайн хүн гарч ирээд нийгмийг өөрчилчихнө гэж бодож байсан. Одоо бол хувьдаа өмчгүй нэг ч хүн монголд байхгүй. Бүгд ямар нэгэн байдлаар өмчтэй болчихсон. Энэ бол ардчиллын өгсөн хамгийн үнэтэй зүйл мөн. Дээрээс нь эрх чөлөө олгосон.
-Тэгэхээр өнөөдрийн бухимдлыг хэн өөрчлөх вэ?
-Хамтаараа л өөрчлөх ёстой. Санаачлагыг хэн нэгэн хүн гаргах ёстой. Өнөөдөр хэдэн хүн жагсаал, цуглаан зарлаад “МАНАН-гийн эсрэг тэмцэнэ” гээд хашгирч байна л даа. Зөв, энэ бол эхлэл мөн. Гэхдээ манлайлах гээд байгаа тэр хүмүүс маань олон түмний сэтгэлд яг нийцсэн хүмүүс мөн үү. Дагуулж жагсаж жагсчихаад өөрсдөө төрийн дээр гараад суучих хүмүүс юм уу гэдгийг ялгаж, салгах ёстой. Гэхдээ миний бие энэ жагсаалыг манлайлж байгаа Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нарыг муу муухай гэж хэлж хараахан чадахгүй байна. Гэхдээ бас сайн гээд хэлчихэд сэтгэлд хүрэхгүй л байна. Энэ хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэднэ.
Одоо жагсаал хийгээд М.Энхболд, У.Хүрэлсүхийг огцруулж хаячихаад дараагаар нь бүх зүйл сайхан болчихно гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. У.Хүрэлсүхийн, “Би сэлмээ сугалчихсан. Толгойг нь цавчаад явна” гэж хэлж байгаа нь зөв юм шиг хүмүүст таалагдаж байгаа боловч тэгж чадахгүй байна. Засгийн газраа авч үлдсэнээс хойш сар гаруй болчихлоо. Тэгээд нэг ч толгой цавчаагүй л байна шүү дээ. Тэгэхээр аль нэг нь ингэж дангаараа тойрч яваад өөрөө нэр хүнд олохын тулд, өөрөө оноо авахын тулд ингэж хашгирснаар үр дүнд хүрэхгүй. Маш олон зүйлийг өөрчлөх ёстой.
Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой гэдэг дээр би санал нийлж байгаа. Гэхдээ яаруу сандруу, ганц нам дангаараа төрийн эрх барьж байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэвэл өөрсдөдөө зориулсан л өөрчлөлт оруулна. Тэгэхээр ингэж болохгүй. Үндсэн хуульд ямар өөрчлөлт орох вэ гэдгийг ард түмнээрээ хэлэлцүүлэх ёстой. Гэтэл Үндсэн хууль дахь засаглалын хэлбэрийг өөрчлөх үү, үгүй юү гэдэг бас нэгэн том бий. Харин улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулна гэвэл тэр нь маш зүйтэй. Яагаад гэхээр өнөөдөр албан тушаалыг, эрх мэдлийг мөнгөөр худалдаж авдаг болоод, тэнд очсон хүмүүс нь өгсөн мөнгөө эргүүлж авдаг тогтолцоотой болсон. Энэ бүхний эхлэл нь Улс төрийн намуудын тухай хууль. Намгүйгээр төрийн эрх мэдлийг тэгш хуваарилах боломж дэлхий дээр өнөөдөр байхгүй байна. Тэгэхээр Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахын тулд одоогийн улс төрийн намуудыг тараах хэрэгтэй болж байгаа юм. Тараагаад шинээр зохион байгуулалтад оруулах хэрэгтэй. Тэгж байж улс төрийн намууд ямар байх ёстой вэ гэдгийг хуулиар тогтоож өгөх ёстой.
Нам гишүүдийнхээ татвараар амьдарна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Ардчилсан орны ихэнхи нь намын санхүүжилт ард түмэнд ил байх ёстой байдаг. Тэр санхүүжилтийг төрөөс өгдөг байх ёстой. Мэдээж, ямар намыг төрөөс санхүүжүүлэх ёстой юм гэдэг жишиг тогтоох ёстой. Төрөөс санхүүжилт авч байгаа нам бол ард түмний мөнгийг шилэн дансаар зарцуулна, эргээд тайлагнана, хөрөнгө мөнгөтэй хүмүүсээс хандив тусламж хүсээд байх шаардлагагүй болно. Өөрчлөлтийг дандаа хагас дутуу хийгээд байгаа юм. Би нэг удаа Д.Чойжамц хамбатай ярилцаж байсан юм. Тэрбээр, “Буддын сургаальд бол хоёр төрлийн хувьсгал хийж байж сайн сайхан амьдардаг гэж үздэг. Нэг нь ахуйн хувьсгал. Нөгөө нь оюун санааны буюу соёлын хувьсгал” гэж хэлсэн. Ахуйн хувьсгал гэдэг нь хүмүүс ядраад мөнгө, ажлын байр хэрэгтэй болох үед нь хийсэн хувьсгал. Ахуйн хувьсгалыг жагсаал цуглаан хийгээд, “ханаа хусч хаяад” хийчихэж болдог юм байна. Үүнийхээ араас оюун санаанд нь хувьсгал хийхгүй бол явдаггүй юм байна л даа. Хийсэн ахуйн өөрчлөлтдөө тэнцэж чаддаггүй. Одоо манайхан яг тэр болж байна. Ахуйн хувьсгалаа хийчихсэн. Оюун санааны хувьсгал хийгээгүй.
-Оюун санааны хувьсгалыг хийж чадах юм болов уу?
-Оюун санааны хувьсгал хийх их төвөгтэй юм шиг байгаа юм. Хамгийн хялбар арга нь шашнаар хийх ёстой гэдэг, улс болгоны түүхийг харахад. Монголд жинхэнэ шашин алга байна. Бид шашнаа 30 хэдэн оны үед устгаад хаячихсан. Одоо дандаа хуурамч, олонх нь шашныг мөнгө олох арга хэрэгсэл болгочихсон. Энэ лам хуварга дотор чинь хулгайч, худалч, хүчиндэгч байна. Тэгэхээр тэдэнд итгэх үнэмшил төрөхгүй байна л даа. Гэсэн ч хөрс, суурийг нь тавих л ёстой. Яахав, бид бага багаар урагшилж байгаа. Гэхдээ л хар масс их байна. Хар массын өөгшүүлдэг дарга нартай байна л даа.
-Эрх чөлөө зохьдоггүй ард түмэн гэж байдаг юм болов уу?
-Эрх чөлөө гэдгийг ямар утгааар хэлж байна вэ гэдгээс л хамаарна л даа. Эрх чөлөө олон янз бий. Хөрөнгийн, үг хэлэх, хэвлэн нийтлэх, бизнес эрхлэх эрх чөлөө гэх мэт. Одоо улс төрийн намууд ямар ч үзэл баримтлалгүй байгаа. Яагаад гэхээр намд бүртгүүлэхийн тулд мөрийн хөтөлбртэй байна л гэж бичсэн болохоос үзэл баримтлал гэдэг үг байдаггүй. Ирээдүйд энэ нам юу хийх гэж зүтгэж байгаа нь тодорхойгүй байна. АН сая үзэл баримтлалаа шинээр баталсан. Үүнд “Эрх чөлөө” гэсэн тусдаа бүлэг бий. Энэ дотор бүх эрх чөлөөг тус, тусад нь заачихсан байгаа.
Эрх чөлөөг бүх салбарт олгочихоор өнөөх анарх гэдэг нь болоод явчихдаг. Тэгэхээр хязгаартай байх ёстой. Ардчиллын алтан дүрэм бий шүү дээ. Таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байх ёстой гэж. Жишээ нь, сая Л.Болд, Ж.Батзандан хоёрт намаас арга хэмжээ авсны төлөө “Нөгөө эрх чөлөөт нийгэм чинь хаана байна, энэ бол коммунизм” гэх мэтээр шүүмжлээд байна. Тэд ардчиллын алтан зарчмаа мэдэхгүй байна. Хэрэв улстөрийн нам гэж байгаа бол тоглоомын дүрэмтэй байх ёстой. Дүрмээ баримтлахгүй юм бол нам гэж байх хэрэггүй. Намын дүрэмд, намын олонхиор гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн тохиолдолд хариуцлага тооцох заалтууд бий. Энэ чинь бүр хамгийн том зөрчил шүү дээ. Нам нь олонхиороо Засгийн газрыг огцрууулах ёстой гээд шийдвэр гаргачихаад байхад огцруулахгүй гээд эсрэг дарж байна гэдэг нам байсны ямар ч хэрэг байхгүй болчихож байгаа юм. Цөөнхөө хүндэтгэж сонсдог, гэхдээ олонхийнхоо шийдвэрийг дагадаг нь ардчиллын зарчим. Тэнэг хүн ч ойлгохоор зарчим. Л.Болд, Ж.Батзандан хоёрт авсан арга хэмжээ бол байх л ёстой, улс төрийн намын хийх л ёстой зүйл. УИХ-ын гишүүн болчихсон хойноо “Нам надад хамаагүй” гэж байгаа бол энэ чинь эрх чөлөө биш. Тэгэхээр тодорхой зааг, хязгаар байх ёстой.
-Зарим нэг учир мэдэх хүний хэлж байгаагаар монголчуудад энэ ардчилсан тогтолцоого социализмын зарим элементтэй хольж явах ёстой ч гэх юм?
-Тийм. Яагаад гэхээр эрх чөлөөтэй байх гэдэг чинь монголчуудын геннд байгаа. Тэгэхээр манайхан эрх чөлөөгөө хэтрүүлчихсэн. Тэгэхээр ерөнхийдөө нэг тийм дэглэм бол хэрэгтэй.
-Тодорхой хэмжээний дэглэм бий болгох эрх мэдэл энэ улстөрийн хоёр том хүчинд л байна. Энэ хоёр хүчин тийм зүйл хүсч байгаа юм уу?
- Одоо хүсч л таарна. Ингэж дураар нь дургиулаад байхыг хэн нь ч хүсэхгүй л байгаа шүү дээ.
Бохь зажилдаг, боов иддэг, өмдөө тайлдаг хүмүүс УИХ-д хэрэггүй
-Та өмнө нь ярилаа л даа. Жагсаал цуглаанд уриалаад байгаа хүмүүст би сайныг ч, мууг ч өгч чадахгүй байна гэж. Тэгэхээр жагсаал, цуглааныг, өөрчлөлтийг хийхэд нэг лидер хэрэгтэй байх нь. Энэ тогтолцоон дээр лидер гарч ирэх боломжтой юм уу?
-Байхгүй. Бид М.Энхболдыг унагаад оронд нь дахиад нэг М.Энхболд тавина. У.Хүрэлсүхийг “хусч” хаяад дахиад нэг У.Хүрэлсүх тавина. Магадгүй У.Хүрэлсүхээс долоон дор У.Хүрэлсүх тавьж болно. Тэгэхээр яг энэ мөчид ямар ч өөрчлөлт байхгүй, хийж чадахгүй. Лидер ч гарч ирэхгүй. Тэгэхээр бид яаж ийж салгалж байгаад 2020 оны сонгууль хүргэхээс өөр арга байхгүй. Хэрэв өөрчлөлт хийнэ гэвэл 2020 оны сонгууль л шийднэ. Тэгэхээр өөрчлөлт хийж чадах уу үгүй юу гэдгийг эрх баригчид биш, сонгогчид шийдэх болчихоод байна. Энэ чигээрээ бид өөрчлөлт хийж чадахгүй.
УИХ-ын гишүүд ямар хүмүүс байх ёстой вэ гэдэг нь одоо харагдаж байна шүү дээ. Бохь зажилдаг, боов иддэг, өмдөө тайлдаг хүмүүс байж болохгүй нь байна гэдгийг хүмүүс маш сайн ойлголоо шүү дээ. УИХ-ын гишүүдийн дор хаяж тал хувь нь хуульч хүн байх ёстой. Тэгээд үлдсэн 30 хувь нь эдийн засагч, үлдсэн цөөхөн хэд нь инженер, эмч, багш гэх мэт гол чухал мэргэжлийн хүмүүс байх ёстой. Одоо манай УИХ-ын гишүүдийн 70-80 хувь нь бизнесүүд байгаа биз дээ. Тэд чинь өөртөө ашигтай шийдвэр гаргахыг, намдаа оруулсан хөрөнгөө гаргаж авахыг бодно. Ямар сайндаа л банкнаас мөнгө аваад ЖДҮХС-гаар оруулж үржүүлээд, өөрийнхөө компанид давуу эрх олгоод сууж байх вэ дээ. Энэ чинь нөгөө намдаа төлсөн мөнгөө л олж авах гээд байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр өөрчлөлт бол хэн нэгэн лидерийн ч хийх ажил биш, энэ УИХ-ын ч биш, нийт сонгогчдын л хийх ажил. Ойрын хэдэн жилдээ үүнийг зугуухан л хийнэ. Авлигыг ойрын хугацаанд зогсоочих юм бол маш их дэвшил гарна. Улс мөнгөтэй болно гэсэн үг. Монгол авлигатай тэмцэнэ гээд хашгираад л байдаг болохоос ямар ч тэмцэх сонирхолгүй улс шүү дээ. Авлигаас хамгийн богино хугацаанд салсон ХонКонг, Сингапур арав гаруй жил зүтгэж байж авлигаас салсан.
-Яаж салсан байдаг юм?
-ХонКонгийн АТГ-ын дарга байсан нөхөр 2000 оны эхээр бил үү дээ, Монголд ирж ажилласан. АТГ-ын дэргэд жил гаруйн хугацаанд зөвлөхөөр ажиллаад буцахдаа, “Монгол бол авлигаас салах сонирхолгүй юм байна” гэж хэлээд буцсан байхгүй юу. Хонгконг хамгийн их авлигатай улс байсан. Авлигаас хэрхэн салсан гэхээр, эхлээд ганцхан цагдааг цэвэрлэсэн байгаа юм. Цагдаа нь шударга ажиллаад ирэхээр авлига аяндаа цэгцэрдэг юм байна л даа.
-Монголд ер нь АТГ-ын хэрэг байна уу?
-Ор хэрэггүй гэхэд хаашаа юм. АТГ байж байж л хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. АТГ дангаараа авлигатай тэмцэж хүчрэхгүй байна. Хэргээ шалгаад прокурор руу явуулдаг. Прокурор ихэнхийг нь буцаачихдаг. Арай гэж прокурорын босго даваад шүүх дээр очино, шүүх дээр “зүгээр болгоод” буцаачихдаг. Тэгэхээр энэ системээр нь солино гэдэг зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Ерөнхийлөгч “Системээ өөрчилье” гэснийг хүмүүс ойлгохдоо энэ Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гээд байна гэдэгт утгаар нь хараад байна. Х.Баттулга тийм өөрчлөлт яриагүй юм шүү дээ. Салбар, салбарт нь бүтэн өөрчлөлт хийх ёстойг л хэлсэн.
-Та эрүүл мэндийн салбартаа сайдаар очоод юу хийсэн бэ?
-Би юу ч хийж амжаагүй шүү дээ. Гэхдээ ингэж хэлэхэд бас хэцүү. Манай нам маш их зүйл хийсэн. 1996-2000 оны хоорондхи энэ дөрвөн жилд ганц эрүүл мэндийн биш, бүх салбарт суурь өөрчлөлтүүдийг хийсэн. Миний үед Хөдөлмөрийн хуулийг шинээр батлуулсан. Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт хийсэн. Харамсалтай нь өнөөдөр хэрэгжиж чадсангүй. 1960 оноос хойш төрсөн хүмүүс тэтгэвэрт гарахад хуримтлал нь өчнөөн олон зуун сая төгрөг болчихсон байх ёстой. Түүнийгээ шууд аваад хэрэглэж болно гэх мэтчилэнгээр өндөр хөгжилтэй орнуудын жишгийн хууль байсан. Халамжийн төрөлжсөн хуулийг өөрчилсөн гэх мэт ажлууд бол бий. Гэхдээ яг бодлогын дорвитой өөрчлөлт хйиж чадаагүй. Яагаад гэхээр манай Засгийн газрыг гурван сар ажиллуулаад л огцруулчихсан. Тэгээд үүрэг гүйцэтгэгчээр жил явсан. Үүрэг гүйцэтгэгч гэдэг бол маргааш, магадгүй, өнөөдөр ч огцорч магадгүй гээд ажил хийх боломжгүй болчихдог. Ганц би биш, манай Засгийн газар тэр чигтээ ажил хийх боломжгүй болчихсон байсан үе л дээ.
-Та бүхэн ардчилсан хувьсгалыг цус урсгалгүйгээр хийсэн. Гэхдээ л таныг үүнээс болж аавын хаалга хүртэл татах дээрээ хүртэл тулсан гэдэг?
-Би чинь 1990 оноос хойш олон удаа баривчлагдсан шүү дээ. Байсгээд л цагдаа дууддаг, байсгээд л баривчлагддаг байлаа. Би сэтгүүлч байсан, нөгөө талаас мэдээлэлд ойр байсан. Мэдээллийг олж авах боломж надад бусад сэтгүүлчээс арай илүү байсан л даа. Яагаад гэхээр төрийн дээд алба хашиж байгаа нөхдүүдийг би бүгдийг нь танина, мэднэ. Хэнд очиж ярьвал энэ талаар сонин дээр гайгүй зүйл гаргах бол гэдгийг цаад нөхөд ч мэднэ. Тэр утгаараа хэн, ямар замаар мөнгө хааш нь урсгав гэдэг мэдээлэл их ирдэг байлаа. Түүнийг бичсэний дараа намайг айлгах, надаас хариугаа авах гэх мэтээр янз бүрийн зорилготой сүрдүүлэг ирсэн. “Өдрийн сонин”-д ажиллаж байхдаа гурван ч удаа баривчлагдаж байсан. Эхнийх нь тракторын жагсаалыг зохион байгуулахад оролцсон гэж. Барих шалтгаан байгаагүй учраас хотын дүрэм зөрчиж, талбай дээр машинтай явсан гэдэг зүйлчлэлээр намайг баривчлаад, машиныг маань хурааж, машин барих эрхийг нэг жилээр хасаад шийтгэж байсан.
Түүний дараагаар Ц.Шаравдорж УИХ-д Дорноговиос нэр дэвшсэн. Тэр гэнэт баяжаад “Гандирс” компаниа байгуулчихсан байсан үе. Тэгж байтал “Гандирс” нэртэй архи худалдаанд гарлаа. Архины шошгыг маш олон сая төгрөгөөр бөөнөөр нь авчихсан тухай мэдээллийг би татварын газраас авсан. Монголд жилд хийдэг архинаас илүү хэмжээний шошгыг бөөнөөр нь худалдаад авчихсан байсан. “Хэн үүнийг авчихав?” гээд хөөгөөд яваад байсан чинь шошгыг “Нарантуул” зах дээр зардаг тусгай хүмүүс байдаг юм байна. Тэдний цаана “Нарантуул”-ын цагдаа байх жишээтэй. Тэр шошгыг хааш нь дамжуулсан байна вэ гээд хайтал “Гандирс” гэдэг хямд үнэтэй архи үйлдвэрлэж маш их хэмжээгээр зарсан, түүн дээр наасан байдаг юм. Сонгуулийн үеэр үүнийг бичсэнийг ч хэлэх үү нэлээн шуугиан дэгдээлээ. Ц.Шаравдорж тэр үед Хуульзүйн байнгын хорооны дарга байсан юм.
Нэг өглөө эрт гэрээсээ гараад явж байтал хоёр булиа залуу гэнэтхэн хүрч ирээд гараашийн үүднээс намайг бариад авсан. Бөөн ноцолдоон болоод, сүүлдээ жолоочоо дуудлаа, гурван булиа залуу боллоо. Тэгж, тэгж намайг машиндаа чихэж аваад мөрдөн байцаах газар руу авч явсан. Нөгөө гурав чинь замдаа нэг жижүүрээ дуудаж гаргаж ирээд дөрвүүл болж аваад намайг машинаас хэмх өшиглөөд л гаргачихлаа (инээв). Тэгээд дөрвөн мөчнөөс маань чирээд талбай дээгүүр чирээд л явлаа. Өглөө эрт байсан учир, хүн ч тааралддаггүй. Тэгсэн нэг залуухан хос явж байна. “Намайг барилаа гээд Ардчилсан намд хэлээрэй” гээд л хашгирсан. Утсыг маань ч хураагаад авчихлаа. Дотогш нь чирээд орууллаа. Би чинь чихрийн шижинтэй хүнтэй, амьсгаадаад уур хүрснээсээ болоод сахар нэмэгдчихсэн. Мөрдөн байцаагч нь нэг бүсгүй сууж байна. Би ч “Та нар намайг ямар хэргээр барьж байгаа юм. Би хэлэх юмаа хэлье. Гол нь миний утсыг өгчих, би үхэхээсээ өмнө гэр рүүгээ ярьж хэлье” л гэлээ. Өгдөггүй шүү. “За тэгвэл би дэргэд чинь үхье. Дараа нь чи хариуцлагыг нь хүлээнэ шүү. Тэр Ганбаяр начин яаж үхлээ, яг тэрэн шиг юм болно шүү” гэсэн. Нөгөөх чинь эргэлзэж, эргэлзэж байгаад утсыг маань өгсөн. Гэр рүүгээ яриад дөнгөж хэлж амжсан, утсыг маань ч булаагаад авчихлаа. Удалгүй түргэний хоёр тэрэг хүрээд ирлээ, үзсэн чинь сахар 30 гараад явчихсан, шоконд орох гэж байсан юм билээ. Түргэний эмч, “Та нар тэр ял малаа дараа нь хэлэлц. Бид ямар ч байсан энэ хүнээ амьд байхад нь авч явлаа” гээд сэхээнд хэвтүүлсэн. Хэд хоног сэхээнд хэвтээд гарангуутаа “Гандирс”-аа хаямааргүй санагдаад болдоггүй. Хууль уншлаа. Зар сурталчилгааны хуульд аж ахуйн нэгжийн нэрийг өгөхдөө өмнө нь бүртгэсэн нэр өгч болохгүй, тэр байтугай хүмүүсийг төөрөгдүүлэх адил төстэй нэр байж ч болохгүй гэсэн заалт байсан. Ц.Шаравдорж болохоор “Энэ миний “Гандирс” биш” гээд телевизээр хэвлэлийн бага хурал хийсэн. Ингээд хөөцөлдөөд яваад байсан чинь өнөөх “Гандирс” чинь татан буугдсан ХОТШ банкин дотор үйл ажиллагаа явуулдаг архины үйлдвэр болж таарсан. Тэр нь Хан-Уул дүүргийн мэдлийн хөрөнгө. Хан-Уулын татварынхан дээр яваад ортол бүгдээрээ “Мэдэхгүй” л гээд байлаа. Тэгж байтал ашгүй нэг нөхөр надтай сэмхэн уулзсанаа, “Наадах чинь Загдсүрэн, Шаравдорж хоёрын үйлдвэр” гээд хэлж байгаа юм. Тэр хоёр тухайн үед казиногийн хууль санаачилчихсан, Морингийн даваанд казино байгуулна гээд маш том газар авчихсан байсан юм. Тэрэндээ л хөрөнгө босгосон шиг байгаа юм. Би түүнийг нь дэлгэж тавиад хэвлэлийн бага хурал хийлээ. Ингээд Ц.Шаравдорж сонгуульд ялж чадаагүй, намайг дахиж цагдаад ч өгөөгүй таг чиг болсон. Ц.Шаравдоржийг ч шалгаагүй.
Сүүлд нь Д.Оюунхоролоос болж бас нэг баригдсан юм. Д.Оюунхорол чинь энэ “Отгонтэнгэр” дээд сургуулийг хуль бусаар авсан байхгүй юу. АНУ-д хэлний дамжаа төгссөн 18-тай хүү англи хэлний дамжаа байгуулсан. Дээд боловсролгүй, англи хэл сайтай. Тэр үед англи хэлний курс бараг байхгүй шахам байсан. Маш олон хүн бүртгүүлж, их сайн явсан. Тэрийг зохион байгуулах хэрэгтэй болонгуут Д.Оюунхорол энэ сургууль дотор байр түрээсэлсэн. Тэгээд нөгөө хүүтэй уулзаад, “Эгч нь энийг чинь зохион байгуулаад өгье. Чи намайг хичээлийн эрхлэгчээр аваад цалинжуулаад яв. Цугласан мөнгөө эргүүлэхийн тулд чи хөдөөгүүр явж ноолуур цуглуул. Намар ноолуураа тушаагаад их мөнгөтэй болно. Шинэ сургууль барья” гэхээр нь нөгөө хүү итгээд мөнгөө өвөртөлж аваад хөдөө явчихсан. Д.Оюунхоролд бүх юмаа даатгаад явчихаад ирсэн чинь нөгөөх нь Хууль зүйн яаманд бүртгүүлчихсэн, “Отгонтэнгэр” дээд сургуулийн эзэн нь Д.Оюунхорол болчихсон байсан. Тэгээд нөгөө залуу чинь ээжтэйгээ хоёулаа хөөцөлдөөд, “Яагаад ингэж байгаа юм. Энэ манай өөрийн сургууль” гэсэн ч тэр үеийн хуулиар “Дээд сургууль байгуулагч нь өөрөө дээд боловсролтой хүн байх ёстой, чи дээд боловсролгүй учраас танай хичээлийн эрхлэгч дээр үүнийг бүртгэсэн юм” гээд болоогүй. Нөгөө хүү хэчнээн хөөцөлдөөд ямар ч нэмэр болоогүй, ялагдчихсан. Ингэж “Отгонтэнгэр” Д.Оюунхоролын сургууль болчихсон. Би түүнийг нь бичсэн юм. Д.Оюунхоролын их ойрын хүн нь надад үүнийг ярьж өгсөн. Ингээд би цагдаад “УИХ-ын гишүүнийг гүтгэсэн” хэргээр дахиад баривчлагдсан. Нэг хоног хоригдсон. Шүүх хурал боллоо. Би хэрэгтэн, бусад нь дандаа, хуульч өмгөөлөгч нар. “Та нар бүгдээрээ хуульч хүмүүс юм байна. Тэгэхээр өөрсдийнхөө эсрэг шийдвэр гаргахгүй нь тодорхой. Би энд суух нь илүүц юм байна” гэж хэлээд би орхиод яваад өгсөн. Зургаан сарын дараа надад шүүхийн шийдвэрийн хуудас ирлээ. Д.Оюунхоролыг гүтгэсэн учраас хэвлэлээр дамжуулж уучлалт гуйх, хэдэн төгрөг төлөх ч билээ нэг шийдвэр гарчихаж. “Би энэ шийдвэрийг давж заалдах байсан шүү дээ. Надад яагаад хэлээгүй юм гэтэл “Хэлсэн л байх ёстой” гээд өнгөрсөн. 14 хоногийн дотор давж заалдах ёстой байхад зургаан сарын дараа шийдвэр нь ирсэн (инээв). Тэгээд би мөнгө ч төлөөгүй, залруулга ч гаргаагүй. Тэд ч хойноос хөөцөлдөөгүй.
-Сүүлийн асуулт. Та одоо юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Саяхан намаас надад нэг даалгавар өгсөн. Ирэх арваннэгдүгээр сард ардчиллын 30 жилийн ой болно. 30 жил гэдэг бол их хугацаа. Ардчилсан нам юу хийсэн бэ гэдгээ ард түмэндээ тайлагнах хугацаа. Үүнд зориулаад АН хийсэн ажлаа, бодлогоо, яг юу хийсэн юм, юун дээрээ алдсан юм гэдгээ бүгдийг нь тавьсан тайлан илтгэл гэж хэлж болохоор таван боть ном гаргах юм. Нэгдүгээр ботид 1990-2000 он хүртэлх хэсгийг өгүүлнэ. Энэ бол жинхэнэ шилжилтийн үе. Хоёрдугаар боть нь 2000 оноос өнөөдрийг хүртэлх үе байна. Энэ улс орон болохгүй болчихсоны бурууг манай АН хүлээлцэх ёстой. Бидэн дотор бас олон муухай зүйл бий. Түүнийг нь ч гэсэн гаргасан тийм хоёрдугаар боть ном гаргах юм. Тэр нь редакторлах хүмүүстээ таалагдах эсэхийг би мэдэхгүй. Би ямар ч байсан өөрийнхөө бодож байгаагаар л бичнэ. Үлдсэн гурван ботийн нэг нь нийслэлийн АН-ын түүх, нөгөө хоёр нь 21 аймгийн Ардчиллын түүх бичигдэнэ. Ингээд дараа нь 2020 оны сонгуульдаа бэлдэх ажил байна.
-Танд баярлалаа.
Х.Хулан
Эх сурвалж: “АРДЧИЛАЛ ТАЙМС” СОНИН
URL: