“Тамирчны хөдөлмөрийг шүүх нь хариуцлагатай ажил”
Жил бүр спортын шилдгүүдийг шалгаруулдаг “Бөртэ Чоно-2018” наадмын шилдэг шүүгчээр шалгарсан жүдо бөхийн олон улсын А зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэгийг “Өөр зочин” булангийн зочноор урьж ярилцсан юм. Тэрээр Улаанбаатар хотод мэндэлсэн ч аав ээжийнхээ төрсөн нутаг Увсаар овоглож явдаг ажээ.
-Танд шинэ оны мэнд хүргэе. Та “Бөртэ Чоно-2018” наадмын шилдэг шүүгчээр шалгарсанд баяр хүргэе. Шагналаа авч байхад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Өөрийгөө энэ нэр хүндтэй шагналыг авна гэж огт бодоогүй. Учир нь энэ номинацид нэр дэвшсэн олон өрсөлдөгч байсан. Гэнэт дуудаад энэ шагналыг гардуулахад зүрх дэлсээд, баярлаад ч байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм байна лээ.
Би багаасаа спорттой холбоотой явж ирсэн болохоор “Бөртэ Чоно” шагналыг үргэлж спортын мундагууд авч байхыг зурагтаар хараад ямар гоё юм бэ. Ямар мундагууд нь энэ шагналыг авч байна гэж хардаг байсан. Харин “Бөртэ Чоно”-д нэр дэвшээд тэр шилдгүүдтэй хамт суусан. Тиймээс энэ наадамд анх удаа орж, шагнал авсан их сайхан санагдсан шүү. /инээв/
-Тэмцээний шүүгчээр ажиллах их хариуцлагатай ажил шиг санагдсан. Энэ талаар шүүгч хүний хувьд та юү гэж хэлэх вэ?
-Тийм ээ. Би тэмцээнийг шүүхдээ дэвжээн дээр барилдаж байгаа ганцхан тамирчны хөдөлмөрийг шүүгээгүй гэж боддог. Учир нь тэр тамирчны цаана багш, дасгалжуулагч, найз нөхөд, хамт олон гээд олон хүний хөдөлмөр байдаг. Тиймээс буруу шүүчихгүй юмсан, ялагчийг зөв тодруулчих юмсан гэсэн зорилготой шүүдэг. Ер нь бол шүүгч хийнэ гэдэг тэмцээний үеэр бүх анхаарлаа төвлөрүүлэх, харааны хурд, мэдрэмж шаарддаг их хариуцлагатай ажил. Учир нь тэмцээний үеэр тухайн тамирчин ямар үйлдэл хийхийг хэн ч таашгүй. Гэхдээ тэмцээн шүүж байх үеэр надад юү үйлчилдгийг хэлж мэдэхгүй байна. Мэдрэмж байх гэж боддог.
-Анх хэзээ олон улсын тэмцээний шүүгчээр ажиллав?
-Анх 2017 онд Германд болсон жүдо бөхийн олон улсын Дюссельдорфийн Гранпри тэмцээнд шүүгчээр ажилласан. Тухайн үед яг бусад тэмцээнийг эх орондоо шүүдэг шигээ адилхан гэж бодоод гараад шүүсэн. Яг сайн санахгүй байна. Харин яасныг бүү мэд финалын тоглолтыг шүүх шүүгчээр тавьсан байсан. /инээв/
“Бөртэ Чоно-2018” наадмын үеэр.
-Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх хоёр ч барилдааныг та шүүсэн. Энэ талаар тухайн шүүгчийг хоёр алтан медальтай гэж үзэж болно гэж хэлсэн байсан?
-Тийм ээ. Шүүгч нь бас адилхан алт авч байна гэж үнэлэгддэг. Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх барилдааныг хүссэн хүн, орон бүрийн шүүгч гарч ирээд шүүхгүй байх аа. Аваргын төлөөх барилдааныг шүүх нь их хариуцлага, гэхдээ бүх барилдаан эвгүй л дээ. Тухайн зааланд 40-50 мянган хүн ирж үзнэ. Мэдээж энэ спортыг огт мэддэггүй хүн ирж үзэхгүй нь тодорхой. Гэхдээ энэ үед би ганцаараа, надаас өөр хэн ч байхгүй байгаа юм шиг анхаарлаа төвлөрүүлж шүүдэг дээ.
-Тэмцээнийг шүүх үеэр дэмждэг бөх чинь гарч ирээд барилдахад түрүүлчихээсэй гэж бодох үе байдаг уу?
-Мэдэхгүй. Бүгд л адилхан хөдөлмөрлөж байгаа учраас надад тийм онцолсон тамирчин байдаггүй. Бүгд адилхан учраас цагаан, цэнхэр гээд шүүчихдэг. Харин Японы тамирчдын барилдааныг шүүх дуртай. Учир нь тэдний барьц, хөдөлгөөн, техник уран классик, мэдрэмжтэй гоё барилддаг. Үүгээрээ ч барилдааныг нь шүүхэд хүндрэлгүй урамтай. Харин ОХУ-ын тамирчид муу санаа гаргаж барилддаг. Тухайлбал, тактик, жүжиглэлт, бааш гаргах нь эвгүй. Гэсэн ч энэ бүхнийг шүүнэ. Мөн тэмцээний үеэр байнгын өөртэйгөө ярьж шүүнэ. Тэгээд энэ үедээ алдаа гаргачихаад бууж ирэх их хэцүү байдаг. Үүнийг шүүгч хүн л ойлгоно. Шүүгчийн буруугаас болж тухайн тамирчин ялагдах шүүгч хүнд их хүнд тусдаг. Гэхдээ одоо буруу шүүлт гэж их гарахаа больсон доо. Камераар үйл явцыг тал талаас нь харна. Дээрээс нь биднийг ахалж байгаа шүүгч нар байна. Мөн хамтран ажиллаж байгаа хоёр шүүгч байгаа учраас буруу шүүлт гаргах боломж бага. Дэвжээний шүүгч хүнд дагаж мөрдөх ёс журам гэж бий. Тэмцээний үеэр камераа таглаад шүүж болохгүй, үйл хөдлөлөө хянана. Тамирчдаа дагах өнцгийг хүртэл заасан байдаг гэх мэтээр нарийн яривал их зүйл бий дээ.
-Өөрт чинь шүүхэд хэцүү, өрсөлдөгч тамирчны нэгэнд нь ялалт заахад бэрхшээлтэй үе гарч байв уу?
-Байлгүй яахав. Тухайлбал, сая Мастерс тэмцээний үеэр Кубын олимпийн олон удаагийн аварга бөх алтан медалийн төлөө барилдсан тэмцээнийг шүүх их хүндрэлтэй байсан. Учир нь өрсөлдөгчтэйгөө ижил төвшний, барилдах техник нь ижилхэн. Тиймээс алдаа гаргахгүй, хоёр тамирчин хүч тэнцүү болоод л алтан оноо үнэлгээ авах барилдаан хийнэ шүү дээ. Ер нь үндсэн дөрвөн минутдаа амжаагүй, сунжирсан барилдаан тамирчинд ч, шүүгчдээ ч их хүнд байдаг. Ийм алтан оноогоор үнэлэгдсэн барилдаан олон шүү.
-Олон улсын тэмцээний шүүгчээр ажиллах зардлыг хаанаас гаргадаг юм бэ?
-Олон улсын тэмцээнийг шүүх шүүгчийн бүх зардлыг Олон улсын жүдо бөхийн холбооноос даадаг болохоор зардал мөнгөний хувьд асуудал багатай. Хэрэв би өөрөө зардлаа гаргаж шүүдэг байсан бол надад хэцүү байх байсан байх. Манай тамирчид санхүүгийн асуудалгүй байсан бол амжилт гаргахад амархан байна. Хөрөнгө мөнгөгүйн улмаас залуу тамирчид зэврээд дуусч байна. Тамирчин хүн 10 жилийн дотор амжилт гаргаж чадахгүй бол харамсалтай шүү дээ. Учир нь спорт бол залуу насных шүү дээ. Би нас 50 гараад ирэхээр шүүгчээ хийгээд явахгүй байх. Гэхдээ дасгалжуулагчаа хийгээд нэлээд олон олимпийн медальтан төрүүлчихсэн байх болов уу. Мөн олон улсын шүүгч болохыг хүссэн хүүхэд ирвэл заахаас татгалзахгүй. Тийм ганц нэг хүүхэд байгаа гэхдээ нас нь арай болоогүй байна.
-Та олон улсын шүүгчээр хэдэн жил ажиллаж байна вэ. Ойрын хугацаанд олон улсын тэмцээн шүүх үү?
-Би олон улсын шүүгчээр 12 жил ажиллаж байна. Энэ сарын 25-27-нд Израйльд, ирэх сарын 8-10-нд Францад болох тэмцээнийг шүүхээр явах гэж байна.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Олон зорилго байна. Тухайлбал, олимпийн тэмцээнийг шүүмээр байна. Тамирчдаа тив, дэлхийн тэмцээн, олимпоос медаль авахуулмаар байна. Гэр бүлийн зүгээс хүүхэдтэй болмоор байна. /инээв/.
Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө зүтгэж яваа түүний талаар шавь нарынх нь нэг спортын дэд мастер цолтой Б.Сүхбат “Би багшийгаа миний ээж гэж хамгийн сайхнаар тодорхойлно. Учир нь энэ хүн миний гаргасан алдаа оноо, амжилт гаргах бүрт намайг зэмлэж, магтан урамшуулдаг. Түүнчлэн надад бүх юмыг зааж, нээлттэй харилцдаг, миний хувьд цорын ганц сайн багш, сайн шүүгч” гэж хэлсэн юм. Тэрээр “Бэлтгэлээ сайн хийж, олон улсын тэмцээнд амжилттай оролцсоноор багшийнхаа ачийг хариулна” гэж боддог гэсэн юм. Ийнхүү жүдогийн тамирчнаас олон улсын шүүгч болсон түүнд шинэ оны босгон дээр Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Алтангадас” одонгоор шагнажээ. Т.Энхцэцэгт цаашдаа улам их амжилт гаргаж, олимпийн тэмцээн шүүхийг хүсэн ерөөе.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: