МУИС-ийн доктор Ч.Сономдагва оны өмнө “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө сэтгэл сэртхийлгэм баримтуудыг хэлсэн юм. Хэдийгээр агаарын бохирдол, утааны талаар сэтгэл эмзэглэж явдаг ч түүний ярьсныг уншсаны дараа үр хүүхдийнхээ ирээдүй, эрүүл мэндээр тоглон байж энэ дөрвөн уулын дунд шигдэн үлдэх хэрэг байна уу гэж анх удаа бодож билээ. Түүний ажилладаг баг хамт олон 2005 оноос Улаанбаатар хотын агаарын бохирдлын судалгааг тасралтгүй хийж ирсэн байна. Сүүлийн гурван жил гэхэд 10 секунд тутамд хэмжигдсэн дөрвөн сая дата мэдээлэл цугларсныг хэлсэн байдаг. Агаарын бохирдлоос үүдэлтэй одоогийн илэрч байгаа ханиад, хатгаа гэсэн сөрөг нөлөөллүүд зөвхөн өнгөн хэсэг. 10-20 жилийн дараа янз бүрийн хүнд хэлбэрийн өвчлөлүүд үүсэх вий гэдгээс санаа зовж байгаагаа тэд хэлсэн нь хамгийн аймшигтай нь байв. Өөрөөр хэлбэл, үнэнтэй эвлэрээд нүдээ аниад, хамраа чимхээд, хаалга, цонхоо хаагаад суугаад байж яавч болохгүй нь.
Улаанбаатарын агаарт 16 төрлийн хортой элемент байна
Агаарын бохирдолд утаанаас гадна түүнд агуулагдаж байгаа тоосонцор буюу PM 2.5, PM 10 гэсэн бохирдол бий. Одоо бол дэлхий нийтэд агаарын бохирдлын гол үзүүлэлтийг PM 2.5-аар хэмжиж байна. ДЭМБ-ын зөвлөмж 25 микрограмм мкуб байдаг бол манайх зөвшөөрөгдөх хэмжээнээс 130 дахин их гэж саяхан мэдээллээ. Тиймээс хүн амьсгалаараа шүүх боломжгүй, эсэргүүцэх чадвар багатай маш олон төрлийн хорт бодис агуулдаг тоосонцрыг судлахад МУИС-ийн багш нар голлон анхаарлаа хандуулж ажиллаж байгаа аж. PM 2.5 тоосонцор нь бидний уушги, цус руу шууд орж байдаг гэнэ. Тэд Японы Каназава их сургуультай хамтран судалгаа хийжээ. Ингээд тус улсад тоосонцрын найрлагыг судалж үзэхээр цагаан өнгийн филтер хийхэд 14 хоногт анализ хийж болохоор буюу саарал өнгөтэй болсон байж. Гэтэл Улаанбаатар хотод ердөө 12 цаг болоход тас хар өнгөтэй болж, 24 цаг болоход дүүрээд багаж нь автоматаар зогсчээ. Энэ бол МИУС-ийн ажлын өрөөнд хийсэн туршилт. Тэгвэл гадаад орчинд хийвэл юу болох нь дэндүү тодорхой байна. 12 цаг соруулахад цагаан филтер тас хар өнгөтэй болсон. Гэхдээ их сургуулийн ажлын өрөөнд хийсэн туршилт шүү дээ. Түүнчлэн Улаанбаатарын агаар дахь тоосонцорт хүнд элементийн бохирдол их байгааг тогтоожээ. Товчхондоо маш хортой 16 төрлийн үнэрт ус төрөгч Улаанбаатарын бүх цэгээс илэрсэн байна. Энэ 16 элемент бол НҮБ-ын хүний эрүүл мэндэд хортой жагсаалтад багтдаг бөгөөд химийн хүнд үйлдвэрээс илэрдэг аж. Гэтэл манайд зөвхөн агаарын бохирдлоос илрэхдээ Азийн бусад орнуудаас 20-30 дахин өндөр агууламжтай байгаа гэсэн судлаачийн яриа өөрийн эрхгүй айдас төрүүлэв. Бидний амьсгалж буй тоосонцрын найрлага дахь хар тугалга, цайр, никель гэсэн хүнд элемент нь хавдар, удамшлын өвчлөл авчирдаг гэдгийг хэн ч ойлгохтойгоо билээ.
2005 онд бохирдол 2-3 дахин их байсан бол одоо 50-100 дахин ихэсчээ
2005, 2006 онд нэг, хоёрдугаар сард агаарын бохирдол стандартаас давдаг байсан бол одоо аравдугаар сард агаарын бохирдол стандартаас давдаг болсныг тэрээр хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, 5-10 жилийн өмнө агаарын бохирдол зөвхөн арванхоёр, нэгдүгээр сард их байдаг байсан бол одоо аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилж байна. Тэр үед агаарын бохирдол стандартаас 2-3 дахин их байсан бол одоо 50-100 дахин ихэссэн байна. 2005 онд тоолсон яндангийн тоо өнөөдөр хоёр дахин өсч 110 мянган гэр хороолол өнөөдөр 200 гаруй мянга хол давлаа. Үнэндээ айл өрхийн тоог бүртгээд байгаа болохоос хүн ам, яндангаа тоолж чадахгүйгээс гэр хороолол тэлж байгааг судлаачид хэлж байна. Зөвхөн Баянхошуунд агаарын бохирдол хэтэрсэн хэмжээнд байгаа хэрэг биш тэнд л агаарын бохирдлыг хэмждэг болсноос биш бусад гэр хороололд яг адилхан байгаа. Өөрөөр хэлбэл, бохирдол байнга шилжиж байдаг учраас цагийн хувьд ялгаатай болохоос биш хотын бүх хэсэг бохирдолтой гэсэн юм. Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд эх үүсвэрийг бууруулах нь хамгийн оновчтой шийдэл гэдгийг тэд хэлсээр байна.
550 тэрбум төгрөгөөр оновчтой ажил хийсэн бол…
Агаарын бохирдлыг бууруулахын тулд мөн ч их ажлыг төлөвлөж хийсэн дүр эсгэж, хөрөнгө мөнгө цацсаныг бид мэднэ. Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд улсын төсөв болон олон улсын зээл, тусламжаас 550 тэрбум төгрөгийг утаатай тэмцэхэд зарцуулсан болохыг тогтоосон. Харамсалтай нь энэ мөнгийг зүгээр л салхинд хийсгэсэнтэй ялгаагүй болсныг, байдал бүр хэдэн зуу дахин дордсоныг энэ нийтлэлийн эхний хоёр бүлгээс та уншлаа. Агаарын бохирдлын талаар идэвхтэй ярьж эхэлсэн 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл эрх баригчид 50 гаруй эрхзүйн шийдвэр гаргаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд хоёр, Ерөнхий сайдын дэргэд хоёр, ажлын албыг БОАЖС-ын дэргэд хоёр, газар, албыг Нийслэлийн Засаг даргын дэргэд гурван удаа байгуулсан байгаа юм. Бүтэц нь байнга солигдож, чиг үүргийн давхцал үүсч, хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй болсон нь өнөөдөр хариуцлагыг хэн үүрэх вэ гэдэг асуултыг төөрөгдүүлж орхисон. Нэг нь нөгөөгийнхөө төлөвлөснийг эсэргүүцэж, зогсоож, өөрчилсөөр, дундаас нь завшиж, идсээр өнөөдрийг хүрсэн. Энэ ажилд томоохон чиг үүрэгтэйгээр оролцсон “Цэвэр агаар сан”-гийнхантай холбогдох хэрэг хууль, хяналтын байгууллагад удаан хугацаанд шалгагдаж байгаа нь үүний тодорхой жишээ. Үртсэн шахмал түлшний үйлдвэр, сайжруулсан зуух, үнс тээвэрлэх машин, шинэчилсэн халаалтын зуух, шалны халаагуур, дулаалга, автобус, машиныг хийн түлшинд шилжүүлэх гээд 550 тэрбум төгрөгөөр хийсэн гээд байгаа ажлуудаас өнөөдөр нэг нь ч гүйцэтгэлгүй, үр дүнгүй хэвээр байна. Тун удахгүй цагаан сар, түүний дараа хавар. Тэгээд утаагаа мартах уу. Дараа жил дахиад л хахаж цацан халаглах уу.
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин