Б.Наминчимэд: Хөх нуурын эзэн
Гэнэтхэн аянга тасхийв. Хасарын араас гартаа барьсан нумынхаа гичрийг гозолзуулан хар тэнхээгээрээ харайлгаж явсан Тэмүчин аянгын дуунаар үл үзэгдэх хуйванд угз татуулчих шиг зогтусаад, алгуурхан эргэж нуурын зүг харжээ.
Сүүдэрлэн суусан мөчир навчис дороос хар тодлууд шуугилдсаар дэрхийн нисэцгээж, нуурын хөвөөгөөр тарж хэвтсэн хоньд хуйран үргэж, тугал оодогнон тоглоод, хойт урд хотны зүгээс мэгдэж сандарсан шингэн дуу цангинаж, намрын эхэн улиралд ховорхон үзэх өдрийн жин үдийн халуунд нойрмоглон байсан бүхэн үймж бужигнаад, царцааны царгиан хүртэл тэрхүү аянгын дуунаар нэг тасалдсанаа улам эр авах мэт чангараад ирэв. Бүр нозоорсон хөхөлбий тэнгэрт хүндэрсэн хөх хээлтэй сүрэг сүрэг үүлс нүүгэлтэн бүрхээд эхэллээ.
Моддын зах бариад хэдэн шарга агтыг нь элдэн ум хумгүй шавхуурдан давхилдах онгосон нөмрөгтэй, хөлсөрсөн морьтнуудыг амдан гүйж явсан Хасар эгшин ч алдамгүй эгзэгтэй үед гэнэтхэн зогсоод, алмайран эргэж буй ахынхаа өмнөөс байж ядав.
- Тэмүчэээ….н … Гүйгээч ээ. Бүү зогсооч ээ … морьд … дээрэмчид, муу дээрэмчид … нум сум хурдал … хурдлаарай… хэмээн тэр дороо цовхчино.
Түүний агдуу хашгирааныг энэ удаад Тэмүчин өчүүхэн ч анзаарсангүй, Хар зүрхний Хөх нуурын мандлыг гайхаж асуусан харцаар ширтэв. Өнөөх бөөн үүлс газар дэлхийг бараан сүүдрээрээ бүрхэн авсан хэдий ч нуурын дүгэргий мандалд сүүдэр унасангүй, үүлэн чөлөөний нарны хурц гэрлийг бяцхан долгис юундаа наадуулан гэрэлтэн гялбалзаж байлаа.
***
Өнгөрдөг шөнө дунд Тэмүчин ус цалгирах чимээнээр сэрсэн юм. Нуурыг хүчирхэг гар аварга бүлүүрээр нидэрч байх шиг санагдахуй босоод зүүн хатавчаараа шагайж харжээ. Тэр чимээг өөр хэн ч сонссон шинжгүй, Ханчир хэмээх улаан халтар нохой нь хүртэл шузга уяаны арын ургаа чулууны оёор цагираглан хэвтэж байв. Гайхаж, сониучирхсан Тэмүчин нуурын зүг гэтсээр очжээ. Бидэртсэн том давалгаанууд ар араасаа хуйларсаар эргийн дээрээс унжих сахлаг үхэр ширгийн үзүүрийг дуу шуутай бүрхэн авч, эргэхдээ доош чангаана. Нуурын голд усны мандал овойж байснаа үсэрхэг сэрвээ мундаа цухуйж ирэх нь тэр. Сарны туяанд тэр сэрвээний хялгас бүр нь тодоос тод харагдсанд Тэмүчин үхэр ширэгтэй бамбалзуур довон дунд сөхрөн суугаад цааш юу болохыг түгшин хүлээжээ. Төдөлгүй өтгөн цагаан савагтай хөх зүсний сарлагийн бяруу өвдөгцөөсөө дээш усны мандлаас гарч ирээд биеэ ихэд шилгээсэнд сарны мөнгөлөг туяанд бяцхан мөсөн хэлтэрхийнүүдийг нуураар нэг цацалчих мэт болов.
Хөх нуурын эзэн нь хөх бяруу байдаг гэсэн дэл сул хууч яриа тэрхэн зуурт Тэмүчиний санаанд харважээ. Хуагчин эмгэнийг арван гуравт болдог жил, Тэмүчиний элэнц Хабулыг хаан өргөгдсөний дараа жилийн мөнхүү намрын эхэн сарын арван тавнаа энэ нуурын уснаас хөх бяруу гарч ирээд Хабул хаанд таван ширхэг зэгсний түрүү өгсөн гэдэг. Дараа жил Хабул хаан тэр зэгсний түрүүг Хуст шүтээнд* хүргэж тахиад, их хүчийг олж Зүрчидээс амь зулбан Иншань уулын араар зугтаж явсан Даши** хэмээх Хар Хиданы хөөгдмөл хан хөвүүнийг ихэд тэтгэн, Алтайг давуулж, баруун их цөлийг гэтэлгэж, араас нь мөшгиж ирсэн Зүрчид Алтаны шороон түмэн төмөр цэргийг үнст цөлийн дундуур урсах Яркенд голыг цусаар үерлэтэл хядаж явжээ. Бөртэ Чонын удамд тийн хэдэн ширхэг зэгсний түрүү өгснөөс хойш хөх бяруу өдий хүртэл дахин үзэгдсэнгүй. Үе хааяадаа харин хүрхэрч урамддаг гэдэг ч хэн сонсож үлдсэнийг хэн ч үл мэднэ.
Бүүр эрт цагт энэ хөх бяруу Хабул баатарын хулан өвөг*** Бахим шийрт Хабич баатарын**** өвөр дээр баруун эврээ унагаснаар дайны их бүрээ хийгээд Онон мөрний эхэн дунд урсгал, Хэрлэнгийн хойт биеийн овог аймгуудыг хуу хаман хурааж, эцгийн эхлүүлснийг гүйцээж, энх тунх болсон аж. Түүнээс нэлээд хожим Амбагай хааны өвөг Чарахай Линхуг хүртэл энэ эвэр бүрээн дуу гурван мөрний хөндийгээр нүргэлэн хиадийнхны цөсийг хөөргөж, зүрхийг халгиаж явсан ч, Чарахай Лунху хүү Сэнгүм Билгийн хамт Алчи Татаарын Дадихус, Алухай Татарын Хар Харигт нартай Алан хэрмийг булаалдан хатгалдах үед ташаанд нь зүүлттэй явсан эвэр бүрээг Алахуйн баатар Хүйтэн Барха балт сүхээр бяц цохиж орхисон гэдэг. Тэгээд Сэнгүм билгэ зүс өөр хялгас нэг ч үгүй гил хар дөнөн бухын эврээр дайны их бүрээ хийсэн ч дуу нь ямаан бүрээ мэт янхийх тул хэрэглэж хэрэгсэхгүй хэвтсээр гээгдэн алга болжээ.
Харин өнгөрөгч хавар Тэмүчинг Тоорил ханыхаас буцаж ирсний дараахан Мэнлиг эцэг хэрэг болгон зорьж ирэхдээ Үсүн өвгөн өөрт нь аминчлан дам захив хэмээн ийн өгүүлжээ. “Хар зүрхэний Хөх нуурнаа улаан шувууг далавчаа хумьтал тогтож нутаглагтун хэмээн Тэмүчин хөвүүнд хэл. Хөх бухны хүрхрэх дууг хүлээ. Алдсан мөр есөн нарны цаана уул мэт түшигт болох буй за.”
Мэнлиг эцгийг Харилт нуурын**** хөв гатлага дээр ирэхэд Үсүн өвгөн зүсэн зүйлийн эрвээхэйнүүд бүчүүлчихсэн хүлээгээд сууж байжээ. Хажуугаар нь хараагүй мэт дүр эсгэн өнгөрөхийг завдтал Үсүн өвгөн мэндийн ч үггүйгээр
- Мэнлиг, Мэнлиг, Тэмүчин хөвүүнд чи үгийг минь хүргэгтүн. Тиймийн тулд зогсож сонс гэсэнд,
Хаа хүрч яваагаа хэрдээ л нууцалж мордсон Мэнлиг гэнэтийн энэ үгэнд бантан сандрав.
- Намайг хааш зорьж явааг тэнэмэл өвгөн чи хэрхэн мэдэх…?
- Ай гэнэхэн хонгор Мэнлиг минь… Өөрөөсөө нууж чадаагүй л бол өөр хэнээс ч нуугаад хэрэггүй дээ – гэснээ Үсүн өвгөн бүрхэн эргэлдэх үй олон эрвээхэйнүүдийг үймж бужигнатал цангинуулан инээгээд – Өвсний үндэс, усны судал, нар сарны гэрэл, салхины үзүүрээс чи юуг ч нууж үл чадна. Надруу гайхаж бүү хар. Харин Тэмүчинд хүргэх үгийг минь алдалгүй тогтоож авагтун гээд дайлга үгээ хэлсэн нь тэр байв.
- Өөрөө очоод хэлчихгүй, өчүүхэн надаар дайлгадаг нь юу вэ? хэмээн Мэнлигийг уцаарласанд өвгөн хариу хэлэлгүй алган дээрээ байсан ганц ногоон навчийг Мэнлигийн зүг үлээчихэв. Гэтэл өнөөх нь хийсэж ирэхдээ нялх ишигний бөөн ногоон зунгаг болоод хамар дээр нь пял хийтэл буужээ. Мэнлиг хамраа шудрах гээд ташуураараа эрүүгээ дэлсчихээд, бухимдан уурсаж морьныхоо улаан суга руу цочтол давиран ухасхийхэд Үсүн өвгөн ард нь хүүхэд мэт цангинуулан инээсээр хоцорсон байна.
Тэмүчин ч, энэ үгийг дайж ирсэн Мэнлиг эцэг ч чухам юуг битүүлэн өгүүлсний учрыг эс ухсан тул, хожмын өдөр лавтай утга юу нь тайлагдах буй за хэмээн найдаж, цээжиндээ лавхан хадаж авчээ. Юутай ч Хар Зүрхний Хөх нуурт нутаглагтун хэмээсэн нь хоёргүй нэг утгаар тодоос тод тул ийш ирж зусаад, бас намаржин буй нь энэ.
Түрүү жилийн зун Тайчуудын барианаас оргож, Бидэр хошууны Хорчихуй Болдог лугаа эх, дүү нартайгаа мэнд золгосны дараа араас нэхэх Таргудайн өршөөлгүй турхагуудаас сэргийлэхийн эрхэнд Тоорил ханд ойртон нутгаа захалж мөн энэхүү Хүрэлхү доторх Хар зүрхний Хөх нуурнаа зорин ирсний хүчинд тэр нэгэн хэцүү үеийн сүүлийг мэнд мушгисан билээ. Тиймээс энэ үхрийн давсган чинээ нуур өөрт нь ээл нөмөртэйг Тэмүчин туулснаараа таньж, зөнгөөрөө мэдэрч байсан ч чухам нуурын эзэн ийнхүү өөрийг нь сэмхэн дуудан учирна хэмээн огтхон ч зүүдэлсэнгүй явсан ажгуу.
Өнөөх хөх бяруу богино ч бахим бүдүүн эврээ сэжлэн, саваг юугаа ихэд сэгсрэн шилгээснээ Тэмүчиний зүг хошуугаа хумбайлган өлийлгөөд намуухан хүрхрэхэд нуурын мандлаар бидэртсэн долгио түгэн бүрхэв. Тэмүчинд бярууны дотогш хязгааргүй нэвт хурц гэрэлтэх харц тодоос тод харагджээ. Тэд бие биеэ ширтэн хөшөөд хэр удсаныг мэдсэнгүй, бярууны бахим эврийн үзүүр нуурын мандалд үзэгдээд далд орох үед зүүн нурууны дээгүүр үүрийн гэгээ сийж, одод шуугдаж байв.
***
Зүүнтээх гүвээний оройд томдсон малгай мэт хүглийх хэсэг бөөн модод дундаас үжирхий цагаан хуйвтай урт уурга даялуулсаар хэдэн морьтон отооноос харвасан сум шиг дуу шуу ч үгүй давхилдан гарч ирэхэд хойт гэрийн сүүдэрт хэвтээд өөр шиг нь үүрэглэн мөчир навчсаа ч сулбайлгачихсан тэдгээр моддыг нүдээ сүүмийлгэн харж байсан Хасарт анхандаа яг л зүүд зэрэглээ шиг санагджээ.
Морьтнууд моддын захаас жаахан зайдуу байх өтгөн саглагар навч мөчиртай өвгөн нарсны сүүдэрт зөрөлдөн шогож зогссон шарга агтсыг нь шавхуурдан хөөж эхлэхэд л сая зүүд зэрэглээ биш болохыг ухаарсан Хасар дуу алдан ухасхийн босоод хашгичан гүйсэн байна. Тэр зууртаа гар мухар гүйж яваагаа анзаарч ахыгаа дууджээ.
Урд гэрээс Тэмүчинийг үсрэн гарч ирэхэд дээрэмчид морьдыг нь хөөн зүүн хөтөл өгсөж байлаа. Хасарт нумыг нь хүргэж амжвал лавтай хоёр сум тавьчихаж чадахаар харагдав. Эргэж хатавчинд бэлэн зэхээтэй байсан их нумыг саадгынх нь хамт шүүрэн аваад морьтнуудыг амдан таваргаж яваа Хасарын зүг харайлгах үед чухам тэр аянга тасхийсэн аж. Тэгэхэд л зуны турш толгойд нь эргэлдсэн Үсүн өвгөний өнөөх дайлга үгийн далд битүү санаа цээжинд нь цэлсхийх шиг болж, тийнхүү зогтусаад нуурын зүг эргэж харсан хэрэг байлаа. Шөнө нуурын эзэн хөх бяруу зүгээр нэг гарч ирээд өөрийнх нь зүг хошуугаа өлийлгөөгүй, тэр оёоргүй хар нүх мэт нэвт хурц харцаар өөртэй нь удтал ширтэлцээгүй гэдэгт Тэмүчин өчүүхэн ч эргэлзэхгүй байсан юм.
Нуурын мандал амгалан байлаа. Гэнэт бүрхсэн үүл хэвлийдээ цоорхой агаад, тэр цоорхойгоор нуурын дээрээс яг цоолдон тусах нарны туяа хурц тод гэрэлтэй уудам хонгил үүсгээд, усан мандлын үй түмэн долгисууд гялбалзсан алтлаг навчис болон тэр хонгилоор багтаж ядан дүүлэн нисэлдэж байв. Хормын өмнө агдаж сандарсан, айж түгшсэн бүхэн нь тэр гэрэлт хонгилоор алтлаг навчсын хамт дээш нисэн одохуй тайвширсан Тэмүчин цээж дүүрэн амьсгаа авав. Их гэрийн гадаа Өэлүн эх, Хаугчин эмээ хоёр мэгчийн зогсоно. Харин сайн нумны газарт байх арын хошлого гэрийн цаанаас Хачиун ах нарынхаа зүг нүцгэн хөлийн тавхай гялалзуулсаар гүйж байв. Ханчир нохой нь Тэмүчинг гүйцэж түрүүлээд Хасарын доохнуур гарч, морьтнуудын араас хүзүү шунган эвхрэн дүүлнэ.
- Хаая, хаа…ая. Бүү зогсооч, наашаа наашаа. Би энд байна. Наашаа хараач. Дээрэмчид явчихлаа шүү дээ. Харайгаа…ач … Хаа…ая …
Гүйж яваад гэнэт зогтусаж эргэж харан алмайран зогсчихсон ахынхаа хачин аашны учрыг олоогүй Хасар бачимдан хоолой шахан хашгирсаар байв. Тэмүчин Хасар луу эргэж, гартаа байсан нумаараа тайвуухан даллан дуудсанд Хасар дороо хоёр цовхочсоноо дэргэдээ хэвтсэн мухар шиндүүг авч, нохойтой нь хойно урдаа орон хөтөл давж буй морьтнуудын араас чулуудав. Тэгээд араас нь хөтөлд гартал гүйж очсоноо сөхрөн суугаад хоёр нударгаа зангидан савчиж, тэнхээ шавхан бархирчээ. Хэсэг тийн суугаад босож нүүрээ үрчийлгэсээр ахынхаа дэргэд сажлан ирээд нулимсаа цийлэлзүүлсээр ах руугаа харав. Харцанд нь уур хилэн, гайхшрал хослоно.
Гэтэл, – Хөх бух хүрхэрсээн… хэмээн Тэмүчин маш тод, тайван өгүүлжээ. Хасарт ч хандсангүй, ер хэнд ч энэ утга учиргүй үгээ хэлээд буй юм, бүү мэд… нэг л хачинаар санаа алдаж буй мэт хэлсэн байна. Харц нь Хасарын мөрөн дээгүүр, бүр хойт хөтлийн дээгүүр тэртээ алсын Бурхан Халдуны зүгт байлаа.
Тэмүчинг үе үе хачин аашилдгыг мэдэх Хасар үүнд төдий л анхаарсангүй, нэг том найтааснаа нүцгэн хэнхдэгээ самардаад,
- Муусайн дээрэмчид, Өвөр Сэнгүрийг****** уруудан талийж одлоо. Ай, ах ах… яачихав. Юуны учир наранд цохиулчихсан мэт алмайран зогтуснав. Надад нум хүргэж амжсансан бол тэд муу дээрмийн хоёрыг нь биш юм гэхэд лавтай нэгийг нь годройтуулах байсансан… хэмээн гаслав.
Сая хэвийн байдалдаа орсон Тэмүчин дүүгийнхээ үгийг анхааран сонсоод,
- Хоёрыг ч ялгаагүй, годройтууллаа гээд бид шарга агтсаа эргүүлж эс чадна. Магад, тэд эргэж биднийг дайран сүйдлэх ч байсан юм билүү?! Арвуулаа байна шүү дээ.
- Тэгээд яах гэж… Харсаар суугаад агтаа туулгачих гэж үү? Одоо яанам? Харцгай болон араас нь нисэж чадах билүү? Ханчир банхраа зайдлаад элдэх үү?
Тэмүчинг үл ойлгогдох үг хэлснээс нь илүүгээр шарга агтсынхаа араас хэдхэн муу годил хугалуулчихсан мэт огтхон ч харамсахгүй байгаад Хасар эгдүүцэн гайхжээ. Харин Тэмүчин дүүдээ юуг хэлж тайвшруулахаа ч, цаашид хэрхэхээ мэдэхгүй ч шаналал зовнилгүй амгалан, тэр бүү хэл нэгэн баярын совин цээжинд нь гэрэлтээд байгааг мэдэрч, Хасараас илүүгээр өөрөө өөртөө гайхан байлаа. Ер Тэмүчинээс бусдад энэхүү дээрмийн дайрлага нэн хүнд тусч, ихэд мэгдэн сандарцгаасан байв.
- Тайчууд мөн үү? хэмээн морьтнуудад бусдаас илүү ойртож харсан Хасараас Хачиун амьсгаадан асуусанд,
- Тайчууд яавч биш. Тэдний оготор хамар, олигор эрүүг би гурван нүүдлийн газраас ч зэрвэс хараад л танина гээд Хасар хамраа сарталзуулжээ.
- Хэрвээ тайчууд аваас дэргэдүүр маань зүгээр давхиад өнгөрөх гэж үү? Агт морьд төдий биш амийг минь л авахаар ирэх биз. Соёогоо нэгэнтээ үзүүлсэн нохой хазаж байж л амаа хамхидаг даа хэмээн Өэлүн эх өгүүлэв.
.
ТАЙЛБАР:
Хуст шүтээн* – Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт бий.
Юли Даши** – Хиданы хан хөвүүн. Улс гүрэн нь мөхөхөд баруун тийш дутаан гарч, одоогийн Шинжаан, Дундад Азийг хамарсан Хар Хидан хэмээх хүчирхэг гүрэн улсыг үндэслэсэн.
Хулан өвөг*** – Өөрөөс дээш долоо дахь үеийн өвөг.
Бахим шийрт Хабич баатар**** – Бодончар мунхагийн хүү.
Харилт нуур***** – Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт буй Хангал нуур болов уу?
URL: