Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг боллоо

 46

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр 2018 оны наймдугаар сард гаргасан. Улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгох шийдвэр шинэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.  Тэгвэл улсын хэмжээнд 320 мянган төгрөгөөс доош цалингаар хөдөлмөр эрхэлж байгаа хүний тоо болон хэрвээ энэхүү дүнд хүргэж нэмээгүй тохиолдолд ажилтнууд хэрхэн эрх ашгаа хамгаалуулж болох талаар дараах мэдээллийг бэлтгэсэн байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ийнхүү нэмэгдүүлж байгаа нь 320 мянгаас дээш цалинтай ажилтнуудад хамаарахгүй болохыг тогтоолд дурдсаныг юун түрүүнд хэлэх нь зүйтэй. Тэгвэл одоогоор Монгол улсын хэмжээнд НДШ төлдөг 651100 ажилтны 48300 нь 240000 төгрөг хүртэлх цалинтай, 138.800 буюу 21.4 хувь хувь нь 240001-500000 төгрөгийн цалинтай байгаа юм. Тэгэхээр 320 мянга буюу түүнээс доош цалинтай 78 мянга гаруй ажилтны хөдөлмөрийн хөлс он гарсаар нэмэгдэж байгаа юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХХБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Мөнхтогтох “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өмнөх хэмжээнээс 30 гаруй хувиар нэмэгдэж байгаа.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь ямар нэгэн мэргэжил, ур чадвар, боловсрол шаардагдахгүй ажилд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн хөлсний хамгийн бага хэмжээ юм. Энэ хэмжээгээр тухайн ажилтанд цалин өгнө гэсэн үг биш. Харин энэ хэмжээнээс доош цалин өгч болохгүй үүнээс дээш цалин хөлсийг өгөх ёстой” гэв.

Өнгөрсөн хугацаанд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байв. Тэгвэл эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй гэх шалтгаанаар ялангуяа хувийн байгууллагууд ажилтныг хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалинжуулж, эрхээ нэхсэн тохиолдолд дараагийн ажилтан бэлэн байгааг сануулах тохиолдол олонтаа гардаг.

Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хөдөлмөрийн хөлсний нэмэгдлийг цаг тухайд нь өсгөөгүй тохиолдолд ажилтан та эрхээ хэрхэн хангаж хамгаалах талаар МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинжиж байгаа ажиллагсад орон нутгийнхаа түвшинд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хандаж болно. Мөн орон нутгийнхаа хамгийн ойр байгаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагад хандаж гомдол гаргах юм бол тухайн аж ахуйн нэгж байгууллага дээр очиж шалган цалингийн зөрүүг нөхөн олгох шийдвэрийг улсын байцаагч тухайн байгууллагад хандан гаргуулна” гэв.

Монгол улсын хувьд 2 жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох хуулиар хүлээсэн үүрэгтэй. Ер нь олон улсын жишгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь дундаж цалингийн 40-60 хувьтай тэнцдэг. Харин манай орны тухайд одоогоор дундаж цалингийн хэмжээ 1 сая 37 мянган төгрөг байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болсноор дээрх жишиг 30.8 хувийг эзлэх юм. Энэ хувийг олон улсын хамгийн доод эзэлхүүн буюу 40 хувьд хүргэх нь Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн 3 талт хэлэлцээрийн гол үүрэг болж байна.


URL:

Сэтгэгдэл бичих