СҮХ ДАЛАЙТАЛ ҮХЭР АМАР
Сүх далайтал үхэр амар. Ямар нэгэн хэрэг явдлыг болох хүртэл нь амар тайван байх гэсэн санаатай зүйр цэцэн үг. Яагаад адуу, тэмээ байж болоогүй заавал үхэр гэсэн юм, бүү мэд.
“Үхэр Улаанбаатарчууд”
“Үхэр монголчууд”, “Үхэр шиг зөрүүд” гэж ирээд л юм бол нэрийг нь ашиглаж, жийргэвч болгодог нь сонин. За энэ үхэр ч яахав ээ, үндсэн яриандаа оръё. Одооноос “Үхэр Улаанбаатарчууд” гэдэг шинэ зүйрлэл хэрэглэж болох нь. Улаанбаатарчууд 2018 оныг Засаг даргагүй үдэж, 2019 тэр янзаараа угтлаа. Арван настай хүүхдэдээ гурван настай дүүг нь даатгаж үлдээдэг хэнэггүй занг аав, ээж, элэнц, хуланцаасаа сурсан бид огт тоосонгүй, энэ явдлыг. Яг л үхэр шиг налайсаар. Ер нь Засаг даргатай байх, эсэх нь падгүй юм шиг л амгалан оршиж байна. Гадаадын улсад бол бөөн юм болох байсан биз. Хот тохижилт хэцүүдлээ, өвөл болоо өнөөх зам талбайн давс, бодис яалаа ийлээ гэж ирээд л.
Айл өрхөөр төсөөлбөл, хотын дарга гэрийн эзэгтэй л гэсэн үг. Хүүхдүүд нь өвчин зовиургүй, гэр нь цэвэрхэн, хөргөгч нь хүнсээр дүүрэн байлгахыг эхнэр хүн хариуцдаг. Гэтэл хотын дарга буцах эхнэрт сааль хамаагүй гээд яваад өгчихсөн. Үүнээс нь болоод Улаанбаатарчууд асран хамгаалж, хайрлаж энэрэх ээжгүй жил тойров. Он дамнасан юм чинь жил тойрсон гэж болно биз дээ. Тийм атал ээжийгээ ер өгүүлсэнгүй. Өөрсдийнх нь төлөө хөлөө хугартал, ядаргаанд ортлоо гүйнэ гэж сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч нарт хотын даргыг батламжилж өгөх шаардлага ч тавихгүй юм. Нөгөөдүүл нь бүр даварчихсан, өөрсдийнхөө эрх ашгийг урьтал болгоод л албан тушаал наймаалцаж байдаг. Аргагүй дээ үхэр юм чинь, Улаанбаатарчууд.
“Үхэр МАН-ынхан”
Бас ийм үг ч хэрэглээнд нэвтрүүлж болохоор нөхцөл байдал үүслээ. Энэ бүхэн хотын даргын сунгаанаас эхлэлтэй юм биш. Их хуралд суудалтай МАН-ын залуус бяруу болоогүй байж бухын баасаар баана гэдэг шиг аашилж эхэлсэн юм даг. Бүр 2016 оноос шүү. Дор бүрнээ өөрсдийн эрх ашгаа бодож, УИХ-ын дарга эсвэл Засгийн газраа унагана гээд л дүвчигнөж байна. Тал тал тийшээ харчихаад л үхэр шиг зөрүүдлээд л.
Тэр нь одоо НИТХ-д халдварчихлаа. Хотын асуудлыг мэддэг, овоо чадвартай юм уу гээд Амарсайханыг хотын даргад дэвшүүлсэн гэж ойлгож байгаа. Нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчдийнх нь олонх дэмжиж, төв намынх нь УЗ батламжилсныг ингэж ойлгож болно. Гэтэл хэдэн төлөөлөгч нар нь талцчихаад хөдөлж өгдөггүй ээ. Зарим нэг нь, бүр тодруулбал төрийн албыг наймаалцахаар санаархсан хүн нь сүргээ хурааж байгаа бух шиг л төлөөлөгч нараа хашчихаад хаашаа ч хөдөлгөхгүй байгаа бололтой.
Амарсайханы нэрийг хотын даргад дэвшүүлсэн УЗ-ын гишүүд нь бас л тэнцвэрийн шийр заагаад таг дуугүй сууна. Хааяа нэг нүдээ цавчихаад л, өвс хивэж, яалаа шавбал сүүлээрээ ширвэчихээд л зогсоо үхрээр тэднийг төсөөлж болно. Орчин үед нам төвтэй улстөрийг ингэж хийдэг болчихсон юм уу, мэдэхгүй. Хэрэг явдал болсон хойно улай үзээд гашуудаж буй үхэр сүргийн дүрийг удахгүй харна биз энэ янзаараа байвал. Энэ намын өнөө жилийн төөрөг ингэж л ажиглагдаад байна. УЗ-ийнх нь шийдвэр гишүүдэд нь огт падгүй, эрх барьж байгаа үедээ хотын ажлыг гацааж байгаа нь ингэж ойлгоход хүргэж байна. Сүх далайтал үхэр амар аа гэж.
URL: