Гурван настай охины ам руу дарс цутгасны улмаас ухаангүй эмнэлэгт хүргэгджээ

BW8ARNnCYAAl-vT-ОХИНЫ БИЕИЙН БАЙДАЛ МУУ УХААНГҮЙ СЭХЭЭНД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛСЭН-

Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэд ахуйн хүрээнд буюу гэр бүлийн орчиндоо архидан согтуурч улмаар гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд гарсан. Гэр бүлээрээ баяр тэмдэглэх нэрийн дор бага насны хүүхдийн хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэж хүүхдийн эрх ноцтой зөрчих нь хуулиараа хориотой байдаг. Гэтэл өөрсдөө архи согтууруулах ундаа хэрэглээд зогсохгүй өөрийн хүүхэддээ согтууруулах ундааны зүйл хэрэглүүлсэн тохиолдол гарсан байна.

Тодруулбал, энэ сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 22-р хорооны Алтан-Өлгийн тоотод оршин суух эмэгтэй өөрийн төрсөн гурван настай Х гэх охины ам руу их хэмжээний дарс цутгасан хэрэг гарсан байна.

Согтууруулах ундааны зүйл ам руугаа цутгуулсаны улмаас охины бие маш муу Яаралтай түргэн тусламжаар Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргэгджээ. Тус эмнэлэгт охин хүргэгдэж очсон даруйд эмч нар үзлэг хийхэд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх боломжгүй, ухаангүй байсан аж. Охиныг төрсөн аав нь эмнэлгийн машинтай хүргэж очсон бөгөөд мөн л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байна.

-ОХИНЫГ ХҮРГЭЖ ИРСЭН ААВ НЬ СОГТУУ БАЙСАН УЧРААС ЦАГДАА ДУУДСАН-

Энэ талаар Баянзүрх дүүргийн эмнэлгийн хүлээн авах тасгаас тодруулсан юм.

-Танай эмнэлэгт гурван настай охин их хэмжээний согтууруулах ундааны зүйл буюу дарс хүчээр уусан гэх оноштой ирсэн байна. Биеийн байдал анх үзэхэд ямар байсан бэ?

-Охин архи уусан гэх шалтгаанаар биеийн амин үзүүлэлтүүд тогтвортой, ухаангүй ирсэн. Манай эмнэлгийн зүгээс хүлээн авсан даруйд ходоодны агууламжийг үзсэн. Агууламжаар нь хурц үнэртэй яагаан өнгийн шингэн зүйл гарсан. Дараа нь ходоод угаах эмчилгээ яаралтай хийсэн. Ходоод угаах үеэр яагаан өнгийн жимсний хальс шиг зүйл мөн гарсан. Охинтой хамт аав нь мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүргэж ирсэн. Манай эмнэлгийн зүгээс бага насны хүүхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн учраас цагдаад мэдэгдэнэ гэж хэлэхэд аав нь гэрийнхээ хаягийг нуугаад хэлэхгүй байсан. Бид нар цагдаад дуудлага өгч улмаар аавыг нь авч явсан. Харин бид бүх шинжилгээг авч цагдаад өгөөд явуулсан байгаа. Мөн манай дээр согтолтын хэмжээ тодорхойлох боломжгүй байдаг учраас цусны дээж авч шүүх эмнэлэг рүү явуулсан.

Цагдаа нар аавыг нь авч явсаны дараа нь аавынх нь ах гээд хүн ирж бид нартай уулзсан. Ахаас нь бид нар асуумж асуусан. Тэгэхэд: “Гэрт нь байсан дөрөвдүгээр ангийн хүүхэд ахад нь хэлэхдээ ээж тухайн өдөр согтуу “Манай охин архи уух дуртай” гээд дарс охины ам руу цутгасан” хэмээн хэлсэн байсан. Яг ямар шатгаанаар ийм жаахан хүүхдэд их хэмжээний дарс уулгасныг нь мэдэхгүй байна. Ааваас нь тодруулах гэхээр согтуу, асуусан асуултад хариулахгүй байсан.

-Охин яг хэдэн цагт ирсэн бэ?

-Тухайн өдөр гурван настай Х гэх охин 103-аар шөнийн 1 цаг орчимд ирсэн. Манай эмнэлэг ямар ч байсан гурван цаг орчим ходоодыг нь угааж, шинжилгээ авч Эх нялхасын Сэхээн рүү шилжүүлсэн гэв. Ямар ч байсан охины аав 103-т дуудлага өгч, хамт ирсэн юм гэв.

Бид үүний дараа Эх нялхасын чанарын албанаас охины биеийн байдлын талаар тодруулсан юм.

-Гурван настай охин энэ сарын 29-ний өдөр сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт ирсэн. Хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаад биеийн байдал сайжирч, энгийн тасагт шилжин хэвтэн эмчлүүлж байгаа гэв.

-БАГА НАСНЫ ХҮҮХЭД СПИРТ АГУУЛСАН ЗҮЙЛ ХЭРЭГЛЭХ НЬ
ТАРХИЙГ НОЦТОЙ ГЭМТЭЭДЭГ-

Бага насны хүүхэд согтууруулах ундаа хэрэглэсэн үед биед нь ямар нөлөө үзүүлэх талаар мэргэжлийн эмчээс тодрууллаа.

-Бага насны хүүхэд их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэх нь шууд ходоод түлэхээс гадна тархины үхжилт явагддаг. Тархийг тэжээж, хүчилтөрөгчөөр хангаж байгаа гол бодис болох глюкозыг бууруулдаг. Мөн цусан дахь сахар багасгадаг. Ингэснээр тархийг ноцтой гэмтээдэг. Метилийн спирт агуулсан согтууруулах ундаа нь хүүхдийн цусны сахарыг бууруулдаг. Хэрэв спирт их агуулсан согтууруулах ундааны зүйл хүүхэд уусан бол энергийн эх сурвалжаар хангаж байгаа глюкозыг бууруулж байгаа юм. Хүүхдийн цусанд байх сахарын хэмжээ буурсанаар тархи аюултай хэмжээнд гэмтээнэ. Аливаа төрлийн хор нь хамгийн түрүүнд тархи гэмтдэг.

Харин тус хэргийн талаар Баянзүрх дүүргийн цагдаа:

Эцэг, эхийн урьдчилсан мэдүүлэг тайлбараас ам руу цутгасан зүйл байхгүй гэсэн. Охин Эх нялхаст сэхээн амьдруулах тасагт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр гарсан байсан. Ээж нь охинтойгоо ирж мэдүүлэг өгөөд явсан. Хэрэв охины биеийн байдал муу байсан бол бага насны хүүхдийг архиар хордуулсан гэсэн зүйл ангид холбогдуулан шалгах байсан. Гэхдээ энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаагүй байгаа. Яг хүчээр уулгасан уу, эсвэл охин өөрөө уусан уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байгаа гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг эхчүүд ундааны шил саванд автомашинд хэрэглэдэг бодис, уксус, шингэн спирт хийснээр хүүхдүүд андуурч ууж хүүхэд нас барах тохиолдол гардаг байна. Мөн хүүхдийн гар хүрэх газар архи болон элдэв цэвэрлэх бодис тавьснаар хүүхэд сониуч зандаа хөтлөгдөн ууж амь нас, эрүүл мэндээрээ ноцтой хохирох тохиол элбэг байна.

Иймд  эцэг эх асран хамгаалагч та бүхнийг аливаа төрлийн бодисыг хүүхдээс хол байршуулж байхыг анхааруулж байна.

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих