Д.Түвшинжаргал: Уртын дуу миний хувь заяа юм
Монгол Улсын Ардын жүжигчин Д.Түвшинжаргалтай ярилцлаа.
-Шинэ оны босгон дээр таныг Монголын төр үнэллээ. Уртын дууны салбараас төрсөн Ардын жүжигчдийн нэг боллоо. Та хэдэн оноос энэ агуу урлагтай амьдралаа холбосон бэ?
-Би сүүлийн 36 жил уртын дуу дуулахыг ядаж явна. Энэ урлагт төгс төгөлдөр суралцана гэж байдаггүй хэмээн Н.Норовбанзад багш маань 73 настайдаа хэлж байсан. Багш минь төрөлхийн сайхан увидас, авъяастай хүн байлаа. Харин олон жил дуулж, ард түмнээ баясгасныхаа дараа “Бүрэн дүүрэн сурна” гэж байдаггүй юм гэжээ. Үүгээр уртын дууны гайхамшгийг улам тодотгосон байна. Энэ үгний үнэ цэнийг би одоо л өөрийн биеэр амсч, ойлгож, ухаарч сууна.
Тэр сайхан багш нар, энэ агуу урлагийн буянаар би сайхан амьдарч ирлээ. Ж.Дорждагва багш маань 1934 онд БНМАУ-ын гавьяат цол хүртэж байсан юм билээ. Түүнээс хойш 86 жилийн дараа эрэгтэй уртын дуучин Ардын жүжигчин цол хүртлээ. Би маш их баярлаж байна. Энэ бол түүх юм.
-Та уртын дууны урлагийг их сайхан багш нараар заалгаж, тэднээс өвлөж үлджээ?
-Тийм шүү. Энэ агуу урлагийг М.Дугаржав гуай Ж.Дорждагва багшид өвлүүлсэн байдаг. Тэгэхдээ “Миний хүү уртын дуугаа цаг нь болохоор дуулаарай, цаг нь болоогүй байхад дуулаад өөрийгөө баллав, мундаг багш болох гэж өрөөл бусдын хүүхдийг баллав” гэж захисан байдаг. Ж.Дорждагва багш 80 настай байхдаа яг энэ үгийг надад хэлж төрийн айзам их уртын дууг өвлүүлэн үлдээсэн дээ.
-Яг үнэндээ таныг Ардын жүжигчин цол хүртсэнийхээ дараа уртын дууг дуулахыг ядаж явна гэж хариулна гэж бодсонгүй. Маш даруухан хариулт байлаа. Нөгөө талаар энэ урлагийн гайхамшгийг харуулж байна гэж ойлгож байна?
-Би энэ үгийг даруухандаа ч хэлчихэж байгаа юм биш. Уртын дууны агуу байдлыг би ингэж илтгэхээс өөр аргагүй. Уртын дуу бол мөнх хөх тэнгэрийн өгөгдөлтэй юм. Ямар ч хөгжмийн зохиолч, яруу найрагч уртын дуу зохиож туурвина гэдэг боломжгүй. Би олон жил судаллаа, үнэхээр боломжгүй гэдгийг мэдэрсэн. Сэтгэл, бодол, бие, орчин нь ариун, тийм л үед тэр эгшиг яруу бууж ирдэг. Хөх толботой монгол хүн, нүүдлийн соёл, тал нутаг, өвөг дээдсийн гайхамшиг нь өөрөө энэ урлаг юм шүү дээ. Дуурь бол дэлхийн сонгодог урлаг. Гэтэл бид уртын дуугаа олон улсад зөв арга замаар гаргаж чадвал сонгодгоос илүү сонгодог нь байх юм. Тэр дундаа Монголын айзам хэмнэлт уртын дуу бол агуу даа.
-Айзам хэмнэлт уртын дууг хамгийн энгийнээр тайлбарлахгүй юу?
-Амьдралыг илүү таньсан хүн л гэсэн үг. Илүү гүн ухааны өнгө аястай байна. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-нд маш их нууцлаг зүйлүүд бий. Найман шарга морины тухай гардаг. Тэмүүжин найман шаргаа алдаад явж байгаад Боорчитай таарсан байдаг. Үүнийг би найман оюун ухаантай хүн хайж явсан юм байна. Ес дэх нь ерөөсөө олдохгүй байсан, дайсанд байсан юм байна. Зэв байсан байна гэдэг өнцгөөр л хүлээж авдаг. Тэгэхээр уртын дууны яруу найраг гэдэг нь мөн л нууц товчоо юм. “Эртний сайхан” дуунд гэхэд Тэмүжин төрөхдөө нөж атгаж төрсөн тухай өгүүлнэ. Өвөг дээдэс минь алгаа битгий олон хүнд харуулж байгаарай гэдэг. Алганд бүх зүйл байдаг. Гэтэл Тэмүүжин долоон дээд эцгийнхээ зөнг атгаж төрсөн байгаа юм. Зөн гэдэг үгийг араас нь уншихаар нөз болж байгаа юм. Тэгэхээр уртын дуунд түмэн нууц увидас байна. Үүнийг ард түмэн минь ойлгоод эхэлбэл нөгөө л амин чанар, хүний эс сэргэдэг. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг шүү дээ. Уртын дууны тэр их үгс, аялгууг мэдэрч сонсохоор хүний биед талст үүсгээд бараг хүн эмчлэх аялгуу болдог. Үүнд ах нь итгэдэг хүн дээ.
-Хүмүүс уртын дууг сонсоод юу ойлгоосой гэж хүсдэг вэ. Сонгодог урлагтай нэгэн адил үзэгчээс мэдрэмж, хөгжмийн боловрол шаарддаг тийм л хөг аялгуу шиг санагддаг?
-Энэ маш зөв асуудал. Хүмүүс уртын дууг надаас хол юм байна гэж ярьдаг. Бид зүгээр зогсч байгаад дуулчихаад ордог. Энэ нь нэг талаараа буруу юм. Үгийг нь тайлбарлаж, таниулж хүнд хүргэх нь чухал байна. Тэнд юу гэж байгаа юм бүү мэд. Уртын дуунд “өнгөтэй” гэж нэг үгийг хэлэхэд бараг нэг минут болдог.
“Дуртмал сайхан нарны өнгөтэй
Тунамал өгүүлэхүй
Төрийн алтан сүлд минь
Тусахуй нүдэн дор тодорхой” энэ мөртийг дуулахад л зургаан минут шуранхайлна. Үүнийг тайлбарлан таниулж хүмүүст хүргээгүй, бидний буруу л болчихоод байгаа юм. Нэг үеэ бодоход төр маань энэ урлагаа дэмжиж эхэллээ. Түмэн олон маань ойлгож, мэдэрч эхлэж байна. Тэгэхээр бидний зүгээс хичээх хэрэгтэй болж байна.
-Ер нь уртын дууны төрөлд судалгааны ажил дутуу, дулимаг байгаа нь ажиглагддаг шүү дээ?
-Сурталчлан таниулах ажилд нийгэм маш их нөлөөлж байна. Социализм ямар түүх бичсэн юм. Олон түүхийг үгүйсгэсэн байна. Богд Жавзандамба хутагт шиг муу хүн байхгүй болсон. Гэтэл яг түүхийн хуудсыг эргүүлээд харахаар тэр хүний Монголын тусгаар тогтнолд хийсэн зүйл гарч ирдэг. Д.Сүхбаатарыг лам хор өгөөд л алчихсан гэдэг. Түүгээрээ кино хүртэл хийгээд л цацчих юм. Мөн иргэд маань ч аливаа асуудлыг ул суурьтай хүлээж авахаа болчихож, юмны мөн чанарыг бодохгүй байна. Тийм байхад мянга судалж, таниулах гээд нийгэм хүлээж авахгүй шүү дээ.
-Таныг жүдо бөхөөр хичээллэж, олон амжилт үзүүлж байсныг мэднэ. Харин уртын дууны төлөөх ухаан танд хэзээнээс суусан юм бэ?
-1988 он шиг санагдаж байна. Би уртын дуугаа ч сайн ойлгохгүй байлаа. Социализмын үед уртын дууг хүмүүс ч ойлгодоггүй байлаа. Тоглолтыг хааж нээдэг, хөшигний хөгжим л байлаа. Уг нь бол үзэгчид суудлаа эзлээд бодол оюунаа төвлөрүүлсэн үед дуулах нь их ач холбогдолтой юм. Гэтэл бид үзэгчдийг “миний сандал хаана байна” гэж мунгинаж байх үед нь л дуулдаг байсан даа. Тэгээд би “За даа больдог ч юм уу даа” гэж бодсон. Би жүдо бөхийн улсын шигшээ багт хичээллэдэг байлаа. Хоёр ч удаа Улсын аварга болсон. Тэгээд спортоороо ч явдаг юм бил үү гээд нэг их эргэлзсэн үе байсан юм. Гэтэл нэг өдөр Францаас дэлхийн урлагийн наадамд шалгаруулалт хийхээр нэг хүн ирсэн байдаг. Тэгээд чуулгын найман уртын дуучин дээр ес дэх нь би болж шалгаруулалтад орж байлаа. Тэнд “Хоёр бор” гэдэг дуугаараа шалгарч, Ардын жүжигчин Ж.Нэргүйтэй хамт тэр орон руу явсан байдаг.
-Тэр наадамд оролцсон нь таныг урлагтаа үлдэх том шалтгаан байсан юм байна. Тийм үү?
-Би их эмээж байсан даа. Франц чинь хөрөнгөтөн орон. Тэнд анх удаа очоод дэлхийн сонгодогуудтай нэг тайзан дээр гарна гэдэг надад амар байгаагүй. Тэнд “Түмний эх” дуугаа дуулсан. Тайзан дээр гараад “Монголд эрийн гурван наадам гэж бий. Монгол хүн эр зориг, эрэмгий чанараа харуулдаг. Энэ гайхамшгийг та нарт харуулна” гэж байгаад л дууллаа. Тэгээд дууны дунд хэсэгт үзэгчид рүү нэг харсан чинь нүдээ нээсэн байгаагүй. Бүгд нүдээ аниад мэдрээд сонсч байсан. Би улам омогшоод уртын дуу гэж ийм л сайхан юм байдаг юм шүү дээ гээд үзэгчид рүүгээ “өгөөд” л байлаа. Дуулаад дууссаны дараа над дээр нэг хүн ирээд миний гарыг үнсээд “80 наслахдаа ийм гайхамшигтай урлаг үзэж байсангүй” гэж хэлсэн. Тэр үеэс бидний өвөг дээдэс агуу юм бүтээсэн юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн. Түүнээс хойш ямар ч эргэлзээгүйгээр уртын дууныхаа төлөө бүх амьдралаа зориулахаар шийдэж байлаа.
-Магадгүй биднээс илүү гадныхан уртыг дууг их ойлгож хүлээж авдаг уу?
-Тийм шүү. Норовоо багшийг маань “Уяхан замбуутивын наран”-гаа дуулаад дуусахад япончууд “Энэ юуны тухай дуулчихав аа” гэж асууж байсан гэдэг. Багш маань нарны тухай өгүүлдэг гэхэд даанч тийм байх аа “Сэтгэлд нар мандаад явчихсан юм аа” гэж байсан гэдэг. Багштайгаа би 1990 онд БНСУ-д 3000 хүний өмнө дуулж байлаа. Тэр үед дипломат харилцаа ч байгаагүй. Намайг дуултал нөгөө 3000 үзэгч чинь алга нижигнүүлээд л дахиулж байлаа. Уртын дуу Монголд бол дахиулаад байхгүй шүү дээ. Би тэр үед их хөөрч, Норовоо багш маань тэр тоглолтын орой “Багш шавь хоёр ч гайхуулж явна даа. Энэ уртын дууны буян юм шүү дээ. Миний хүү их ухаантай байдаг юм шүү. Тэр алга ташилтад хүн их хөөрдөг юм шүү дээ” гэж хэлж байлаа. Тэр үгний цаана их ухаан нуугдаж л явсан байна.
-Спортын салбарыг төр, засаг урлагаас илүү дэмждэг. Ялангуяа жүдогийн төрөлд монголчууд их амжилт үзүүлж байна. Та хааяа ч жүдо бөхийн төрлөөрөө явсан бол зүгээр байжээ гэж боддог биз дээ?
-Тэр үед олимп, дэлхийн аваргад явсан бол аль нэгээс нь хүрэл медаль ч болов авах байсан даа. Ингэж бодох үе байлаа. Хааяа тэмцээнд явж медаль аваагүй нь сайн болжээ ч гэж бодно. Би ямар нэгэн тэмцээнд яваад медаль авсан бол хэзээ ч уртын дууны агууг мэдрэхгүй л дээ. Танихгүй, ойлгохгүй, аялах ч үгүй. Тэгэхээр уртын дуу гэдэг миний хувь заяа байсан юм билээ. Тухайн үед жүдогийн дэвжээн дээр сайхан найзууд, өрсөлдөгч нар байлаа. Би +65-д барилддаг байсан. Олимпийн мөнгөн медальт М.Мөнгөн, Ш.Даваадалай гээд найзуудтайгаа нэгэн дэвжээн дээр хөлсөө урсгаж явлаа. Одоо миний төрсөн дүү Улсын харцага Д.Даваадорж, Д.Төмөрхүлэг нар барилдаж байна.
-Дэвжээ, тайз хоёрын ялгаа юу байв?
-Дэвжээ бол нэг хүнтэй өрсөлдөж түүнийгээ ялахын төлөө барилддаг бол тайз бүхэл бүтэн танхим дүүрэн үзэгчидтэй тэмцэнэ гэсэн үг. Танхим дүүрэн үзэгчдийн сэтгэлийг татаж, уярааж таашаал хэрхэн өгөх вэ гэдэг чухал.
-Та аав ээжээс хэдүүлээ билээ?
-Долуулаа. Ээж аав, нутаг ус, олон түмнийхээ буянд ингэж өлгийдүүлж амьдрах хувь надад байжээ. Сайн ноён Хан аймаг Төгс-Очир Намнансүрэнгийн төрсөн газарт л би төрсөн байдаг юм. Хүний унасан газар угаасан ус аав ээжийн өсгөсөн хүмүүжил хүний амьдралын хамгийн том сургууль байдаг юм билээ. Миний эцэг эх малчин хүмүүс байлаа. Таацын гол, Шаргын гол, Арц, Тээгийн нуруу, Өшигийн нуруу гээд л унасан газар угаасан ус минь үнэхээр сэтгэл зүрхэнд уяатай хадаатай явдаг. Аав ээж хоёр маань яг л тэр нутагт байж байгаад тэнгэрт хальсан даа.
-Таны хүүхдүүд мөн урлагт зүтгэж байна. Тэдэндээ юу гэж захиж, зөвлөх вэ?
-Миний амьдралд гурван сайхан хүүхэд бий. Том охин Т.Баясгалан маань олон түмэндээ хүндтэй сайхан дуучин боллоо. Басхүү дуулахыг нь хүмүүс хүлээдэг болсон мэт санагдсан. Баясаа маань өөрөө авьяастай болохоор аавыгаа ч, багшийгаа ч зовоолгүй дуучин болсон. Бас чадалтай сайхан хамтрагчтай. Хүү маань Т.Энхбат гэж ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.К Римский Корсавийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг төгсөж одоо сургуулийнхаа урилгаар докторт суралцаж байна. Миний хүү өнгөрсөн дөрвөн сард болсон Олон улсын дуурийн дуучдын тэмцээнээс Гранпри шагналыг хүртэж Итали улсад уригдсан. Мөн Марийнскийн театрт гоцлол дуучнаар ирэх есдүгээр сараас ажиллахаар болсон. Хүүдээ их найдлага тавьж байгаа, сайн дуучин болох байх. Т.Энхдулам охин маань СУИС-ийг дуурийн дуучнаар энэ жил төгссөн. Одоогоор Солонгос улсад магистрт сурахаар бэлтгэж байна даа. Хүргэн маань бас дуурийн дуучин. Би нэг зээ охинтой. Тэрнийгээ чадалтай уртын дуучин болгоно гэж бодож байгаа. Зээ охин маань надад их сайн, өвөө гээд л хамаг зүйлээ барьж гүйнэ. Гэрээс гарахад гутал тослоод байгаа тэр бяцхан амьтныг их санана. Өөрийн хүүхдээс илүү л болдог юм байна. Тэгээд хэдэн сайхан шавь нар маань миний хүүхдээс өөрцгүй юм шүү дээ. Би хүүхдүүддээ түмэн олноо баярлуулаад, төрсөн биеэ эмх цэгцтэй авч яваарай. Дуунд чинь ухаан бий. Тэгээд сэтгэл чинь зөв байвал сайхан бүтээл гарч ирнэ, сайхан ч явна гэж захидаг даа.
-Та 2003 онд “Уртын дууны холбоо” байгуулж тэргүүнээр нь 2013 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд багагүй ажил амжуулсан байх даа?
-Ж.Дорждагва багшийн 100 жилийн ойгоор нутаг нутгаас уртын дуучид ирж холбоо байгуулж, тэргүүнээр нь та ажиллаач гэсэн санал тавьсан юм. Энэ холбоог байгуулсны дараа уртын дуугаа ЮНЕСКО-д “Дэлхийн хосгүй шилдэг бүтээл”-ээр батлуулж, уртын дууг өвлөн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулсан. Хан хуураа залж, 800 уртын дуучин, морин хуурчдыг цуглуулах гэх зэрэг давтагдашгүй хэдэн том зүйлийг хамт олонтойгоо хийж бүтээсэн нь эргээд бодоход их сайхан юм.
-Та Хөгжим бүжгийн коллежид багшилж мөн жүдогийн дэвжээ хичээллүүлдэг юм байна. Шавь нар олон биз дээ?
-Нэг үеэ бодоход уртын дууг сонирхдог, сурах эрмэлзэлтэй залуучууд их болсон байна. Мөн энэ төрөлд эрэгтэй хүүхэд орж ирэхэд би ямар их баярладаг гээч. Уртын дууны ангид жилд ганцхан эрэгтэй хүүхэд орж ирдэг байлаа. Гэтэл энэ жил 10 хүүхэд орж ирсэн шүү дээ. “Эр хур харцага”, “Эрдэнэ засгийн унага”-ыг 10 сайхан эр хүн гарч ирээд дуулах ч сайхан даа. Тэдэндээ энэ сайхан ардын өв уламжлалаа хайрлан, дэлгэрүүлж бахархаж байгаарай гэж захидаг. Харин Кёкүшюүзан Д.Батбаяр, Б.Батзориг заан хоёр надад их сайхан санал тавьсан байдаг. Жүдогийн дэвжээ хичээллүүлж байна. 7-14 насны 36 хүүхдэд жүдогийн хичээл зааж байна. Тэр хүүхдүүддээ олимп, дэлхийн аварга төрүүлчих юм сан гэсэн өөдрөг мөрөөдөл тээж авдаг даа.
Зууны мэдээ
Т.Батсайхан
URL: