14 настай охин согтуурсан үедээ өөрийгөө гэмтээжээ
Шинэ жилийн баярын өдрүүдэд архи согтуулах ундаа хэтрүүлсэн хэрэглэснээс үүдсэн хэрэг зөрчил цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгджээ.
Үүний нэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд 14 настай охин согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гарын бугуйн хэсгийг гурван удаа зүсч гэмтээсэн хэрэг он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 31-ны өдөр гарчээ.
Хэргийн талаарх дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, Дундговь аймгийн харъяат Х гэх 14 настай охин өөрийгөө хутгаар гэмтээж байсныг таслан зогсоож, эрүүлжүүлсэн байна.
Мөн тухайн өдөр Сонгинохайрхан дүүрэгт оршин суугаа хаягтай А нь өөрийн хойд эцэг 48 настай М-ийн биед халдаж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Шалгалтын явцад А нь архидан согтуурсны улмаас уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Т.Гэрэл
URL: