ТӨМӨР ЗАМЫН АЮУЛГҮЙ БҮСЭД ХЭТ ОЙРТОЖ ОЛБОРЛОЛТ ХИЙСЭН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ
Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшиж, далд аргаар нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Тодруулбал, тус уурхай нь суурьшлын бүс доогуур олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улмаар цөмрөлт үүсэх эрсдэлтэй болсон гэдгийг дүүргийн иргэд холбогдох байгууллагад гомдол гаргасан байна.
Энэ дагуу мэргэжлийн хяналт болон бусад албаны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр шалгалт хийжээ. Шалгалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэгт заасан зарим баримт бичиг уурхай дээр байхгүй, батлагдаагүй, газрын доорх малталт тусгай зөвшөөрөлтэй талбайгаас гарч бусдын газарт нэвтэрсэн. Ашигт малтмалын тухай хуулийн заалтууд зөрчсөн, олборлолтын мөргөцөг нь төмөр замын аюулгүй бүсэд ойр зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна.
Тиймээс далд уурхайн үйл ажиллагааны зүүн жигүүрийн олборлолтыг зогсоох, мөн төмөр замын аюулгүй байдлыг ханган газрын гадаргад цөмрөлт үүсэхээс сэргийлж олборлолтын мөргөцгийг хааж аюулгүй болгож сэргээхийг сануулсан байна. Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, батлуулах, мэргэжлийн байгууллагаас тавьсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага зэргийг биелүүлэх хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн Нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй талбай ашиглахтай холбоотой зорилгоор түр зогсоосон байна.
Г.Алимаа
http://www.24tsag.mn/a/168814
URL: