Төрийн албан хаагчид нэмэгдэл авч эхэлнэ

177

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Засгийн газраас холбогдох журмуудыг батлаад байна. 2019.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх уг журмын дагуу Төрийн албан хаагчид хугацааны болон албан тушаалын, цол, ур чадвар, орон нутагт ажилласны нэмэгдэл авах юм. Тухайлбал,

1. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын хугацааны нэмэгдэл:

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо ажилласан хугацааг нь харгалзан албан тушаалын сарын үндсэн цалингийн хувиар бодно.

Төрийн алба хаасан хугацаа Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ /хувиар/
6-10 жилд 5%
11-15 жилд 10%
16-20 жилд 15%
21-25 жилд 20%
26 ба түүнээс дээш 25%

Мөн ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажилласан, нийтээр амрах баярын өдрүүд, бямба, ням гарагт ажилласан албан хаагчийг нөхөж амруулаагүй бол нэмэгдэл хөлс олгож байх юм.

***

2. Докторын зэрэг, профессорын цолны нэмэгдэл:

Төрийн албан хаагчдад докторын зэрэг, профессорын цолны нэмэгдлийг дор дурдсан хувиар бодож олгоно.

Эрдмийн зэрэг, цол Албан тушаалын сарын үндсэн цалингаас бодох хувь
Шинжлэх ухааны доктор 20
Профессор цол 10
Боловсролын докторын зэрэг 15
Дэд профессор цол 5

Төрийн үйлчилгээний албан хаагчид шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож ур чадварын нэмэгдлийг сар бүр олгоно.

***

3. Мэргэшлийн зэргийн нэмэгдэлАлбан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20 хувиар бодож олгоно. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн заах аргач багш 10, тэргүүлэх багш 15, зөвлөх багш 20 хувийн нэмэгдэл авна.

***

4. Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдэл: Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20 хувиар бодож сар бүр олгоно. Орон нутгийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, соёл, урлагийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид аймгийн төвийн суманд 8-10, хөдөөгийн суманд 10-15 хувиар тооцож олгох юм.

***

5. Эрүүл мэндийн салбар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүйтэн нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д орсон ажил хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.

Харин аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг, диспансер, “Энэрэл” эмнэлгийн сүрьеэгийн тасаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиник болон сүрьеэгийн лавлагаа лабораторид ажиллаж байгаа эмч, сувилагч, лаборант, асрагчид үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.

Төрийн үйлчилгээний албан хаагчид олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон нэмэгдэл хөлс олгох журмыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх бол бусад журмыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх юм.


URL:

Сэтгэгдэл бичих