Гацуурын үнэ буурч, оргилуун дарс, бялуу эрэлттэй байна
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад ердөө л гурав хоног үлдлээ. Нэг хэсэгтээ энэ жил хийсэн ажлынхаа тайлан, төлөвлөгөө, байгууллагын шинэ жил гээд хэсэг завгүй гүйсний эцэст сая амсхийх гэтэл түүнээс илүү толгой өвтгөсөн асуудал гараад ирэх нь тэр. Шинэ жилийн орой ширээгээ юугаар чимэх вэ. Түүнд хэдэн төгрөг зарцуулах вэ гээд бодох юм зөндөө. Ингээд бид шинэ жилийн ширээ хэр өртөгтэй засагдахыг сурвалжлахаар зарим худалдааны төвүүдээр орлоо. “Нарантуул”, “Хархорин”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвд 50 см-ээс нэг метрийн өндөртэй гацуур 8-15 мянга, чимэглэл нь 5-10 мянга байх жишээтэй.
Харин Улсын их дэлгүүр, “Скай” зэрэг томоохон худалдааны төвд 40-600 мянган төгрөгийн үнэтэй Бельги, Хонгконгоос оруулж ирсэн гацуур нүд хужирлах аж. Түүнчлэн “Скай” их дэлгүүрт зургаан сая төгрөгийн үнэтэй найман метрийн өндөртэй сүрлэг гацуур ч харагдаж байсан. Гэхдээ манайхан баярт ихээхэн ач холбогдол өгдөг болсон нь ажиглагдаж байлаа. Учир аль хэдийнэ баярынхаа бэлтгэлийг базаасан бололтой. Шинэ жилийн гоёл зарж буй лангууны бараа багасчээ. Мөн сонголт ч хомс үлдсэн байна лээ. Зарим худалдагчид барааныхаа үнийг хямдруулж, 40 мянгын,, гацуурыг 37-38 мянга болгосон байв. Хэрэв “яривал” дахиад хэд гурван төгрөг буулгаж магадгүй л юм билээ. Харин шинэ жилийн гоёлын хувцас, бялуу, дарс эрэлт хэрэгцээтэй байгаа нь ажиглагдаж байлаа.
Бялууны хувьд “Мөнх-Ундармал” компанийн бялуу хамгийн хямд буюу 6000-9000 төгрөгийн хооронд байсан. Дараа нь “Жүр үр”-ийн бялуу 7500-12500 мянга байх жишээтэй. Харин “Мон Бейкери” компанийн үйлдвэрлэсэн бялуу 16500-35000 төгрөгийн үнэтэй байгаа нь өндөр үнэтэйд тооцогдож байлаа. Шинэ жилийн ширээндээ зайлшгүй тавих дараагийн зүйл бол оргилуун дарс. Манайхан Оросын “Советская”-г түгээмэл “буудуулдаг”. Тэгвэл үнэ нь 16 мянга болж өнгөрсөн жилийнхээс 1000 төгрөгөөр нэмэгдсэн байх юм. Харин Германы “Сект”, Италийн “Асти”, Францын “Дом Перигнон” зэрэг алдартай шампанскууд 34-51 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Гэхдээ энэ бол өндөр зэрэглэлийн хэрэглээ. Харин бөөний худалдааны төвд шампанск 4500-11000 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан. Бид энэ сурвалжлагыг хийж байхдаа бяцхан тооцоо хийж үзсэн юм. Ам бүл гурвуулаа шинэхэн гэр бүл баярын ширээгээ барагцаагаар 30 мянгад чимэх юм билээ. Гэхдээ үүнд хоол, зуушны тухайд нарийн тооцоогүй гэдгийг хэлэх нь зөв байх.
Энд дурьдахад, иргэд баярын хүнсээ базаахдаа анхааралтай байхгүй бол “Барс” зэрэг худалдааны төвийн үүдээр хөлдсөн бялуу зарж байгаа нь мэр сэр харагдсан. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд хугацааг нь хэтрүүлэн хадгалсан бялуунаас хордсон олон хүүхэд, иргэд хордлогын төвд хүргэгдэж байсныг санах нь зөв байх. Тиймээс зарим худалдааны төвд ил задгай зарагдаж байгаа бялууг худалдаж авахдаа болгоомжлоход илүүдэхгүй биз. Түүнчлэн өнгөрсөн жилийн баяраар хэрэг дэгдээсэн салютыг гудамж, талбайд гар дээрээс худалдаалахыг хориглосон. Гэтэл “Бөмбөгөр” худалдааны төвийн гадаа 18.00 цагийн үед очиход худалдаалж байх аж. 3-5 “бууддаг” салютыг 35004000-ын хооронд зарах юм.
Харин цацруулагч 2500 төгрөгөөр борлуулж байлаа. Салют зарж буй эмэгтэйгээс “Энэ чинъ тэгээдхэр найдвартай юм” гэхэд. “Манай хүүхдүүд “буудуулаад” байсан. Зүгээр л юм шиг байна лээ” хэмээн тоомжиргүй хариулах юм. “Салют гар дээрээс худалдаалахыг хориглосон байх аа” гэхэд “Энэ олон юм яриад байгаа хүн чинь хэн бэ” гэсэн байдалтай өмнөөс сүрхий харснаа салютаа саан дор нууж, “Юм худалдаж авахгүй бол арынхаа хүмүүст зай тавь” хэмээн ундууцаж байв. Харин худалдааны төвүүдээр ороход салют худалдаж байгаа лангуу байхгүй байв.
Зарим нэг худалдагчаас салют сураглахад “Цагдаа нар хурааж авна гэсэн. Өнгөрсөн жил энэ салютаас болж бөөн хэрэг дэгдсэн. Бараг зарах хүн байхгүй биз” гэх аж. Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил ашиглах боломжгүй салют худалдсан зарим хүмүүст хариуцлага тооцсон юм билээ.
Д.Сүх
URL: