“Гурван Амараагийн байр” буюу Нийслэл хүрээн дэх “Хот айл”-ынхан
“МОНЦАМЭ мэдээ” сонины Вашингтон хот дахь сурвалжлагч М.Саруул-Эрдэний бичсэн “Манай орцныхон” гэсэн
сонирхолтой, сургамжтай нийтлэл манай сонины 11 сарын 15-ны ¹221-д нийтлэгдсэн билээ. Тэрбээр хүүхэд насаа өнгөрөөж улмаар бие хүн болгон төлөвшихөд нь онцгой нөлөөлсөн Улсын циркийн баруун талын цэнхэр алаг 13 дугаар байрныхаа нэгэн орцонд амьдарч асан 15 айлынхаа тухай гэгээлэг сайхан дурсамжаа бичсэн байх юм. Тэгээд би ч гэсэн өөрийн хар бага насаа өнгөрөөсөн байрныхаа тухай өгүүлмээр санагдлаа. Түүний нийтлэлд “тухайн үед ихэнх дарга нарын хүүхэд гадаа гардаггүй, орос сургуульд явдаг, салангид өсдөг байсан” гэсэн нэг санаа явж байсан нь намайг энэ тэмдэглэлийг бичихэд түлхсэн гэж ойлгосон ч болно. Бас дээр нь МАНАЙ БАЙР БАС АДИЛХАН “13″ ГЭСЭН “АД ЧӨТГӨРИЙН” ДУГААРТАЙ гэж байгаа. Манай байр УИД-ийн зүүн талд, “Хүнсний 20″-ийн баруун талд гэвэл өнөөгийн хүүхдүүд сайн ойлгохгүй. Харин “Мөнгөн завъяа”-гийн баруун талын байр гэвэл дор нь ухна. Мөн 39 дүгээр цэцэрлэгийн яг өмнөх мөн тэр үед сураг нь ч байгаагүй “Гандирс” хэмээх аварга ордны яг зүүн талд байдаг.
БАЙРНЫХАА 50 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЖ ЧАДААГҮЙ
Анх 1958 онд ашиглалтанд орж оршин суугчид нь орсон гэдэг. Эмээ маань энэ талаар “Манайх тэгэхэд “Усны гудамж”-инд байсан бөгөөд муу өвөөгийн чинь л ач буянаар төр засаг энэ сайхан орон байрыг өгсөн юм шүү дээ. Харин тэр үедээ муу зөнөг чинь энэ байранд орох мөн ч дургүй байж билээ. Ум мани… Бараг хүний эрхэнд шахам нүүн ирж байлаа шүү дээ. “Дургүйд хүчгүй” гэгчээр сэтгэлд юм юм л таалагддаггүй сэн. Ядахдаа л аяга халбагахан унахад шал нь хөндий юм болохоороо цуурайтаад ч байх шиг санагдаад л үгүй эхэндээ нүгэлтэй дургүй байсан шүү, энэ байшин саванд” гэж дурсдаг сан. Гэрт, хашаанд амьдарч байсан хүмүүсийн нийтлэг төрх энэ байх. Манайх 3 орцтой хэрнээ 18-хан айлтай. Ерээд онд миний бие “Баян Хангай” гэдэг концернд түр ажилласан юм. Үйлдвэр комбинатад байдаг энэ компанид ажиллаж байх үед пийшинд маань “нэг асуудал” үүсвээ. Учир зүггүй хар утаа савсуулаад байх болов. Тэгээд хамт ажилладаг залуудаа энэ тухай хэлбэл “Дүү нь очоод янзлаад өгөе” гэлээ. Хаяг асуухаар нь “УИД-ийн зүүн тал дахь 13 дугаар байрны 2 дугаар орцны 10 тоот” гэвэл өнөөх чинь гайхаад суучихав. Амаа бараг ангайсан байх аа. “За яасан” гэсэнд “Пөөх 2 дугаар орцонд чинь 10 тоот хаалга бас байдаг хэрэг үү” гэж билээ. Нээрээн 70-аад оны сүүлчээс ашиглалтанд орсон оросын 9 давхар байрнуудад гэхэд л нэг орцондоо 36 айл, за 5 давхар саарал “хрушёвка” байрны ганц орцонд л гэхэд 15 айл амьдардаг юм билээ.
Тэгэхээр “2 дугаар орцны бас 2 дугаар давхрын айл ¹10 гэсэн дугаартай” гэхээр орос байр саванд амьдарч өсч буй хүүхэд залуус гайхах нь зүй. За тэгээд 13 дугаар байрны зүүн талын нэгдүгээр орцны ¹1-д суудаг айл бол “доголон Батсүх” гэдэг суга таягтай хүү, түүнтэйгээ хамт 23 дугаар сургуульд нэг ангид сурдаг Батчимэг гэдэг охинтой айл байсан. Сүүлд тэднийх 80-аад он гараад болов уу нүүн одсон. “Доголон Батсүх” / тэр бас ангийнхаа атаман байсан санагдана/ АУДС төгсөөд зах зээл эхэлсэн хойно хаа ч билээ аптект эм тариа зараад сууж байгаа харагддаг сан. Харин Батчимэг хэрвээ би андуураагүй бол МУИС-ийн хуулийн ангийг 1989 онд байх аа төгссөн Баттөртэй гэр бүл болоод хожим нөхөр нь 9 давхраас унаж сүйд болсон гэнэ лээ. Хэдэн жилийн өмнө таарахад “АНУ-ын ЭСЯ-нд ажиллаж байгаа” гээд зөрсөн санагдана.
Харин ¹2-д бид бүхний хайртай Цэцгээ эмчийнх, Цэцгээ эгчийнх байна. Тэр хавийн айлуудын хүүхдүүд бүгд “түүний гараар орсон” гэдэг байх шүү. Уучлаарай өрхийн тэргүүн нь бол ХААДС-ийн декан бил үү, проректор Чойжилсүрэн гэдэг хөх хүн байх. Дуу шуу муутай, дөлгөөхөн тайван эр. Эднийх гурван хүүхэдтэй. Том охин Чимэгсанаа нь 28-р сургуульд орос хэлний багш байсан санагдаж байна. Дунд охин Сараа /бүтэн нэрийг нь сайн санахгүй байна/ ЭНЭШТ-д эмчээр ажиллаж байлаа. Отгон хүү Дэмбэрэлсүрэн гэх орос 3 төгссөн томоотой хэрнээ элдвээр дүрсүйтэн чих халууцуулах гээд байсан хүүгээ аав нь 90-ээд оны эхээр “Монгол адуу” төслийн хүрээнд байна уу даа их Наран улсад илгээсэн. За бараг 20-иод жил тэнд амьдарч байгаа байх. Бүүр тэндхийн хүргэн болоод “бүсгүйгээ аавтай нь гэртээ авчирсан” гэж ээжээс нь дуулсан юм байна.
¹3 айл бол Дашзэвэг гуайнх. Намайг багад НТХ-ны эрүүл мэндийн хэлтэст ажиллаж байгаад дунд ангид байх үеэс Эрүүл мэндийн яамны орлогч сайд, за тэгээд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга зэрэг хариуцлагатай өндөр албан тушаалаас ер нь буулгүй байсаар капитализмтай золгосон хүн. Эмээ Сахьяа маань Дашзэвэг ахыг маш өндөр үнэлнэ. Уг нь ч баргийн хүнийг нэг их ойшоодоггүй хүн сэн. “Энэ Дашзэвэг их хол явах хүүхэд шүү. Ерөөсөө хэнд ч “үгүй” гэж хэлдэггүй, болгож бүтээх гээд л зүтгэчихдэг хүн гэж ярилцах юм билээ…” гэдэг сэн. Гэргий нь Хандаа эгч гэж налайсан тайван эгч бий. Бас уурлаж цухалдахыг нь багачууд бид хараагүй л юм байна. Эднийх гурван бандитай. Том хүү Цогтбаяр, дундах Цогтсайхан ах нар манай байрны атаманууд. Байраараа хоёр хуваагдаад л энэ хоёрыг дагаад салбаганачихна ш дээ. Хожим Цогтбаяр ах Анагаахын дээд төгсөөд улмаар Монголын бөөрний мундаг эмч болж, нэгдүгээр эмнэлэгт л насаараа ажилласан байх. Харин 2-3 жилийн өмнө гэнэт бурхан болсон байна лээ. Хожим нь найз нараасаа дуулсан. Дүү Цогтсайхан нь бүүр ч их хөдөлгөөнтэй, биднийг их сайхан дагуулж үлгэр дууриал болж байсан юм аа даа. Гэхдээ л атамандаж хүн харыг дээрэлхэж, дээрэмдэж байхыг нь хар багаасаа л хараагүй. Чехэд суралцаж байгаад энд ирж төгссөн санагдана. Хожим нь Москвад Дипломатын академи дүүргээд, гайгүй хариуцлагатай алба ч хашиж явсан. Энэ намар санамсаргүй тааралдтал муу дүүгээ дайлаад л, нөгөө л дээд доод гэж ялгаварладаггүй зангаараа загнаад л салж байна лээ. Отгон хүү нь манай ангийн Амарсайхан. Яагаав нөгөө Газрын тосны газрын дарга гэвэл хүмүүс мэдэх байх аа. “Зав зай муутай ажил эрхэлдэг болохоор бараг шөнөөр шахам орж ирээд л гарах юм” гэж өнгөрсөн хавар Хандаа эгч хэлж байна лээ.
¹4 хаалганд Норжмаа гэдэг авгай /эмээ гэсэн ч болох/ том болсон охин хүргэнтэйгээ амьдарч байсан. Насны зөрөө их болохоор бидний пацаанууд огт холбогдож байсангүй дээ. ¹5 хаалганд 70-аад оны эхээр Болгарт суугаа Элчин сайдын яамнаас нэг айл нүүн ирж тэр хавийн айлуудын нүдийг баясгаж байж билээ. Балжинням гэж сайхан хөгшин ханьтайгаа, 4-5 хүүхэдтэйгээ төвхнөж, том охиных нь өмссөн лакан хар гутал манай хүүхнүүдийг бараг унтуулдаггүй байсан болов уу? Балчирхан банди миний л ой санаанд тэр гутал хадагдаж үлдсэнийг бодоход “жинхэнэ фирмийн” юм байсан байлгүй. Хожим хоёр хөгшин ойчоод өгсөн. Түүнээс ч өмнө байх нөгөө “доголон Батсүх”-тэй нэг ангид сурч байсан хүү Баярсайхан нь цэргээс халагдан монтёроор ажиллаж байгаад томоохон осолд ороод нэг настай монтёртой маш аймшигтайгаар бурхан болж билээ. Түүний охин дүү Оюунцэцэг нь 8-р ангиасаа орост ТМС, комд яваад жаал задгайрсан байх. Орой үдшийн цагаар баар савнаас юм болов уу гэртээ ирэхэд нь элдэв сүүл дагалдаж ирээд нэг удаа тэдэнтэй нь бид муудалцаад аа. Гэтэл тэд нь энгийн хувцастай цагдаагийнхан байж таараад за нэг онцгүйхэн юм болж дуусч билээ. Бас Бямбаа гэдэг дээрээсээ хоёр дахь ах нь хэнд ч, юунд ч дийлддэггүй “том бутылка” болж орхисон. Тэднийх хожим байраа зараад хаашаа ч юмб нүүсний дараа гэрийнхээ хаалгыг дэрлээд унтдаг болчихсон гэж манайхан ярьдаг байсан. Бас хар усанд уулгаад дууссан. ¹6 хаалганд Сомира атаман аав Дашдондог байх аа, солонгос ээж Ли Пүн Син, эгч Мөнгөнцэцэг нартайгаа амьдарна. 23 төгссөн, хөдөлгөөнтэй, гэхдээ нэлээд хүнлэг этгээд байсан санагдаж байна. Нөгөө ах дүү Цогтбаяр, Цогтсайхан нарын дараа үеийн атаманаар тодорсон. Бидний муу хэдэн бацааныг дэглэх шиг болно доо. “Бонивур болгоноо, та нарыг ” гээд л хаанаас нь ч гараад ирсэн юмб олс дээсээр хоёр гарыг ард хүлж байгаад орцны пааран дээгүүр давуулж гогцоодож байгаад дүүжлэх ч гэж дээ өргөнөө. Орь дуу тавиад л явчихдаг сан. Тэр үед “Виталий Бонивур” гэдэг цагаантнуудтай эрэлхэгээр тулалддаг улаантны тагнуулчийн тухай кинонд Бонивурыг тэгэж гарыг нь ард нь хүлээд дүүжлэн хороож байгаа байдлаар кино нь өндөрлөдөг байсан л даа. Хүүхэд багачуул киноноос тэгэж л үлгэр жишээ авдаг байлаа ш дээ. За бас “Танкешин ахмад” гэдэг унгарын кино гарахаар бүгдээрээ л ташуур эргэлдүүлээд гараад ирнэ шүү дээ. “Спартак”-ийг үзсэн юм болов уу байр болгон өөрийн гэсэн “легионерууд”, когорттой болж орхино. Бүгдээрээ зузаан кардонон хайрцгаар томоо бамбай хийж авна, тэгээд л баруун гартаа ташуураа эргэлдүүлээд гараад өгнө дөө. Гоё доо. За бас чулуугаар мөн ч их байлсан даа. Хэд хэдэн айлын цонх няр хийсээн, тэр үед. Миний хувьд чулуу дүүгүүрдэх хоббитой тул төлөөс нь болсон гурван ч байна уу хагархай сорви толгойд минь байх учиртай. Өө тийм. Орцонд жагсааж зогсоогоод нэг нэгээр нь тамхины акурк зуулгаад эвдэрхий л байсан болов уу аппаратныхаа кнопийг дарж орхино. Сомира атаман өөрөө бол янжуур зуугаастай. “За та нар үгэнд орохгүй бол энэ тамхи татаж байгаа зургийг чинь аав ээжид чинь өгнө шүү” гэхээр л би лав сүнсээ хагартал айдаг сан. Сомира ахын жинхэнэ нэр нь Батжаргал. ШШГЕГ-ын дарга, бригадын генерал байгаад одоо Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн даргын албыг хашиж сууна. Хүхэд балчир насныхаа найз нараа гандаж гундаж явахад нь тэвчилгүй тэднийхээ хойноос хөөцөлдөн, архи дарсгүй эрүүл зөв амьдралд нь оруулах гэж бишгүй үзэж тарсан гэдэг юм билээ. Үүнд муу дүү нар нь танд талархаж явдаг шүү. Одоо газар дээрх ганц эгч нь “…” гэдэг холны газар ажиллуулдаг гэж сонссон.
За ингээд нэгдүгээр орц өндөрлөж, дараагийн орцондоо шилжие. Амархан байгаа биз? ¹7 хаалганд УБДС-д насаараа багшилсан С.Надмид багшийнх байна. Энхтайван гэдэг сахал үс болсон намуухан ах, за тэгээд Энхтуяа хэн хэн билээ эгч нар, харин отгон нь “тультраа Туул” гэж надаас нэг дүү охин байх. Ажаа гэдэг нэг сайхан халзан эмээ байсан. Тэднийх 70-аад оны дундуур нүүж оронд нь хажуугийн 12 дугаар байрнаас манай хамаатан эмээгийн маань дүүгийн охин Аюуш эгчийнх / өрхийн тэргүүн нь Баатар ах л даа/ ирсэн. Тэтгэвэрт гартлаа ниссэн Баатар ахынх Бат-аар эхэлсэн таван сайхан хүүхэдтэйн отгон нь ганц охин нь. Одоо тэд бүгдээрээ бусдын жишгээр сайн сайхан амьдарцгааж явна. Аюуш эгч /Абу гэж бид авгайлдаг/ насаараа хотын Гүйцэтгэх захиргаанд бичээчээс эхлээд ажилласан бөгөөд түүний энэ он удаан жилийн хөдөлмөрийг үнэлэн орон сууцаар шагнасан ч удаатай. Одоо ч гэсэн “уугуул газартаа урилга заллагаар ажилладаг” гэж эртээд тааралдаад хэлж байсан шүү. ¹8 хаалганд намайг ухаан ороход л Түдэв гэдэг Францаас ирсэн дипломатчийнх байсаан. Жигтэйхэн том алаг нүдтэй хөөрхөн эгч нарын ганц нуган дүү нь Батаа гэдэг надаас ганц дүү хүү байх учиртай. Тэднийх 73-75 оны үед нүүн одсоноос хойш хоёр дахь айл нь энд байгаа байх. ¹9-д Дангаасүрэн гуайнх оршмой. МХЗЭ-ийн нарийн бичгийн дарга байхдаа Бал даргатай зөрчилдсөнөөс ажил албаа өгч, Дорно дахины түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан байх аа. Гэргий нь Цолмон эгч гэж залуудаа эрчүүлийг өөрийн эрхгүй эргүүлж харуулдаг сайхан хүүхэн явсан гэдэг. Ямар сайндаа тэднийх БНАСАУ-д Элчингээр сууж байхад гадаад орнуудын элчин сайдууд оролцсон хүлээн авалтанд ирсэн газар газрын харчуул Цолмон эгчийг харах гэж очдог байсан гэх юм билээ. Миний муу эмээ л тэгэж ярьдаг байсан. Тэгэхээр үнэн л байж таараа. Тэднийх Амгалан ах, Цолмон эгч, өдгөөгийн УИХ-ын гишүүн Энхбат ах, Цэцээнээ эгч тэгээд миний үеийн Энхбаатар /Инжинааш/, Энхболд /Тэмүүжин/ гэсэн хүүхдүүдтэй. Бал даргад дарлуулаад даргаасаа мултарч гэртээ ирэнгүүтээ “Бал миний ажлыг мэддэг юм бол, би хүүхдүүдийнхээ толгойг мэдье” гээд нэрийг нь хашилтан дахь нэрээр солиулсан гэдэг юм шүү, ха ха ха. Гоёо?
Амгалан ахтай дээр ганц удаа таарсан. Тэмүүжингээс сонсоход “Зүүнхараад л амьдардаг” гэсэн. Солонго эгч Түвшин ах хоёр /нөхөр нь/ хэдэн хөөрхөн охинтой, эгэл сайхан л амьдарч яваа. Харин Инжинааш маань 4-5 жилийн өмнө байх аавынхаа 49 хоног нь өнгөрөөгүй байхад гэнэт бурхан болсоон. Аавыгаа өнгөрөхөд нь Солонгост ажиллаж байсан тул ирж чадаагүй дүү Тэмүүжин нь удалгүй ахыгаа өнгөрөхөд тэсгэлгүй ирчихсэн “ажил явдалд нь оролцож явнаа” гэж гудамжинд санамсаргүй таараад хэлж байсан. Тэмүүжин маань салхитай л даа, гэнэт гарч ирснээ гэнэт хаашаа ч юмб алга болчихдог. Борнуур, Түнхэл хавиар л салхилж яваа байх. Тэнд хүүхэдтэй багш хүүхэнтэй амьдарч байгаа гэж дурдаж байсан. ¹10 хаалганд манайх амьдардаг. Ганцхан зүйл хэлэхэд манайх Абу эгчийнхтэй яг адилхан. Тэдний дараалсан дөрвөн хүүгийн дараа ганц Батчимэг гэдэг охин төрсөн бол манайх бас дөрвөн хүүг отголсон охинтой айл. ¹11 хаалганд Очиршил гуайнх амьдардаг. Эхнэр Доржпалам, охин Тунгалаг нарын хамт ажин түжин амьдарна. Одоо Тунгалаг хотын гүйцэтгэх захиргаанд ажиллах бөгөөд ганц хүүг нь ээж нь асран хүмүүжүүлсээр байгаа аж. ¹12 хаалганд гавьяат багш Тагар хэмээх өвгөн буурал ханьтайгаа …, охин Цэцэгээ, зээ охин Мандахын хамт аж төрөн амьдран суудаг байсан. Одоо Цэцэгээ эгчийн охин Мандах нөхөртэйгээ гадаадад л амьдардаг сурагтай. Тэгэхээр Цэцэгээ эгч гэрээ сахиж сууж таараа. За ингээд сүүлчийн гурав дахь орцонд ирлээ. ¹13-т нэг их өндөр настай, таяг тулсан хөгшин үр хүүхдийн хамт байдаг сан. Лав л Саку буюу Саранцацрал гэдэг бас нэг атаман ах байсаан. Аав Тойвгоо нь хожим “Говь”-ийн амралтын дарга гэж явсан байх аа. Нэгдүгээр давхрын үлдэх хаалга болох ¹14 Гандиймаа эмээгийнх. Нүдний шил зүүсэн Сараа гэж нэг эгч, бас хожим замын цагдаад олон жил зүтгэж “панааланд ордоггүй Хүрлээ” ч бил үү хоч зүүж явах болсон Хүрлээ гэдэг ах байдаг сан. Одоо тэд бүгд хаа явдаг юм бол, бүү мэд.
Хоёр давхрын ¹15-д местный орос авгай Галина өргөмөл охин Цэцэнлэгтэйгээ амьдардаг байгаад 70-аад оны дундуур байх “Хүнсний 20″-ийн байранд байраа сольсон юм даг. Цэцэнлэг нь Дангаасүрэн гуайн охин шүү дээ. Харин тэр сольсон айл нь манай ангийн Амарсанаагийнх байгаа юм. Балжинням инженер, 12 дугаар сургуулийн химийн багш …. нарын ганц хүү Амарсанаа АНУ руу гараад өдгөө10-аад жил болж байна. Аав нь савхи, арьс ширний л мундаг инженер, биднийг бага байхад л Голланд, баруун Герман томилолтоор явж ирсэн тухай нь Маараа маань бидэнд ярьж нүд бүлтийлгэдэг сэн. Маараа амань 10 төгсөөд ажиллаж багаад АУДС-д элсэн орж гайгүй сайн сурсан юм болов уу нэгдүгээр күрсээ төгсөөд л нөгөө “сарааз майор” гэдэг шиг шууд л Ленинградад цэргийн АУДС байх аа сургуульд явж төгсөн ирээд III эмнэлэгт зүрхний эмчээр ажиллаж байгаад нэг сайхан өдөр л Америк нисчихсэн байна лээ. За бас манай ангиас гарсан хоёрхон хосын нэгийг үүсгэсэн хүн. Эхнэр Юндэндоржийн Энхцэцэг нь Москвад хэлний сургууль дүүргэж ирээд одоо багшилж яваа. Манай ангиас 6 эмч төрсөнөөс ганц хүү нь Маараа маань. Харин эртээд Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн дарга манай ангийн Тунгалаг Маараагийн тухай хүнд “Уг нь Градад зүрхний анестозологиор төгссөн хэрнээ өөрөө гараад явчихсан хүн дээ” гэж нэлээд харамссан өнгөөр дурсаж байхыг сонссон. Харин “Маараа удахгүй ирнэ” гэсэн үг ойрноос дуулдах болж. ¹16-д генерал Дүнгэр-Яйчил гуай орос авгай, том хүү Алдар буюу орос нэр нь Слава, одоо “Монголия сегодня” сонинг эрхлэн гаргаж буй охин Солонго, “тува Зоригоо” хэмээх хочит хүү өөр бас нэг охинтойгоо амьдарна. Одоо ч тэднийх бууриа сахисаар буй. Ер нь анх 1958 онд энэ байранд орсон айлуудаас өдий хүртэл амьдарсаар байгаа нь тун цөөхөн. ¹3 Дашзэвэг гуайнх, ¹11 Тунгалагийнх, ¹12 Цэцэгээ эгчийнх, ¹16 Дүнгэр-Яйчил гуайнх. За яахав байрандаа айл суулгаснаас бус зараагүйгээрээ энэ эгнээнд манайх орох л байх.
Сүүлчийн гурван давхрын ¹17 тоот бол гавьяат хуульч Батсүх гуайнх. Гантулга ах, Ганбаатар /хоч нь Мушка/, Нармандах эгч отгон нь манай “шар Ганболд” маань. Ганболдод би нэрийг нь санахгүй болохоос өөр нэг эгч бас бий. Эмч хүн байх ёстой. Нармандах эгч Олимпийн хороонд насаараа ажилласаар яваа болов уу. Харин Ганболд маань 3 жилийн өмнө байна уу Японд ажиллаж байгаад нас барсаан. Өмнө нь эхнэр Гүнжээгийнхээ хамт өмнөд Солонгост хоёр ч удаа очиж ажиллаж байсан л даа. Харин Мушка ах намайг 82-83 онд Эрхүүд суралцаж байхад хотод автын ослоор цэл залуухнаараа бие барсан гэдэг. Хожим Батсүх гуайн гэргий Долгор эгчийг бие бараад удаагүй байхад нь муу Ганбаа маань өнгөрсөн гэсэн. Харин хожим тэднийх байраа зараад оронд нь нэг айл орсон байна лээ. ???
Манай байрны хамгийн сүүлчийн ¹18-т Барилгын яамны сайд Тлейхан гуайнх амьдарнаа. Лав л Зоя гэдэг охин, Бахыт гэдэг хүүтэй байсан. Зоя эгч гэж ам хуурай явахгүй, хүн бүртэй ярьж хөөрсөн сайхан сэтгэлтэй нэгэн байх. Нөхөр нь циркийн акробатчин ч билүү ориг монгол, бас өөрөөс нь намхан гээч. Яагаад ч юмб бид их л гайхан сонждог сон. Харин саяхан даа Зоя эгчийг Америк гарчихсан гэж дуулсан юм байна. “Хүнд гарын жигит” Бахыт хэрвээ би андуураагүй бол Сонгинохайрхан дүүргийн цагдаад байгаа байх аа.
Хожим тэдний байранд шинэ эзэн суусан нь Намбар гуайнх. Энхбаяр ЕС болсноос хойш хааяа тэнд очиход цагдаагийн хамгаалалт гарчихсан, тэгээд хажуугийнх нь орцондоо орох гэж нэлээд юм болж байна лээ шүү.
58 онд ашиглалтанд орсон байрныхаа “50 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЕ” гэсэн бодол надад 2008 онд биш харин хожуу 2009 онд ноднин орж ирдэг байна ш дээ. Тэгээд ШШГЕГ-ын дарга Батжаргал нарт санал тавьсаан. Юу гэвэл байрныхаа 60 жилийн ойг биднээс хэн маань нь ч үзлээ билээ, за тэгээд 10 жилийн дараа гэхэд өнөө муу байр маань байгаа ч уу, үгүй ч үү? Газарт орчихсон байхад гайхах зүйл байхгүй шүү дээ гэснээс тэр. Тиймээс хар бага насаа энэ байранд 70-аад онд өнгөрөөсөн охид хөвгүүд бүгдээрээ байрандаа цуглараад бага насаа дурсан ярилцаж, газар дээр нь бичлэг хийн мөнхжүүлэе л гэсэн юм. Тэр нийлж идэж уух нь ч яахав. “Яг энд би лапта цохих гээд халтирч унаад толгойгоо хагалчихаагүй юу” гэх зэргээр дурсан ярилцаж, шавайгаа ханатал инээлдэе гэсэн юм.
Юун хэмээвэл бидний багадаа бөмбөг өшиглөж, лапта тоглодог байсан 12 дугаар байрны хойд талын хэсэгхэн газарт өдгөө “ГАНДИРС” ХЭМЭЭХ НИЙСЛЭЛИЙГ МААНЬ ЧИМСЭН “ҮЗЭСГЭЛЭНТ ГОО ДАГИНА” НЭГЭНТ СҮНДЭРЛЭЖЭЭ”. За бас хөлбөмбөг өшиглөн гүйлдэж явсан 23-р сургуулийн өмнөх талбайд “Явуугийн цэцэрлэгт хүрээлэн” өнөө маргаашгүй босох нь. Тэгэхээр маньсын багын юмс ор мөргүй алга болж дуусахаас нь нь өмнө өрсөөд бүгдээрээ цуглаад дурсгалын сайхан патиараа татуулах сан л гэсэн хэрэг.
MАНАЙХ 18 БИШ 160-ААД АЙЛТАЙ ҮҮБИЙГИЙН БАЙР
Нэг гэм нь өдгөө бид “Энэ манай байрных” гэж хэн нэгнийг хэлэхэд тэр нь яг манай байрных /байшингийнх/ биш байдаг нэг “гажиг булхай” буй. Юун гэвэл нэгдүгээр 40 мянгатыг анхнаасаа өөд өөдөөсөө харсан дөрөв дөрвөн байшингийн цогцолбор байдлаар босгожээ. Эдгээр байр болгоны дунд хүүхдийн тоглоомын талбай, томчууд нарлах /сүүдэрлэх/ сүүдрэвч зэрэг нь ёс мэт байх. Жараад оны дундуур төрсөн энэ дөрвөн байрны багачуул бид тэр л талбайдаа тоглож, нэг нэгнээ шоглон гоочилж, нус нулимсыг нь гоожуулан өссөн сөн. Иймээс хэдийгээр өөр өөр дөрвөн байшингийнх ч бид “Үүбийгийн байрныхан” гэдэг нэртэй. Яагаад “Үүбийгийн” гэж нэрлэсний учрыг мэдэх хүн одоо цөөхөн байгаа. Энэ нийтлэлээ бичиж суутал / 11.30-ны 10 цагийн орчимд/ АНУ-ын Индиана мужид аж төрөн суугаа, манай сонины идэвхтэн бичигч Дондогийн Энхчимэг мэссэнжерээр холбогдов. “Байрныхаа тухай дурсамжшуу зүйл бичиж сууна” гэвэл ёстой “загатнасан газар маажив” гэгчээр маш сонирхолтой түүх өгүүлэв. Түүний багад манай байрны нэг нохойнд хор өгч алсан явдал санаанаас нь огтхон ч гардаггүй гэнээ. Тэрхүү “хорлогдсон нохойн оршуулганд Батжаргал, Батдаваа, Батмөнх, манай дүү Энхбаяр /Одоо нэгдүгээр төрөхийн дарга/ нар явсныг сайн санаж” байна гэлээ. Ингээд Индиана мужаас Монголын зүрхний ¹1 эмч Готов асны ууган охин, Градад угсаатны зүйч мэргэжил эзэмшээд Төв музейд ажиллаж байсан Энхчимэгээс энэ сарын 2-нд ирүүлсэн дурсамжийг толилуулая.
“Манай байрны Банхар нохой”
70-аад оны дундуур Их дэлгүүрийн зүүн талын 1-р 40.000-тын 1, 2, 3 бас 12, 13 ,14 гэсэн өөд өөдөөсөө дөрвөлжилж баригдсан байранд “Банхар” хочтой орос үүлдрийн шар нохой амьдардаг байсаан. Манай байрны хүүхдүүд түүнд их хайртай, өглөө хичээлдээ явахдаа гэрээсээ авч гарсан боорцог, талхны хэлтэрхийгээ өгөх төдийгүй оройн хоолноосоо үлдсэн махныхаа ясыг хүртэл гаргаж тэжээдэг байв. Тэр үед зөвхөн хашааны айлууд л гэр орноо мануулахын тулд нохой тэжээдэг харин “байрны айлууд нохой тэжээж болохгүй” гэсэн дүрэмтэй байсан болохоор хүүхдүүдийн амьд амьтантай харилцах ганцхан боломж нь энэ байсан болов уу? Энэ үед хотод тагтаан сүрэг элбэг байж дээ. Тэд одооных шиг зөвхөн Гандангийн хавьцаа сүрэглэх төдийгүй хаа сайгүй манай гэрийн тагтан дээр хүртэл сууж заримдаа үүрээ засдаг байж билээ. Манай хөгшин ээж заримдаа хатаж хөгцөрсөн талхаа хаялгүй “тагтаанд гаргаж өг” хэмээн өглөө хичээлдээ явахад хугалж хэмхэлсэн талхаа сонинд боож өгдөг байв. “Банхар” хочит нохой манай байрыг сайн манадаг, байрныхаа оршин суугчдыг андахгүй бас хүүхдэд хайртай нэгэн байжээ. Харин Их дэлгүүрийн баруун хойно орших морин тэрэгний зогсоол руу явж буй морин тэрэг, урт хормойтой монгол дээлтэй хүмүүс, цэргийн урт шинель, бакалтай хүмүүс рүү дайрч заримыг нь хазаж урж ч байсан сан. Энэ бүгдийг харсан хөгшин ээж маань “хөөрхий энэ нохой цэргийн хүнд эсвэл дээлтэй хүнд л зодуулсан байх” гэдэг сэн.
“Банхар”-аас гадна бас “Жижгээ” хочтой хав бас манай байрных. Цоглог шингэн хоолойтой тэрхүү нохойтой охидууд бас цэцэрлэгийн насны хүүхдүүд их тоглоно. Учир нь том тэгээд бүдүүн хоолойтой “Банхар”-ыг хуцахад хажууд нь тоглож байсан жаахан хүүхдүүд цочсоноосоо уйлдаг сан. Цэцэрлэгийн насны дүү нарын шүд унахад талханд ороогоод “миний хуучин шүдийг аваад шинэ шүд болгож өгөөрэй” гэж хэлээд “Жижгээ”-д өгдөг сөн.Тэр үед золбин нохой устгадаг хүмүүс морин тэрэг хөллөн төвийн байруудаар явж ангуучлах бөгөөд яг тэр үеэр байрныхан маань гэртээ эсвэл орцондоо нууж амждаг байв. 70-аад оны үед тоглох тоглоом наадам нь бага байсан болоод ч тэр үү хөвгүүд байр байраараа талцаж чулуу нүүлгэж байлдахад ноход маань архиран “дайсны” байрныхныг айлгадаг байж. Ингэж тоглоход тэр үед Монгол ТВ-ээр анх гарч эхэлсэн ” Нохойтой 4 танкчин” хэмээх олон ангит польш киноны нөлөө ч байсан байх.Тэр киног польш хэлнээс миний нагац ах Д.Ким орчуулж телевизэд дуу оруулдаг байсныг одоо дурсахад сайхан байна. Тэр үед амралтын ганц өдөр болох бүтэн сайн буюу ням гаригт айлууд өглөөдөө сайхан унтаж амран яаралгүй босч будаатай хийцтэй цай чанаж уудаг сан. Тийм нэгэн сайхан өглөө намайг сэрэхэд гэрийхэн маань бүгдээрээ балкон дээрээ бөөгнөрчихсөн нэг юм хараад зогсож байх юм. “Юу болсон яасан” гэвэл “Нөгөө том шар нохойнд хор өгөөд алчихжээ” гэх нь тэр.
Удсан ч үгүй байрны банди нар нэг нэгнийгээ дуудан цуглаад ярилцаж байхыг харлаа. Байрны дарга ч хавтастай юмаа сугадан гарч ирээд “Энэ үхсэн нохойгоо зайлуул” гэх нь тэр. Хүүхдүүд “одоо яах билээ” гэлцэж байтал нэг нь “бүгдээрээ нохойгоо оршуулая” гэсэн санаа гаргалаа. Бүгд дэмжин гэр гэр рүүгээ орцгоон шуудай, хүрз, жоотуу зэргийг бариад иртэл “Хаана оршуулах вэ” гэсэн асуудал гарч ирэв. Гэтэл бас нэг нь “Манай эмээг “Далан давхар”-т оршуулсан юм, тийшээ аваачия” гэлээ. Харин зарим нь “Манай гэрийхэн явуулахгүй гэж байна” гэж хэлээд явах гэж байгаадаа мөнгөө өглөө. Ийнхүүнохой оршуулах хандивын мөнгө цугларч такси барин, шуудайнд хийсэн үнэнч нохойгоо арын ачаанд нь хийж “Далан давхар” луу зам шулуудлаа.
“Далан давхар”-ын нэг газарт нүх ухаж, дотор нь аваачсан хуучин дээлээ дэвсэн, нохойныхоо сүүлийг нь огтлон дэрлуулээд “хойд насандаа сайнхүн болж төрөөрэй” хэмээн ерөөж, хүн оршуулж буй мэт булсан нүхээ 3 тойрон хайртай нохойгоо оршуулсан түүхтэй.
Ийнхүү “Жижгээ” маань ханьгүй ганцаардаж тун удалгүй нэгэн өглөө л алга болсон байв. Бодвол нохойн төлөвлөгөө биелүүлдэг хүмүүс л аваад явсан биз.
Ийнхүү манай байрныхан анх удаа нохойг хордуулан алсан байхыг харж бүгдээрээ цочирдсон ч үнэнч хайртай нохойгоо хоточ нохойн адил хүндэтгэлтэйгээр оршуулсан түүх ерөөсөө мартагддаггүй бөгөөд энэхүү явдал нь миний бага насны нэгэн мартагдашгүй дурсамж болон үлджээ”.
Байнга шахам сууж хууч хөөрөх хөгшчүүл биднийг мундаг хазаарлаад дэг журманд нь барьдаг байж дээ. Тиймээс ч анхнаасаа л даруулгатай өссөн байх. Ер нь АМЬДРАЛ ДЭЭР ХЭН НЭГЭНД НУРУУГАА ХАРУУЛЖ СУУНА ГЭДЭГ БОЛ ДАЙСАГНАСАН ХАНДЛАГАА Л ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ. Гэтэл яг энэ шиг нийслэлд маань дандаа нэг зүгт харсан орцтой ар араасаа жагссан мэт, босоогоор нь эрийтэл нь өрсөн даалуу мэт барилгууд нэн олон. Өөрөөр зүйрлэх юм бол ӨМНӨХ ӨМНӨХ ХҮНИЙХЭЭ ДАГЗ РУУ БУУ ТУЛГААД ЗОГССОН АЛУУРЧИД МЭТ, цэргүүд мэт… Сонин юм шүү. Би боддог юм. Нэг нэгэндээ нуруугаа харуулсан эдгээр байрныхан хоорондоо нэг их дотносон нөхөрлөхгүй дээ гэж. Гэтэл нүүр нүүр рүүгээ хараад, нүд нүд рүүүгээ ширтээд ярилцаж буй сайхан эр хар хүмүүс насан туршдаа үнэнчээр нөхөрлөх магадлал их шиг өөд өөдөөсөө харсан ийм байр сууцныхан хоорондоо арай л зузаан байдаг бололтой.
Одоо ч гэсэн бид уулзалдахаараа бусдыгаа асууж суран, “Гантиг маань Бельгид эхнэр хүүхэдтэйгээ сайн явна лээ”, “Цаад Энгес чинь огт уухаа болиод 3 жил илүү болсон шүү, овоо доо” гэх зэргээр ярилцаж, сайн сайхан яваад нь баярлана.
ХН ЭНЭ ОХИН БАС ДУУЧИН БОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА
Ийнхүү өөд өөдөөсөө харсан орцнуудтай, аль орц руу хэн оров, хэн нь согтуу гэртээ харив, “хэнийх идшээ авав”, “нөгөө хэн гуай бурхан болчихож” гээд ил харагдах боломжтой бүхий л амьдрал нь харагдаж байдаг энэ “дошны хүүхдүүд” хар багаасаа ээнэгшин дасаад их л сайхнаар өссөн санагддаг. Бид атаманууддаа овоо сайн дэглүүлдэг л байсан. Гэхдээ эцэг эхдээ “ингэж тэгэж ч дэглүүллээ” гэж матаж новширч явсангүй. Гэрийнхэндээ тэгэж ганц нэг “алтан хошуу өргөсөн” нэгнийгээ хүлээж авахгүй шүү дээ. “Өөдгүй муу матаач новш” гээд л. Өнөөх “матаач” маань ч үүнийг мэдэх тул бидэнтэй уулзалдахгүй, гэнэт гялалзаад л гэртээ орчихно, эсвэл булан тойрч бултганаад л алга болж өгнө.
За тэгээд өвөл цаг ирэхийн сацуу орой үдшийн цагаар хөрш ¹12 байрны 2 дугаар орцны подвалаас шөнөжин шланкаар ус татаж хоноод тэр үедээ л Улаанбаатарт байгаагүй мөсөн каток байгуулчихна. Амралтын өдрүүдээр багахаан хоккейний тэмцээн болж, оросууд хүртэл ирж тоглодог байсан даа. Бас байраараа “Ард” кинотеатрт үнэгүй зальдаж кино үзнэ. Лав нэг удаа 20 цагаас санагдана “Ард”-ад “Тегеран-43″ гэдэг нөгөө Ален Делон, Игорь Костолевский, Армен Жигарханян нарын тоглосон 2 анги киног зальдаж үзэх гэж байгаад бусад маань баригдахад ганцаараа бултаад баригдалгүй үзчихээд харьж билээ. Маргааш нь нөгөөдүүлтэйгээ уулзаад яасан ийсэн гэвэл “баахан зогсоож дэглээд эцэст нь жорлон энэ тэр угаалгаж байгаад явуулсаан” гэж их л уруу дорой дуугарцгааж билээ. Ха ха ха… Бас “Ленин” клубдэнэ. Моодонд орж байсан “Москва слезам не верит” /” Амьдрал нулимсанд дургүй” гэж оноогүй орчууулсан/, “Служебный романс” /”Ийм нэгэн явдал”/ гээд л олон ч киног Монголдоо анх үзсэн байх аа. “Сэлбэ” пионерийн лагерт байрнаасаа 6-уулаа очин “чарльстон” бүжиглэж гангарна. “Чарльстон” гэснээс бас л байраараа “Ленин” клуб, зөвлөлтийн ДСНК, Улсын их дэлгүүр, Зургийн институтын дисконд бас элдэв арга мэх хэрэглэж орноо. За тэр үеийн Зургийн институтын диско гэдэг Хүрээний ¹1 диско байсан санагддаг юм. Хүрээний аль ганган шаавай харчууд хурахдаа дипломатуудын охидыг дагуулан ирж хараа чимсэн тийм нэг бүжиг гэхээсээ баяр наадам болдог байсан санагдана. Наяад оны эхээр анх тэндэхийн тайзан дээр / арай сурагч фартуктайгаа гараагүй байгаа даа/ “Мөнгөн харандаа” хамтлагтай нэг жаахан охин гарч ирж дуулахад нь “Хн… за энэ охин бас дуучин болох гэж байгаа юм байх даа” хэмээн үл тоомсорлож сууж билээ. Гэтэл Сараа гэхээр Монгол даяараа андахгүй нэгэн дуучин өнөө ч дуулсаар л явна. МУ-ын гавьяат жүжигчин, … гээд л. Ямар сайндаа ангийн маань хүү 10 төгсөөд УБДС-д элсэх үед багш оюутнуудыг танилцуулахад нэгэн багш “За хө өнөө тайзан дээр гараад хуурсан будаа шиг үсчиж байсан нөхөр энэ мөн байна” хэмээн шууд таньж байсан юм гэдэг.
Тэгэхээр бид тэр үедээ одооны хэллэгээр бол “овоо гайгүй саак” нөхөд явсан шиг байгаа юм. Гэхдээ элдэв бүдүүлэг ааш аяглал гаргаж хулигаантаж явсангүй. УИД дээр ч, Зургийн институт дээр ч манайхан хамгийн олон “ирцтэй” байдаг, өөр газрынхан хараад жаал сүрдэх байдал гаргадаг ч манай зүгээс “гэрийн нохойны сүүл өөдөө” гэгчээр дошин дээрээ элдвээр овгорддоггүй, тэгээд ч ганц хоёр хүн рүү олноороо бөөрөлхөн дээрэлхэхийг огтхон ч сайшаадаггүй байсаан, манайхан.
Харин М.Саруул-Эрдэнийн “тухайн үед ихэнх дарга нарын хүүхэд гадаа гардаггүй, орос сургуульд явдаг, салангид өсдөг байсан” гэдэг ёстой үнэн үг шүү. Ерээд онд сон, Москвагаас “уруудаад” л оросын вагонд түжигнэж явтал манай вагонд нэг ганган шаавай эр тодроод болдоггүй ээ. Фигаро юм уу, Дон Жуан ч юм уу хаашаа ч юм бэ? Орос проводник бүсгүйчүүлтэй ямар ч аялгагүй оросоор ярьж чадвараа гайхуулаад л, “40 мянгат сайхан шүү…” энэ тэр гэсэн юм мултраад л. Гэтэл нөгөө “талхны 51-ийн байр”-ны хэн ч билээ дипломатчийн хүү, гэрээсээ гарахаараа л адлуулдаг, тэгээд хов жив зөөж эцэг эхчүүдийг муудалцуулж явдаг байсан мангар бацаан л байна лээ.
Яс юман дээрээ бол тийм хүүхдүүд “ГЭР-СУРГУУЛЬ-ГЭР” ГЭСЭН ЦОР ГАНЦ МАРШРУТТАЙ, гадаа гарах нь бүү хэл цонхоороо ч булталздаггүй, ЗУНЫХАА АМРАЛТААР ДАРАА АНГИЙНХАА СУРАХ БИЧГИЙГ “ЦЭЭЖИЛЧИХДЭГ” тийм л авьяастай хүүхдүүд байсан дөө. “ЭНЭ ГУДАМЖНЫ МУУСАЙН ХҮҮХДҮҮДТЭЙ НИЙЛЖ ОГТ БОЛОХГҮЙ ШҮҮ” гэсэн удирдамжийг яам тамгын газарт хариуцлагатай өндөр алба хашдаг эцэг эх нь өгч, хүүхдүүд нь ч яс баримталсан, улмаар тэднийхээ заавраар “удам сайтай айлын охинтой /хүүтэй/” гэрлэж бараалан энэ цагийн Монголын элита давхаргыг үүсгээд явцгааж байгаа гэнээ.
“Эр хүн биш эрэгтэй хүн” гэдэг шиг ийм өчүүхэн амиа хоохойлсон хүүхдүүдэд өөрсдийгөө одоо “Би дөчин мянгатынх ” гэж хэлэх эрх байхгүй л дээ, уг нь. Харин “Манайх дөчин мянгатад байсаан” л гэвэл тэр үнэнд нийцнэ. Ухааан нь орцныхоо нэг хөөрхөн охинд чи их л нааштай ханддаг байтал хаанахынх ч гэнэ вэ атаман байрын нөхөд түүнийг чинь эргүүлж бариад эхэлмэгц манай элита гуай та харсан ч хараагүй юм шиг чив чимээгүй зөрөөд л, зам тавиад л өнгөрч байсан байхгүй юу. Гэтэл эмэгчнээ харамладаг эрэгчний ёсоор “За та нар хаанахын хулгайчууд вэ? Байрны охин эргүүлдэг чи муу хэн юм бэ” хэмээн охидоо харамласан, байраа хамгаалж үзэлцсэн нь “атаман, хулиган”, “хүмүүжилгүй хүүхэд” нэр зүүн эцэстээ орон шорон дамжих аян замдаа гарч байж дээ. Харин нөгөө хар амиа хичээсэн, муу санаатай, үхээнч аймхай маань “онц сурлагатан”, “тэргүүний сурагч” гэх зэргээр ямагт өөдлөх дээшлэх замаар замнана. Тухайлбал манай байрны атаман нь Хишигбуян гэж гоё өндөр ах байсныг сайн санаж байна. Тэрбээр 16 настайдаа анд найзаа өмөөрөн 5-6 залуутай зодолдон, найзыг нь хутгалах гэсэн этгээдээс хутгыг нь булаан авч өөрийг нь хутгалснаар анх Дарьтын колонид орсон. Хожим нь асман цэрэг байхдаа мөн л бусдыг өмөөрөн ганцаараа 5-6 хал цэрэгтэй зодолдсоноор дахин буруудсан гэдэг. Тэрбээр сэтгэл сайхантай, шударга, нөхөрсөг, бусдад тусархаг, дэндүү зоримог хүн байсан гэдэг. Харин” үүний яг эсрэг нөхдүүд манай дээдсийн ихэнхийг эзэлж байгаа” гэвэл бүх хүн хүлээн зөвшөөрөх байх шүү.
ХҮРЭЭ ХҮНИЙ НЭР ХОЧ НЬ ХҮРТЭЛ ЭТГЭЭД ШҮҮ
Монголчууд хэрхэн хотжиж “хүнээ байж” байгааг батлан харуулах бас нэг иш баримт бол тэдний хоч нэрс юм гэж би боддог. “Тоорой Банди”, “Тогос Чүлтэм”, “Ганган Төгс” гээд шилийн сайн эрс төдийгүй эгэл бор гэлтгүй бараг хүн бүр хочтой явдаг. Хэрвээ тэр хүн хочгүй аваас хн… нэг бол агуу их хүн байх эсвэл… Ерөөсөө хувьсгалаас хойшх үеийн архивийн материалуудаас анзаарч байхад монголчууд нэг нэгийгээ овгоор нь / өөрөөр хэлбэл эцгийнх нь нэрээр/ бус хочоор нь овоглон дуудаг явдал элбэг байсан юм билээ. Махкомбинатын “улаан Пүрэв”, “шар Санж”, “янзаган Дашзэвэг”, “халимаг Дэмид /жанжин/” гэх мэтээр. Харин эгэл жирийн хүмүүс цолоор бус хочоор “гангарна”.
Түүн шиг манай байрныхан бас этгээд сонин хоч ихтэй ээ. Ямар сайндаа гаднаас ирж танилцсан нэг нөхөр “Пөөх, танай байрныхан ямар сонин сонин хочтой юм бэ” гэж дуу алдаж байх вэ дээ. За ингээд өөдө өөдсөөсөө харсан 40 мянгатын 1,2 ба 3 дугаар байрныхаа / энэ нь УИД-ийн зүүн талын “40 мянгатын үсчин, номын дэлгүүртэй байр” гэж алдаршсан 8 орцтой “Г” үсэг маягийн байр/ хамгийн зүүн орцноос нь эхлээд нар зөв тойрон байрныхныхаа хочийг дурдая. “Муна хамар” хочит Энхээ, “Моок” хочит Мөнхөө, Аанаа, Гойко /БХЯ-ны гадаад харилцааны албаны дэд хурандаа/, Төөкөө, Уукаа, Ээнгэсийн хоч нь Ээнгэс болж дээ / Одоо түүнийг Гочоогийн Энх-Амгалан гэж албан ёсоор нэрлэдэг болж/, Шихээ Шихихутаг, Бүүтий Батдаваа, польш Баяраа, Шульц Буянтогтох билүү дээ /хочоор нь дудсаар байгаад нэрийг нь ч мартаж дээ/, Пушкин Түвшинбаяр, Таацгий Ганболд, 91 онд 34-хөн насандаа архидаж яваад “Бөмбөгөр” дээр босоогоороо бурхан болсон хотын цуутай атаманСамбуугийн Хишигбуянгийн дүү Автаак Автайсайнхүү, Даки Ананд / Зохиолч Дашдэндэв гуайн хүү, бас хожуу үеэс “мөрдөгч Деррик” ч гэгдэх болсон/, Гэбэ Гэрэлбат, Яйрий Яринпил, Иван, Занги Мөнхбат, Саку, Маараа, орос буюу тува Зоригоо, Мушка, Бөөнөө Инжинаш, Мөндөө Тэмүүжин, Яакар, Ээсэ Энхсайхан, Сомира Батжаргал /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал/, Аку Абмэд, Айбэнбөө Аминдаваа /харин хожим Авраам гэх болсон/, Буржгар Мөнхтулга, Мухтар Мөнхбат /сүүлийн үеэс нотариач гэх болсон/, франц Батсайхан гэх мэт. Гэтэл бидний үеийн хөдөө газрынхан нэг нэгэндээ “дэвхрэг Банзай, “баавгай Алтанхүү”, “хагархай Нямаа”, “пуужин Болдоо”, “хутга Жамьян”, “түмпэн Төрөө” гэх зэрэг уугуул монгол нэр хоч өгдөг байж. Дээрх хоч нэрсийг редакцийнхаа нөхдөөс асууж лавлан авсан жинхэнэ буух эзэнтэй алдар гуншин юм шүү.
“ХҮРЭЭ ХҮН ӨДӨРТӨӨ ХЭД”. Бага ахуй цагт муу эмээ минь хуучин цагийн нэг онигоог байнга ярьдаг сан. “Хөдөөгийн нэг хөгшнийд Хүрээ газраас айлчин ирж гэнэ дээ.За тэгээд амраар нь гурилтай хоол хийх болж. Өнөө олон үгтэй айлчин гуай элдсэн гурилаа хэрчиж гарчээ. Гэтэл хэтэрхий түргэн гавшгай хэрчихийг нь харсан эмээ сандраад “Хүү минь гараа” гэхэд өөртөө бардсан хүрээ хүү “Хн, хүрээ хүн өдөртөө хэд” гэсэн юм гэнэ лээ. Өөрөөр хэлбэл “иймэрхүү зүйлийг хүрээ газрын бид чинь өдөрт өчнөөн хийж чаддаг юм шүү дээ” гэсэн бяцхан сайрхал, “хөдөөний та нар дуугай л суу” гэсэн ихэрхэл л дээ. Гэтэл гай болж мань эр хуруугаа эсгэчихэж гэнэ. “Хөөе, эмгээн хуруу боогоод аль” гэвэл алхам тутамдаа хот хүрээгээрээ түрээ барьж гайхуулсанднь эгдүүцэж суусан хөгшин “Хн, би “хүрээ боолт” мэдэхгүй ээ” гээд хаяад гараад явчихсан юм гэнэ лээ” гээд л “кага кага” хэмээн инээж суудаг сан.
Ийнхүү хотжилт монголчуудын амьдралд гүн гүнзгий ул мөрөө үлдээх болсон нь зөвхөн дээрх хочнуудаас бэлхэнээ харагдах буй за. хөдөө нутгийн малчин ардын хүүхдүүд ийм хоч нэртэй байна гэж яаж байх вэ.
МОНГОЛ КАРНАВАЛТАЙ БОЛЦГООЁ
Хотын төвийн байрнууд дандаа өөд өдөөсөө харсан байдаг тухай дээр өгүүллээ. Дэлгэр зуны цагт тэр байрны хөгшчүүүл сүүдрэвчиндээ суугаад юж эсэхээ ярих сан билээ. Шатар нүүж, даалуу тавин, шалтагтай, шалтаггүй зуу татсан шигээ, үр ач нарааараа гэр орноосоо хайрсан хуушуур энэ тэрхэн зөөлгөн хувааж цохисон шигээ налайж суух ёстой байхгүй юу.
Гэтэл нэг нэгнийхээ дагз руу буу тулгасан юм шиг барьсан байр сууцныханд ийм боломж тааруухан гэж дурдсан.. Сүүлийн жилүүдэд нийслэлд “баячуудын хороолол” гэх албан бус нэртэй үзэмж төгөлдөр сайхан хорооллууд гэх үү хотхонууд бослоо. Тийм нэг “Жаргалан” хэмээх хотхонд миний бие хааяа ахындаа очдог л доо. ЁСТОЙ УЙДАЖ ҮХМЭЭР ГАЗАР БАЙНА ЛЭЭ, ТҮЙ. Гадаад, дотоодын нэг л их “дэлхий даахгүй баячуул”, “хорвоо дэлхийг монгол ухаанаар байлдан дагуулах төлөвлөгөө зохиогоод” огтхон ч зав зайгүй мундаг улс төрчид, тэдний гэр бүлийнхэн болох хамраа сөхсөн ярвагарууд, энэ бүх эрхэм дээдсүүдэд тохируулан хандах гэж аргаа ядсан үйлчилгээнийхэн… ЭНД ЯМАР Ч АМЬД ХАРИЛЦАА АЛГА. АМЬДААРАА АВСЛУУЛСАН ЮМ ШИГ л яг үнэндээ бол хэвтэцгээж байна, ялангуяа амралтын өдрүүдэд. Дуутай шуутай найр надам үүсгээд, аятайхан агсам тавилцаж зодолдож нүд сэрхийлгэх юм даан ч алга. Товчхондоо бол уйдаж үхмээр газар даа.
Сүүлийн 20-иод жилийн манай түүчээ лидерүүдийн нөгөө хүсэн шамдаад байсан “дээдсийн амьдрал” чинь энэ дээ хө. Гэхдээ энэ бүх ихэмсэг ярвагарын мөсийг хайлуулах боломж, гарц байна гэж хувьдаа үзэж явдаг. “Уг нь би танайд агсам тавих гэж очсон юм, Ухаант ардынхаа дуунд хүлээтэй байгаад чадсангүй ээ” гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү. Юун хэмээвэл ӨӨР ӨӨР АНГИ ДАВХАРГЫНХНЫГ ХОРМЫН ТӨДИЙД ИЖИЛСҮҮЛЖ ЧАДДАГ ЗҮЙЛ БОЛ ДУУ ХУУР, БҮЖИГ ТАНЦ, ТОГЛООМ НААДАМ гэж бодож явдаг.
Дэлхийд алдартай Рио де Жанейрогийн карнавал, Октоберфест гээд наадмууд байна. Анх Португалаас XVII зуунд аваачсан карнавал нь XIX зуунд Итали, Франц зэрэг улсын карнавалаас “суралцсанаар” өнөөгийн алдарт Бразилийн карнавал хэмээх давтагдашгүй өнгө төрхөө олжээ. Тэгвэл Мюнхен хотод жил бүр 16 хоног үргэлжилдэг “Аравдугаар сарын ардын зугаалга”-д / Октоберфест/ 6 сая хүн хуран цуглардаг байна. “Улаан пийвчдын” энэ баяр анх 1810 оны 10 сарын 12-нд зохиогдсон бөгөөд голдуу дайны улмаас цөөхөн хэдэн удаа тасалдаж байж.
Манай Монголд дэлгэр зуны цагаар болдог “эрийн гурван наадам” нь үнэхээр ард түмний баяр цэнгэл мөн болов чиг яг үнэндээ бол жинхэнэ утгаараа шууд оролцогчид нь цөөхөн билээ. Шулуухан хэлэхэд улсын наадмын хувьд л гэхэд энэ бол 512 бөх, 100 хүрдэг ч юм уу үгүй юу сур харваач, морины 400-500 уяач, унасан хүүхдүүдийн л наадам гээд хэлчихвэл танд их л хачирхалтай сонсогдох боловч яг тийм л байгаа билээ.
Бусад бүх Монголын ард түмэн бол зөвхөн ИДЭВХГҮЙ ҮЗЭГЧИД, наадмын газрыг тойрон сэлгүүцсэн хуушуурчид л болон хувирдаг бус уу? Тэгвэл наадмын гурван өдрөө их жанжиныхаа талбайд НИЙТ АРД ТҮМНИЙХЭЭ БҮЖИГ ЦЭНГЭЭНИЙ ӨРГӨН БАЯР НААДМЫГ / КАРНАВАЛ / ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨДӨГ БОЛЦГООЁ. Анги сургуулиараа, ажлын газар, хэлтэс салбараараа, байр орон сууцаараа, анд нөхдөөрөө хамтран бэлтгэсэн бүжгээ, тэр нь ардынх, нийтийнх, манго танго, рэп мэп юу ч байж болмоор санагдаад байгаа юм. Гадаадын аянчин жуулчдын нүд, сэтгэлийг татах ЭРИЙН бус БҮХ АРДЫН НААДАМТАЙ БОЛЦГООЁ.
Тэгэхээр тэр шинэ хотхоныхоо голд бүжгийн талбай бэлтгэн засаад тэндээ хөгжим тавьж, үдшийн цагаар хөгшин залуу, босс ажилгүй хамаагүй бүгдээрээ хамтдаа бүжиглэн цэнгэж байвал ТА БИДНИЙ НҮДНИЙ ТӨДИЙГҮЙ НИЙГМИЙН ЯЛГАА АРИЛЖ, СЭТГЭЛИЙН ЦЭНГЭЛИЙГ ЭДЛЭХ БОЛМОЙ.
30 ЖИЛИЙН ӨМНӨХ ҮҮБИЙГИЙН БАЙРНЫХАН
79 оны сүүл эсвэл 80 оны эхээр санагдана. Өдгөөгөөс яг 30 жилийн өмнө юм байна. Өвлийн пальтотой л байсан юм даг. Байрныхаа голд бид хэд “буу халж ” зогстол хэн нэг нь “Цөмөөрөө явж зургаа авахуулах уу” гэхэд бүгд “тэгье” гэлцээд харьж тав гурван цаас олж ирцгээгээд энэхүү патиараа татуулсан түүхтэй. Энд Энгэс, Автаак, Москвад цэргийн атташегаар олон жил ажилласан бэлтгэл хурандаа Батжаргал, маань, шар Ганболд, Бөөнөө, Мөндөө, волейболчин Цэцэн гээд үе тэнгийн олон нандууд маань алга.
Эцэст нь нийтлэлийнхээ гарчгийн учрыг тайлбарлая. 80 оны Москвагийн олимпоос л өмнө юм байна шүү. Манай байрны зовхи нь өөдөө, дэгжин баавай хэдэн нөхөд / 8 дугаар ангийнхан/ алс холын Микр рүү жонжоотой болж дээ. Амараа, Мөнхбат, Батбаяр гэсэн манай байрны ганган шаавай бацаанууд. Тэгээд өндөр сүрлэг микрийн өнгө тунамал охидыг дөчин мянгатын сайчуул эргүүлж алдсан юм байх. Цаадуул нь ч хандтай, харц бууруулаагүй гэдэг. Гэтэл микрийн “сайн эрс” хамар доороос нь хайран сайхан охидыг нь сугалаад аваад явчихыг тэссэнгүй гэнэ. За тэгээд барьж авч жаал жижгэрүүлсэн юм байгаа биз, хаа очиж зодож нүдээгүй юм гэсээн.
“Юм гэдэг ээлжтэй” хойно өнөө охид манайх руу гарч өгчээ /”Сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаа холдох” Е.Чингис/. Гэтэл хол газрын өнгө тунамал намилзсан охидыг хараад манай байрны охид бас харцаа хурцалсан юм байх. Энэ хаанаас юун охид яах гэж ирж буйг гадарлахгүй яах вэ дээ. Бие биенээ аягүй өнгөөр харж сонжсон тэдний хооронд нэг иймэрхүү яриа өрнөсөн юм гэдэг.
-Сайн байцгаана уу? Та нар энэ байрны охид уу?
-Тийм л байна.
-Өө за. Та нараас нэг юм асуух гэсэн юм.
-/дуугардаггүй дээ/
-Танай байрны Амараагийн гэрийг заагаад өгөхгүй юу?
-Манай байранд гурван Амараа байдаг. Аль нь юм бэ?
-Нэгдүгээр сургуулийн Амараа.
-Гурвуулаа л нэгдүгээр сургууль ш дээ.
-Өө тийм 8 дугаар ангийн Амараа.
-Гурвуулаа л 8 дугаар анги ш дээ.
-Тэгвэл 8-ын “б”-гийн Амараа.
-Гурвуулаа л 8-ын “б” ш дээ.
-За байз… Аа тийм гэр нь хоёрдугаар давхарт байдаг Амараа
-Гурвуулаа л хоёрдугаар давхарт байдаг ш дээ
гэмэгц түрүүнээс хойш хэн хэнээ бараг дайсагнасан харцаар сонжин, охид л болсон хойно хэрхэн муудалцаж сайхан хэрэлдэж урцалддаг сан билээ дээ, биесээсээ аян шалтаг хайж бараг команд хүлээх мэт зогссон охид хүүхдийн гэмгүй цагаан сэтгэлийнхээ гүнээс нэгэн зэрэг нир хийтэл инээлдэх нь тэр ээ.
Инээдээ барьж ядан зогссон охидоос дошин дээрээ байгаа нэг нь арай хийн самбаачлан
-Үгүй ядахдаа та нар зусланг нь мэдэхгүй юм уу хэмээн дотносон буулт хийхэд хахаж цацсан нэг нь
-Нээрээ тийм. Яргайтын богинод гардаг гэсэн хэмээхэд бүгд уулга алдах шахам
-Өө тэр чинь Дашзэвэгийн Амарсайхан. Нэгдүгээр орцны хоёр давхар, 3 тоот гэж хариу барьсан гэдэг.
Саяхан даа хагас сарын өмнөхөн дошны маань нэг гандаж гундаж яваа, уг нь ч ёс төгөлдөр өндөр удамтай эрхэм ирээд “Хөөе, танай байрны тухай нэг хөөрхөн онигоо сонслоо” гээд үүнийг өгүүлдэг юм. Зэргэлдээх байрны найзынхаа амнаас хар бага нас, өссөн байрныхаа тухай сонсоход сайхан л байна лээ.
Нийтлэлч: С.Энх-Амар
Эх сурвалж:
Монцамэ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Миний банди жаахан солиотой болсон байна уу да.
Газрын тосны дарга Амарсайхан хахууль авсан, тэгээд ганцаараа идээд чад Болсон.