Сантагийн бэлэг ба айсуй жилийн өнгө

Урт сахалтай, ууттай бэлэгтэй Санта өвөө онц сурсан хүүхдүүдэд урам хайрлаж, бурмаар шагнадагсан. Тэгвэл нэгэн сонгуулийн бүрэн эрхийн хугацаагаа үдэж, сонгуулийн жилийн өндөр босгоор алхаж буй Монголын улстөр  хийгээд улстөрчдөд ямархан дүн тавьж, урам, бурмаа хайрлах бол гэсэн сониуч бодол төрөөд болдоггүй. Төрийн эрх барих дээд байгуулллага буюу УИХ, түүний дарга Д.Дэмбэрэл, гишүүдэд ууттай бэлэгний үлэмж хэсэг очих болов уу.

“Нэг ангийнхан” хэмээн өөрсдийгөө тэрүүхэндээ “өхөөрддөг” Д.Дэмбэрэлийн командад эх орны эдийн засгийн их өсөлтийг жинхэнэ эздэд нь хүргэхийн тулд тов тодорхой эдийн засгийн зохицуулалт хийх чухал үүрэг ногдож буй. Монголын парламент 2011 онд төсөв, санхүүгийн цоо шинэ шинэчлэлт хийснийг онцлууштай бөгөөд үүний төлөө Санта өвөө уут дүүрэн бэлгээ үүрээд уудам тэнгэрээр нисэж айсуй нь тодорхой.

Улсын төсөв хэмээх ёроолгүй хүүдийг утга учиртай зүйлд зарцуулах ухагдахуун сонгуулийн өмнөх жилд биеллээ олно гэдэг яах аргагүй ололт амжилт. Орлогыг тэгш хуваарилах, төсөв, санхүүд шинэчлэлт хийх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн их өөрчлөлтийн эрх зүйн орчин аажим боловч бий болсоор байгаа нь Санта өвөөгийн сайшаах шалтгаан билээ.

2011 оныг их айлчлалын жил хэмээн “Монголын үнэн” тодотгосон. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүгд дэлхийн том, бага улс гүрнүүдэд айлчилж, бас ч гэж хувь хувьдаа ганзага дүүрэн ирцгээсэн байх юм. Монголын төрийн тэргүүнүүдийн хөл тавьсан орны Санта нар ч сайхан инээд цацруулсаар Монгол орныг зорин айсуй гэдэгт итгэнэ. Хамгийн олон оронд айлчилсан номинацид толгой цохиж яваа манай Ерөнхийлөгч магадгүй бусдаас олон бэлэг гардах байх.

Ууттай бэлэгний утга учрыг бусдаас илүү тодруулах учиртай хүн бол Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга С.Батболд билээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар ачааны хүндийг үүрч, бодлогын цөмийг гаргадаг Ерөнхий сайдад Санта өвөө саймшрах олон шалтгаан бий. Нийгэм, эдийн засгийн хөгжил, нийтийн сайн сайхан амьдралын төлөө олон чухал шийдвэр, үзэл санааны охийг эдийн засагч Ерөнхий сайд С.Батболд нэрсэн гэдэгт санал нэгдэх хүн олон байдаг.

Ялангуяа хэн хүний “толгой хүрдэггүй” эдийн засгийн утга агуулгыг энгийн амьдралд ойртуулах бодлого гаргаж, хэрэгжүүлнэ гэдэг амаргүй хэрэг. Нэг зуун мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн, хөрөнгийн зах зээлийг хөгжлийн хөшүүрэг болгохоор Лондоны хөрөнгийн биржтэй түншилсэн, Хөгжлийн банкны галыг бадрааж, өрхийг татсан гээд Санта өвөөгийн бурмыг хүртэх шалтгаан цөөнгүй. Стандарт хэмээх үгийг орчин үеийн агуулгаар нь монгол хэлний үгийн санд нутагшуулсан С.Батболдын санаачлага бий.

Дэлхийн боловсролыг Монголд ойртуулах Кембрижийн стандартаар монгол багачууд хичээллэж эхэлсэн гээд нэрлэх зүйл бас байна. Эдийн засаг өсч, иргэдийн итгэл сэргээд ирэх нь Ерөнхий сайдад урам, баяр нэмэх хамгийн гол зүйл. Сүүлийн үес гаргаж ирсэн “Хөгжлийн мод” хэмээх томъёоллыг нь Санта өвөө санаж байх учиртай. Салаа мөчир бүр нь үр жимстэй саглагар сайхан, эгээ л үлгэрт гардаг мод шиг хөгжил бий болгохыг тэрбээр эрмэлзэж байгаагаа ингэж илэрхийлсэн билээ.

Ардын намын ажил үйлс өөдрөг байгаагийн хувиар генсек У.Хүрэлсүхтэй нь ихэрлүүлэн ихээ том бэлэг илгээх шалтгаан бас бий. Улстөрийн намын удирдлага нэгэн чигт харж, нэгэн зорилгын төлөө зориглон хөдөлж гэмээнэ их жанжин Сүхийн хэлснээр улс орон, хүн ардаа цэнгэлийн манлайд хүргэх буюу. Ардын намын удирдлагын баг өнгөрч буй 2011 онд асар их ажил хийжээ.

Тулхтай, тууштай, туршлагатай нам эрх барьж байгаадаа эрдэлгүй, ирэх жилүүдийн амжилт, эх орныхоо сайн сайхны төлөө ингэж ажиллаж байхад Санта өвөө анзаарахгүй байна гэж үү. Ард түмнээ бүтэн жилийн турш сонсч, чухам тэдний санаа зорилгын үүднээс ирэх 20 жилд Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн хөтлбөр боловсруулснаа Ардын намын удирдлага шинэ жилийн өмнөхөн зарлав. Сонгуулийн жилийн босгоор сонирхож сонжих зүйл ихтэй орно гэдэг ялалт, амжилтын дуудлага мэт сонсогдоно.

Хуучин ондоо сайн ажиллаад зогсохгүй шинэ жилдээ шижгэр амжилт гаргах хүмүүсийг урам, бурмаар илүү мялаадаг бол Санта өвөөгийн бэлэг Ардын намд ёстой л нэг ч гарах шиг болно доо. Айсуй жилийн өнгийг айлчлан ирэх шинэ жилийн босгон дээрх Сантагийн бэлэг тодорхойлдоггүй гэж үү.

Т.БҮДЭЭХҮҮ


URL:

Сэтгэгдэл бичих