Замын-Үүдэд казино байгуулах санал гаргав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Чөлөөт бүсийн тухай хуулийн хэрэгжилт болон үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Монгол Улс дөрвөн газарт чөлөөт бүс байгуулахаар болж, холбогдох шийдвэрүүдийг гаргажээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд эдийн засгийн чөлөөт бүс, Сэлэнгэ аймгийн Алтанбулагт худалдааны чөлөөт бүс байгуулах шийдвэрийг 10 шахам жилийн өмнө гаргасан аж. Мөн Баян-Өлгий аймгийн Цагаан нуурт чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн бол дөрөв дэх чөлөөт бүсийг Чойрт байгуулна гэж төлөвлөсөн ч эрх зүйн шийдвэрийг гаргаагүй байгаа гэнэ. Замын-Үүд суманд эдийн засгийн чөлөөт бүс байгуулахын тулд өнгөрсөн хугацаанд нэг тэрбум төгрөгөөр байшин барьсан гэнэ. Хятад улсаас авах 300 сая ам.долларын зээлээс 31 сая ам.долларыг мөн дээрх бүсэд зарцуулахаар төлөвлөжээ. Харин Алтанбулагийн худалдааны бүсийн тухайд ирэх оны түвшинд далайцтай ажил эхлүүлэхээр шаардлагатай хөрөнгийг Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт тусгасан байсан ч, УИХ-ын түвшинд танажээ.

Танах явцад нь Сангийн яамны зүгээс Тэргүүн шадар сайдаас юуг нь танаж, юуг нь хасах талаар санал аваагүйгээс нэн шаардлагатай хийх ажлуудын хөрөнгө оруулалт хасагджээ. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Замын-Үүдэд казино байгуулж болохгүй гэж үү. Казино байгуулж, урд, хойд хоёр хөршийн тэрбумтнуудыг татах нь ирээдүйд их ашиг авчирна шүү дээ. Үүний тулд Засгийн газар хуулийн төслийг яаралтай УИХ-д оруулж ирэх шаардлагатай байна. Ингэхдээ монголчууд тус казинод тоглох эрхгүйгээр хуульчлах ёстой” гэв.

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих