Бүсгүйчүүдийг хүчирхийлэгч төрд үнэлэгдэх ёсгүй гэж үзэв

48427112_1458490247615743_3631198362604142592_nМОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭЛД ӨРТСӨН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО МЭДЭГДЭЛ ГАРГАВ. УГ МЭДЭГДЭЛД ДУРЬДАХДАА,  Монгол улсад  оюун санаа ёс суртахуун доройтолд орж, нийгэм эмх замбараагүй болсон сүүлийн 28 жилд нь ард иргэдийн итгэл үнэмшил, ёс зүйг зөвт цэгцлэн, түүчээлэн явах учиртай,  санаа сэтгэлийг гэгээрүүлэн тэтгэх үүрэгтэй  лам хуврага  санваартангуудын талаарх таагүй яриа, үлгэргүй явдлыг илт шүүмжилсэн нийтлэл нэвтрүүлэг нь ямар нэгэн үр дүнд хүрэхгүй, тэдэнд ёс зүйн ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй,  унтамхай, хүлцэнгүй явсаар ирлээ.  Энэ нь Гандантэгчинлэн хийдийн удирдлагуудын  хойрго идэвхгүй хаяагаа манасан үхээнц дорой  үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг.  Тухайлбал  тэдгээр үл бүтэх явдалтай санваартангуудын төлөөллийн нэг болох  МУУГЗ, Бурханч лам Г.Пүрэвбатын  таагүй үйлдлүүдийнх нь талаарх мэдээллийг олон нийтэд ил тод дэлгэж,  анхааруулж сэрэмжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Түүний  бусармаг, ёс бус үйлдлийнх нь талаарх мэдээлэл бүр 1990 оноос улбаатай байдаг.

Г. ПҮРЭВБАТ ЛАМ 1990-ЭЭД ОНД СУУХ ГЭЖ БАЙСАН ЭМЭГТЭЙНХЭЭ ДҮҮГ ХҮЧИНДЭЖ, САНВААРТАН ХҮНД БАЙЖ БОЛОМГҮЙ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН БӨГӨӨД  ТУХАЙН ҮЕИЙН ГАНДАН ТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ХАМБА ГААДАН ЛАМТАНД ХАНДАЖ  ПҮРЭВБАТАД ОХИНОО ХҮЧИРХИЙЛД ӨРТҮҮЛСЭН ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖ, УЛМААР ЭНЭ ХЭРЭГ ОЛОНД ИЛ БОЛЖЭЭ. УДАЛГҮЙ ПҮРЭВБАТЫГ ЭНЭТХЭГИЙН ДАРАМСАЛА РУУ СУРГУУЛЬД ЯВУУЛСНААР  ЭЛ ХЭРЭГ ДАРАГДСАН ТҮҮХТЭЙ ГЭГДДЭГ. ТУХАЙН ҮЕИЙН ӨДӨР ТУТМЫН СОНИН ДЭЭР ЭНЭ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭ НЬ ГАРЧ БАЙСНЫГ САНУУЛАХ ЮУН.

МӨН Г.ПҮРЭВБАТ ЛАМТАН  САДИСТ ГАЖ ДУРШИЛТАЙ ГЭХ  ОЛНЫ  ЯРИА БУЙ БӨГӨӨД ЭХНЭРЭЭ  ЖИРЭМСЭН БАЙХАД НЬ ДАРАМТЛАН ЗОДОЖ БАЙСАН ТӨДИЙГҮЙ ОДООГИЙН ЭХНЭРЭЭ Ч ДАРАМТЛАН ЗОВООДОГ ГЭХ  НЬ НЭГЭНТ ОЛОНД ИЛ БОЛСОН ЮМ.

СУДЛААЧ Д.ГАНХУЯГ ӨӨРИЙН НИЙТЛЭЛДЭЭ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ БИЧИХДЭЭ, ‘’Лам хүн хараал жатга хийх нь угаасаа хатуу хориотой зүйл байсан бөгөөд энэ талаар саяхны хууль цаазад хүртэл бий. “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль цаазын бичиг\”-т “Аливаа хүнийг алваас болох тарни, эмийг нийлүүлэн хийх …болбоос цөм буудан ал”, “Увьдислан муу сайн орох ба хатуу бичиг хийж хүнийг алсугай хэмээх нь болбоос.цаазын ёсоор оноогтун” гэж заасан байдаг. Богд хаант Улсын үед бол Пүрэвбат ламтан буудан хороогдох зүйл олон удаа хийсэн буюу зуучилсан бололтой. Нэгэнт манай хуульд байхгүй болохоор Богд хааны үеийн хуулиас иш татах нь миний хийж чадах цорын ганц хараал бөлгөө. Сэтгүүлч Г. Дашрэнцэнгээс 30 сая төгрөг нэхэж суудаг баян ламтны нэр төр нь хараал жатга болж байх шиг’’ гэж бичсэн байдгийг эргэн санах учиртай.

МӨН МУСГЗ, СЭТГҮҮЛЧ  Б.ГАЛААРИДЫН  2016 ОНД ӨДӨР ТУТМЫН СОНИНД ГАРСАН НИЙТЛЭЛД  ДУРЬДАХДАА,  Бурханч ламтан маань 18 метр өндөр Очирваань бурханыг зээгт наамлаар бүтээхдээ  утга агуулгын хувьд дахиад л уучилж болшгүй алдаа бий.

Яагаад гэвэл Очирваань бурханы орой дээр Шагжамунийг залж, хөл дор нь Чингис, Өгөдэй, Хувилай хаануудыг хөрөглөн бүтээсэн, тэгэхдээ Чингис хааныг яг Очирваанийн алцайсан салтаан дор урласан нь ихээхэн шашинжсан, Их хаан хийгээд монгол төрийг доромжилсон, түүхэн үнэнийг гажуудуулсан бусармаг үйлдэл байлаа. Ийнхүү их хаанаа “салтаадсан” нь энэ чинь хэн бэ гэх эргэлзээг минь бататгасан билээ.

Очирваань бурхан монголчуудтай холбогдсон уг түүх нь огт өөр. Улаагчин луу жилд (1577 он) III Далай лам Содномжамцыг Түмэдийн Алтан хааны заллагаар Хөх хотноо ирээд байхад нь халхын Автай сайн хаан бараалхсан байдаг. Дараа нь Түвдэд очиж уулзаж байв. Ийнхүү ойртон шадарласан Автай сайн хаанд Далай лам “Очирваань бурханы хувилгаан, Очирай бат Түшээт хаан” гэдэг цол олгосон бөгөөд Түвдэд очиж уулзахад нь “Энэ олон бурхадын дотроос дуртайгаа ав” гэхэд нь Автай хаан Очирваанийг сонгож нутагтаа залснаас хойш Очирваань монголчуудыг даасан бурхан гэгдэх болсон түүхтэй.

Энэ бол Чингис хаанаас хамаагүй хойно буюу 16 дугаар зууны үйл явдал. Чингис хааныг Очирваанийн дүр байсан гэх зохиомол домгийг ном судруудад шургуулах болсон нь түүнээс ч хожим үе. Монголчуудыг шашнаар дамжуулан номхотгох бодлогоо манжууд хэрэгжүүлэхдээ Их хааныг маань шашны түүхтэй санаатайгаар хольж хутгасан хорт бодлогыг XXI зуунд үргэлжлүүлж, хөрөг дүрийг нь бурханд салтаадуулах нь хэнд ашигтай байв, үүгээрээ юуг илэрхийлэх гээд байна вэ, ер нь үүнийг бүтээгчийн маань чинхүү санаа монголчуудынхаа төлөө юу үгүй юу гэж эргэлзэх асуулт ч зүй ёсоор урган гардаг.

Бурханч ламын хувьд ийм төсөл хэрэгжүүлж мөнгө босгох л чухал болохоос энэ бүтээлийн агуулга, утга бэлгэдэл, танин мэдэхүйн хийгээд түүхэн ач холбогдол, холбогдон гарах үр дагавар нь нэг их чухал биш байсан байж магадгүй юм.Монголын төр тэр үедээ 30 сая төгрөг төлөөд бүтээлгэсэн Их хааны хөрөг, төрийн ордонд хүндэтгэн залах ёстой бүтээл гэдэг талаас нь авч үзвэл энэ хөрөг монгол төрийн уламжлалыг хадгалаагүй, харин ч эсрэг утга бэлгэдэлтэй зүйл болсон. Мөнх тэнгэр шүтлэгт Чингис хааныг түвд тигээр бурхан дүрд оруулж, монгол төрийн амин сүнс болсон хар, цагаан сүлдийг нь хүртэл байрлал сольж зурсанд нь ихэд эмзэглэдэг.

Төрийн сүр хүчний бэлгэдэл хар сүлдийг өргөөний баруун талд, өөрөөр хэлбэл өрх гэрийн шүтээн зүг хоймор тийш харсан хүний бол зүүн гар талд байрлуулдаг энгийн үнэнийг бурханч ламтан маань мэдэхгүй байсан гэхэд эргэлзэнэ.

Монгол гэрийн хоймор хийгээд баруун талыг эр хүний тал гэж үздэг, түүхнээ Зүүн гарын улс гэж нэрлэгдсэн ард түмэн маань ертөнцийн зүгээр баруун талд оршин буйн учир нь монголчууд Алтан гадас одыг хойд буюу хоймор зүг гэж үзээд түүн рүү хандан хүндэтгэл үзүүлэхэд баруун зүг маань зүүн гар тал болдог онцлогтойг монгол уламжлалын зах зухтай хүн болгон л мэддэг дээ. Аливаад бэлгэдлийг эрхэм болгодог монголчуудын хувьд Г.Пүрэвбатын “Чингис хааны хөрөг” дэндүү бэлгэ муутай зүйл болсныг сануулъя’’ гэжээ.

Энэ мэт  зөвхөн зах зухын учир битүүлэг яриа таамаг  олны дунд хөвөрсөөр байгаа төдийгүй нийгмийн зүтгэлтэн судлаач шүүмжлэгч, сэтгүүлчид  байр сууриа илэрхийлсээр  байдгийг бодолцон Бурханч ламтаны Монголын билэгдэлт агуулгыг булшилсан эсэхийг тодотгох төдийгүй хувийн зан байдлын булай үйлдлүүдийг ул суурьтай судалж магадлан, улмаар буруутай эсэхийг нягтлан тогтоож, ёс бус үлгэргүй хандлагыг таслан зогсоож,  хүмүүжил ёс зүйн хувьд хариуцлага тооцохыг түүнийг хамаардаг шашны байгууллагаас шаардаж байгаа юм. Иймд Бурханч лам Г.Пүрэвбатыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс Төрийн соёрхол хэмээх  өндөр алдар хүндтэй шагнал хүртэх ёс зүйн эрхгүй гэж үзээд дээрх шагналыг олгох байр сууринаасаа түдгэлзэхийг уриалж байна гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих