Ёс суртахуундаа бөхөлзөж амьдарсан эр хүн..
Түүнд гуниг хийгээд баяр, харуусал хийгээд хатуужил, хагацал хийгээд хүлээлт, жаргал хийгээд зовлон…бүгд байсан. Сэтгэлийг нь эмтлээд байгаа гунигаа хэзээ ч тайзан дээр авч гардаггүй дуучин тэр байв. Хүүгээ хүлээсэн эцэг хүний олон жилийн хүлээлт, бэтгэрлээ хөшигний ард үлдээгээд, үзэгч сонсогчдынхоо өмнө дуу хуур болон эгшиглэж чаддаг байсан эгшигт сэтгэл, яруу уянга бас л тэр байв…Ярилцлага авахаар зориод очиход минь яг л тэр баяр гуниг үнэртсэн чин сэтгэлээ хүүхэд шиг дэлгэн яриад, заавал ажил дээр өөрийн биеэр хүргэж өгнө хэмээн зүтгэж билээ.
-Яагаад, би замаа мэднэ. Тэгээд ч ойрхон.
-Би ёсорхуу эр хүн шүү.
Хариулт ч гэж хариулт. Хүүхэд шиг цайлган инээж буй хэрнээ амьдралдаа, өөртөө эзэн болсон харц, нугарахдаа нугарч, гундахдаа гундаж, мандахдаа мандаж явсан эр хүний, эцэг хүний харцаар хараад зогсож байсан Хайдав гуай…хувь хүнийхээ хувьд түүнд алдаа, онооны аль аль нь байсан. Гэвч амьдрал хийгээд уран бүтээлийнхээ чиг шугам дээр чин үнэн зогсож, ноён нуруугаа ноён ухаанаар өргөж явсан ховорхон нэгэн. Би ингэж л боддог. Бусдын төлөө амьдарч яваа юм шиг ялархаж байсангүй. Бусдын төлөө дуулдаг юм шиг ямбалж байсангүй. Бусдын өмнө амьдралаа тоочоод ашиг харж гүйсэнгүй. Үнэн оршихуй, үнэн өгүүлэмж, үнэн сэтгэл…эгэл амьдрал, эгшигт тайз хоёрыг тус тусад нь салгасан хэрнээ туждаа хамт үүрч явсан агуу их тэнхээ хийгээд тэвчээр…Олон олон гоёмсог зангианы цуглуулгатай, омголон, онгироо, хөөрүү, халгиж цалгисан дуучин, авъяасын алтан оргил, бусадтай л адил нулимс, инээд хосолсон амьдралтай энгийн л эр хүн, эцэг сэтгэл…энэ бүх шинж чанар нэг л хүнд, нэг л биед, нэг л зүрхэнд оршиж байв. Тэр хүн бол Монгол Улсын Ардын жүжигчин Г.Хайдав. Ард түмний хайртай дуучинд уйлах эрх байхгүй гэж тэр боддог, хичээдэг байв. Агуу их урлагийг амьдралын хар бортой хутгахгүй явахсан гэж тэвчдэг, тэнхээгээ шавхдаг байв. Үнэндээ тэр чадсан. Үүндээ ч бардам одов. Алсын зам нь мянга мянган гэрэлтэй байж, амар амгаланг олох болтугай!
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
um sain amgalan boltugai.torliin deediig olj ergeed nutagtaa toroorei.