Г.Мэнд-Ооёо: Нутаг буюу гүйсэн унага
Хөөрхий нэг өнчин ухаа унага гүвээ даваад урамгүйхэн шогшиж явна. Эхтэйгээ байхад эрх цовоо гэж туйлгүй сэн. Эхээсээ хойш энэлэн шаналах гэж тоймгүй өэ. Өмнүүр нь алтан хараацай ээрэн нисч явна. Хөөрхий тэр амьтан хаашаа яваагаа эс мэдэвч ямар нэг үл үзэгдэх далдын совин билиг түүнийг аль нэг тийш нь хөтөлж явна. Эхээсээ хагацсан амьтныг гангийн наран гундаан шарж, эцэнхий муу нуруун дээр нь өлөн тоос дагтаршин шигээд, ялаа батгана нүүр нүдийг нь бүрхээд, зовлон дээр нь зовлон нэмнэ. Хөөрхий амьтан өөрийнхөө тоосонд булуулсаар ус унхиалан нууранд тээрсэн адууны дэргэд ирж хул зүсмийн болгоны зүг шогшин ойртож, айж хулгасаар дөхөж очих боловч аль нь ч эс хавьтуулан, хулмайн дайрах гэнэ. Сүүлээ хавчин адуу тойрох хөөрхийг нэг асман хар үрээ хасан элдэв.
Ганц унага шогшсоор л байлаа. Тэр хөөрхий амьтан хаашаа яваагаа эс мэдэвч ямар нэг үл үзэгдэх далдын совин билиг түүнийг нэгэн тийш хөтөлсөөр авай. Урт хоногийн тоосонд даруулж усан борооны хураар угаагдаж, хад чулуунд туурайгаа нухуулж, хавсрага салхинд дэлээ хийсгэн явсаар нарийн хөл нь байргашин, намхан бие нь өндөрсөн өссөөр буйг алтан хараацайнаас бишид нь эс анзааравай.
Түүнийг хаана ч явсан хэдэн алтан хараацай өмнүүр хойгуур нь өрөөлдөн ээрэх бөгөөд хурмастын тэр жигүүртнүүд хөөрхий муу амьтныг эс ганцаардуулан, дэл сүүлийг нь шүргэн, гэдсэн доогуур нь шурган, турьхан хөлийг нь солбин нисэлдэж, ээнэгшин ижилсэх нь чухам ямар учир шалтгаантай, урьдын болоод хожмын ереөлтэйг хэн яахин мэднэм билээ.
Хөөрхий өнчин амьтан шогшсоор л байлаа. Халирсаар тэр адуунд дөхөж очсон боловч азарга болоод асман үрээнүүд нь цаанаа л нэг ёозгүй янзтайд холуурхан дөлсөөр чанагш шогшовой. Энэ мэт адуунаас адуу, айлаас айл ухаа гүвээнээс ухаа гүвээг дамжин хэгжсээр гагцхүү чанх хойд зүгийг барин үл мэдэх нэгэн татах үзүүр лүү явсаар л авай.
Тийн гангийн улаан тоосон дундуур ганган эрээн цэцгэн дундуур шогшиж, намрын шар навчсыг сэрчигнүүлэн алхаж, төдөлгүй нэвсийсэн цагаан цас шажигнуулан гэлдэрч явлаа.
Хөөрхий амьтан хаа хол торойн үзэгдэх хэдэн адууг харан гэнэт үүрсэж, тэгснээ салхи сэвэлзүүлэн хангинатал лимбэдэн янцгаагаад сүүлээ хатган давхив. Юуны учир эс танигдах тэр сүргийн зүг сүүл хатган давхиж, мөнөөх хэдэн адуу нь бусадтай адил эс хажиглан, өнчин унаганы дотор өвлөөр боловч өнө дулаан болбай.
Талын таван уулын сугад бэлчих сүргийнхээ захад очиж явсан адуучин эр хүлгийнхээ амыг шороо манаруулан зог тустал татаад мөнөөх ухаа унагыг харахдаа тэнгэрээс бууж ирсэн мэт тэр бяцхан амьтныг гайхахын ихээр гайхан, харьд худалдсан ухаагч гүүнээс нь гарсан хонгор азарганы үр төл гаадаагүй мөн бололтойд оньсого мэт орчлон ээдэрсэн утас шиг хэрээсэнд төөрөн оровой.
Харьд худалдагдсан хээлтэй гүүний унага нутагтаа гүйж ирсэнд эс итгэмээр боловч үзээд бариад ирэхээр үнэмшихээс аргагүй энэ явдлыг адуучин эр нэг бол миний зүүд, эс бол хорвоогийн зүүд гэж бодох авч аандаа байгаль ертөнцийн зөн совин хэмээх нууцлагийн учир начир зүрхэнд нь уусан байвай.
Адуучин эр бүл нэмсэн адуугаа туусаар гэрийн зүг хатируулах мөчид жигүүргүй боловч хомбон дөрвөн туурай нь газар хүрэн алдан цогих тэр дааганы мундаан дээгүүр тэнгэрийн элчүүхэй хоёр хараацай сүлжин ниссээр байвай.
URL: