М.Энхболдыг эсэргүүцэгч “таван хуруу” баг
УИХ-ын таван гишүүн “МАНАН” бүлэглэлийн зараалаар УИХ-ын даргыг огцруулахаар “төр эргүүлж” явна. Ухрах ч аргагүй, урагшлах ч замгүй, ёстой л “Зэлтэрийн гацаа” гэгч тактиктаа өөрсдөө унасан таван улстөрч өөр өөрийн “үүсэл гарал”, өнгө төрхтэй. Харин УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах л ганцхан зорилготой. Өөрсдийнх нь зорилго мөн, эсэх нь ч эргэлзээтэй. УИХ-ын даргын суудлыг суллаж, М.Энхболдыг “зайлуулж” чадвал, бас чадахгүй бол юу хүлээж байгааг өөрсдөө ч үл мэднэ.
“Хаалга тогшигч” Л.Оюун-Эрдэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг сонгогдчихно гэж баттай итгээд магтаад гүйж явахад нь хожуу таарсан төөрөлдсөн ах “Херо” Б.Баатар нь “кино зохиолын нууц”-ыг задруулснаар “хуурах ажилд нь оролцсон” гэгч болж “пиар”-ын багт нь орж намын кандидатаа унагалцахаар сэтгэл шулуудсан нь эдүгээ тодорхой болсон. Хэрэв тэрбээр туйлын шударга нэгэн байсан бол “Дарга аа, та хуулиараа УИХ-ын даргаасаа түдгэлзэж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх ёстой. УИХ-ын дарга гэдэг бол унавал буцаж очдог суудал биш” гэж хэлэх л байсан. Харин ч нэг хос морьтон шиг дэрвэсээр Х.Баттулгыг ялмагц зорилго шулуудаж “Херогийн ах”-ын улс төрийн бодлого нь тодорхой болсон юм даг. Эдүгээ эгдүүтэй нь аргагүй УИХ-ын даргын өрөөний хаалгыг төрийн хүний шинжгүй балбаж маажих Л.Оюун-Эрдэнийн богино зайны улс төр нь энэ удаагийн парламентаар өндөрлөвөл гайхах зүйлгүй. Түүний тогшсон хаалга хэзээ ч онгойж мэднэ. Магадгүй “үүрд” хаалттай ч байж болох юм. Хамгийн харамсалтай нь тэр “зараалаар” ажиллаад байгаа нь дэндүү илт харагддаг. Хувь хүнийх нь байгаагаараа, цайлган чанар түүнд ямар нэг шалтгаанаар “ирсэн” сөрөг дүрийг огт нууж чаддаггүй. Тод харагдахын “маргааш” бүдгэрэх аюултай. Тэр тусмаа М.Энхболд даргыгаа гэсэн сэтгэлээ хааяа цухалзуулах бүртээ улам эмгэнэлтэй, дур гутам харагдах энэ залуу гишүүний ирээдүйн карьер санаа зовинох хүн цөөнгүй байдаг юм билээ.
Өсөрхөг “Жигүүрчин” Т.Аюурсайхан. Албан тушаал горилдоггүй, нүдэнд өртөхөөр хөлждөггүй хэрнээ хурц шүүмжлэлээр намаа “өлсгөдөггүй” түүнийг бараг л өөгүй өөлөгч гэж тодорхойлоход буруутахгүй. Тэрбээр нам нь сөрөг хүчин байхад “хувьдаа” жигүүртэй болох гэж хүссэн юм аа. Ө.Энхтүвшин “лиценз” өгөхгүй байсаар жигүүрлэж чадаагүй. Түүндээ өс санадаг ч юм уу, түүнийг Шадар сайдаар томилоход “Би Ө.Энхтүвшинг дэмжихгүй. Өнгөрсөн 30 шахам жил бугшсан идээ бээрийн тод жишээ нь та. Улс төрд яваа хүүгээ бод. Зөв зөнөх хэрэгтэй” гэхчлэн мөн ч муухай үгсийг чулуудаж билээ. Эндээс түүнд л байдаг хударгагүй, ганцаардмал, итгэж үл болох чанарууд харин ч тод харагдсан.
Өмнөх парламентын үед ШӨХТГ-ын даргаас дээш албан тушаал ахиж байгаагүй тэрбээр “мөнхийн эсэргүүцэгч” байхаар имижээ тодорхойлохыг хүсдэг байж мэдэх юм. Хэрэв тийм бол өөрөө машид цэвэр байх шаардлагатай. Харин одоогоор ямар нэг алтны ордын асуудалтай, энэ талаар нь анхааруулсан сайдыг хүн амины хэрэгт холбогдуулан хатуухан ярилцлага өгсөн зэргээс харахад өөрөө зүтгэхгүй, өрөөлийг хийлгэхгүй өсөрхөг нэгэн гэж харагддаг.
Ардчиллыг золиосолсон шинэ коммунист Л.Болд. УИХ-ын даргыг огцруулахын төлөө өөрийнхөө алдар нэрийг, амьдралынхаа 30 гаруй жилийг хамт үдсэн Ардчилсан намын үнэ цэнтэй хамт булшилсан, магадгүй “тэмцэгч гишүүд дундаа хамгийн их хохирол амссан хүн бол Л.Болд гишүүн юм. Олны ярьснаар “Богд” банкийг арилжааны бусад багаас ялгаварлан зарим тусгай зөвшөөрөл олгохгүй байсан, ипотекийн зээл ч дамжуулах эрхгүй гадуурхагддаг, эсвэл түүний “Богд” банк Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр өндөр үнийн дүнтэй зээлийн хэлэлцээрүүд хийсэнтэй нь холбоотой юу. Магадгүй УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн хэлсэнчлэн “Л.Болд гишүүн хувийн “Богд” банкаараа дамжуулж Хөгжлийн банкнаас 30.9 тэрбум төгрөг гаргуулсан” гэдэг нь үнэн бол улс төр, бизнес хоёр жинхэнэ утгаараа холилдож, худалдагдаж байгаа нь тэр юм.
Хамгийн харамсалтай нь энэ эрх ашиг нь намаасаа хөөгдөхөөс, УИХ-д нам нь бүлэггүй болохоос ч үнэтэйд тавигдаж чадсан гээд бод доо. Ардчилалд хайртай, ардчилсан парламентаа олон улсад төлөөлдөг Л.Болд гишүүний хувьд шүү дээ гээд бодохоор хувийн бизнес, намын болон улс төрийн эрх ашгийн ямагт дээр нь байдаг юм шүү гэдгийн хатуу сануулга энэ болов уу.
Үнэн хэрэгтээ Лувсанвандангийн Болд гэдэг хувь хүний дотор өдийд шархлаад зогсохгүй шатаж буй биз ээ. Магадгүй АН түүнийг гомдоосон байх. Олон жил намынхаа томоохон хандивлагчдынх нь нэг байсан Л.Болд С.Эрдэнэ даргатайгаа ойлголцоогүйн улмаас МАН-ын Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурь илэрхийлсний нууц нь зөвхөн бизнес байгаагүй ч байж болно. Гэхдээ Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр тус банкны төлөөллийн Хятадын талтай хийсэн хэлэлцээрүүд, Н.Амарзаяа гишүүний дэлгэсэн 30.9 тэрбумын баримт бол яах аргагүй хувийн банкаа хувьсгалын үйл хэрэгтэйгээ холбосны сэжим мөн. Хамгийн үнэтэй золиосыг гаргаж өөрийн нэр хүндээ, намтайгаа, ардчилалтайгаа хамт булшилж “Ордуудыг төрийн өмчид” хэмээн жагсаалыг уриалж, толгойлж, бараг удирдан зохион байгуулсан түүний алхам улс төрийн карьерт нь хэрхэн нөлөөлөхийг ирэх өдрүүд харуулах биз ээ. “Босоо хөх Монгол”-ынхон шиг болтлоо Л.Болд дампуурчээ гэсэн дэмжигчдийнх нь харуусал ч үүний нэгээхэн хэсэг байж таарна.
Х.Нямбаатар. УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон боловч УИХ-ын даргыг огцруулаад, УИХ-ыг тараагаад ч атугай хэн нэгэн бүлэглэлийнхэнд таалагдах том шалтгаан энэ залуу улстөрчид бий болжээ. Яасан байж таарах вэ. ЖДҮХС-аас авсан зээл төдийхөн лав биш байх. Учир нь энэ зээлд хамрагдсан гишүүний тоо нэмэгдсээр байгаа ч эсэргүүцлийн жагсаалыг оройлон манлайлах үүрэг хүлээлгүй ирэх сонгуулиа бодон хойш суусан нь олон. Сайн талаас нь харвал Х.Нямбаатар хурц тэмцэгч, шударга ёсыг эрэлхийлэгч байж болох. Харин бодитойгоор дүгнэе гэвэл Х.Нямбаатар гэдэг энэ шинэ залуу гишүүнд УИХ тийм ч үнэ цэнтэй байгууллага биш, түүний гишүүн байх нь “улс төрийн гаралтай арилжаа”-нд гаршиж яваа юм болов уу даа. Та бүхэн санаж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад холбогдох гэмт хэргүүдийн талаар Нийслэлийн прокурорт бичиг хүргүүлж “яллагдагч” гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлсэн батлуулж нотлуулсан бичиг хүлээн авч байсан НАМЗХ-ын гаралтай төлөөллийн нэг нь тэр байв. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “гар хөл” болсон Л.Оюун-Эрдэнийн хэлсэн, хийсэн бүхнийг тоть шиг дуурайж улс төрийн байр суурь нь хамгийн тогтворгүй, итгэхийн аргагүй болохоо сонгогчдын өмнө харуулаад байна. Х.Нямбаатар гишүүний хувийн бизнесийн талаар айхтар дөвийлгөх овор хэмжээ бага ч ЖДҮХС-ийн зээлээс хол байсангүй. АТГ-т гэргийнхээ хамт шалгагдаж буй түүнийг УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ прокурорын байгууллагаас УИХ-д ирчихээд байгаа. Хэрэв УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тэмцлийг аль болох удаашруулахгүй л бол УИХ хуралдаж түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байгаад шалгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хайрт нам нь ирэх сонгуулиа бодоод УИХ-ын гишүүдээ хамгаалж үлдэхээс эмээж түдгэлзүүлэх шийдвэр гаргах нь гарцаагүй. Тиймээс бусад дөрвөн гишүүнээ төлөөлж төв талбайд түмний өмнө, хамгийн гоё бөгөөд дулаан хувцсаа өмсөж байгаад УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулъя гээд нүүрээ улалзуулан хашгирах том шалтгаан нь энэ мөн. Жижиг бүлэглэл, жижиг эрх ашгийн төлөө ярьснаасаа буцдаг, тэмцэж явсныхаа эсрэг зүгт тэмцэж чаддаг энэ байдал нь хэн ч таньдаггүй байсан Х.Нямбаатар гэдэг улстөрчийн УИХ-д орсон цагаасаа бүтээсэн дүрийн гол шинж чанар болжээ. Одоо түүнийг ямар ч шинэ санаа дэвшүүлж, онц чухал сэдвээр мэдээлэл хийсэн хэн ч тоохгүй, тоосон ч эх сурвалж болгон ашиглана уу гэхээс итгэж найдахаас нэгэнт өнгөрчээ. Товчхондоо түүний УИХ-ын чуулгандаа хэзээ суух нь сонин биш харин хэзээ УИХ-ын гишүүнээс түдгэлзэх нь цаг хугацааны асуудал болоод байна.
Зөв дүр, буруу хамаарал. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “гудамжнаас” ирсэн , жагсаал цуглаан хийх замаар УИХ-д орж ирснээрээ онцлогтой төдийгүй үүнийгээ ч нуудаггүй харин ч бахархдаг. Л.Болдтой харьцуулбал жагсаалын “тайзан” дээр хамгийн зөв харагдсан нь Ж.Батзандан гишүүн байв. Бараг хориод жилийн өмнөөс өөрийнх нь бүтээсэн имиж болоод ч тэр үү дэндүү танил, бас зохимжтой байсан хэрэг. Харин шалтгаан нь? Тэрбээр өнгөрсөн сарын 29-нд “УИХ-ын дарга чуулганаасаа зугтаад олдохгүй байгаа. УИХ-ын дарга Засгийн газраа огцруулж чадахгүй болсон тул чуулганаа хаяад явлаа” гээд дүвчигнээд байсан юм. Уг нь энэ оны наймдугаар сард “Миний итгэл У.Хүрэлсүхийн Засгийн газраар төгсгөл болж байна” гээд шударга ёсны хайч нэхээд байсан юм. Тэгснээ Засгийн газрыг огцруулах тухай хэлэлцэх үеэр намынхаа шийдвэрийг эсэргүүцэн У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэж байна болоод явчихсан. Үүнийхээ төлөө нам нь түүнтэй хариуцлага тооцсон. Үүгээрээ мөн л Л.Болд гишүүний адил Ардчилал, Ардчилсан намаараа дэнчин тавьж М.Энхболдын эсрэг тэмцэлд нэгдсэн билээ. Түүний энэ “эргэлт” нь Зам тээврийн хөгжлийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тус яаманд хүн амины хэрэг гарсны улмаас албан тушаалаас нь чөлөөлсөн Ж.Бат-Эрдэнэ ахтай нь холбоотой юу. Ж.Бат-Эрдэнэ эдүгээ сохорсон биш завшив гэгчээр Ерөнхий сайдын зөвлөх болсон. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцохоос ухарч гэр бүлийн улс төрөө дэмжихээс аргагүйд хүрсэн гээд бодохоор улс төр, улс төрийн нам түүний хувьд юусан билээ. Хэзээ ч, хэний ч төлөө, юу ч ярьж жагсаж чаддаг, мэргэшсэн жагсагч тэрбээр УИХ-ын даргыг ч, УИХ-ын гишүүдийг ч өөрөө дотор нь байгаа хэрнээ нийтэд нь хулгайч дээрэмчин гэж хашгирч үүнийхээ төлөө огтхон ч хариуцлага хүлээдэггүй. Харин өөрөө ЖДҮХС-аас зээл авсан, нэр холбогдсон хүмүүсийг “зээлээ төлөөд явж байгаа” гэж хаацайлдаг. Түүний хувьд хууль, хяналтын байгууллагуудад шалгагдаж буй энэ хэрэг “жижиг” асуудал юм гэсэн. Тэгэхээр түүний тэмцэл юунд тулгуурлаж, хаашаа чиглэж буйг тогтооход дэндүү амархан байгаа биз. Одоо АН-аас хөөгдсөн Ж.Батзанданд сүүлчийн хоргодох байр нь “ард түмэн”, У.Хүрэлсүхийн баг болоод байна.
Г.Гантөмөр
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энхболд руу топорыг явуул түүнд цагдаа тагнуул онцгой байдал байна доржзодовыг херо баатартай аваад явахаа мартав цаадуул чинь хоронд гайгүй шүүдээ цаашид гарын таван хуруугаа нэг хэсэг дагуулвал зүгээр шүүдээ алсдаа чамайг энхболдоос доор болгох учраас тэгэс хийгээд салсан нь дээрдээ женко та хоёр их далдуур дотносох нь энэ ядарсан улс оронд минь
тус болохоосоо ус болохдог шүү хэлсэн үгнээсээ буцав ард олон харж байгаа чи болохоо болихоор бултадаг зантай тэгэхгүй шүү амжилт хүсэе