Орон нутгийн замд 24 цагийн хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ жил-2018” арга хэмжээ явагдаж байгаа аж. Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг чиглэх хөдөлгөөн нэмэгдэж байгаа энэ үед орон нутгийн цагдаагийн байгууллагаас байнгын болон 24 цагийн хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна.
Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замуудад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, хурд хэтрүүлэх болон тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэгддэг бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг явуулж байна.
Иймд зөвхөн “цагдаад баригдахгүй байх” гэх бодлоос илүүтэйгээр өөрийн болон гэр бүл, бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын хамгаалах хэрэгсэлтэй тээвэрлэх зэргээр Замын хөдөлгөөний дүрмээ баримталснаар та осол, аюулаас 90 хүртэл хувиар хамгаалагдах боломжтой юм гэдгийг зөвлөж байна.
Эх сурвалж: ТЦА
URL: