Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн 50-иас дээш хувийг 16-25 насныхан эзэлж байна

28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан бүх нийтээр авлигыг үл тэвчин, тухай бүр илчилж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө хамтарч, нэгнээ дэмжин ажиллах хүрээнд Нийслэлийн прокурорын газраас “Авлига, албан тушаал, мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалахад” прокурорын хяналтыг чиглүүлэн ажиллалаа.

Дээрх ажлын хүрээнд зөвхөн энэ оны 11-12 дугаар саруудад Хар тамхи мансууруулах бодистой холбоотой 23 хэрэг, үүнээс гадна Авлига, албан тушаал, Хүрээлэн буй орчны эсрэг, Гэр бүлийн хүчирхийлэл, бусдыг алах, залилах, бага насны хүүхдийг хулгайлах, улсын хилээр хязгаарласан, хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх зэрэг Эрүүгийн хуульд заагдсан нийтдээ 44 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсний заримаас дурдвал:

1. Н.Мөнхбат нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус банкин дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж, буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан, мөн “Мон лаа“ ХХК-ийн ерөнхий захирал М.Энхсайханд давуу байдал олгосон гэх эрүүгийн хэргийг;

2. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Эрдэнэтуяа нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгож, “Монос групп” ХХК, түүний охин компани болох “Монос констракшн” ХХК-нд давуу байдал бий болгосон гэх хэргийг;

3. Н.Раднаасэд нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн түрээсийн байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нэмэхбаяртай бүлэглэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг;

4. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч ажилтай  Отгон нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг;

5. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сард БНХАУ-ын иргэн Ян Шухон нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөхийг завдсан гэх хэргийг;

6. Д.Бат-Ирээдүй, Б.Гүррагчаа нар нь бүлэглэн олон удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн, Д.Мөнхтогтох нар нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас олгодог байгалийн ургамал, ойн дагалдах баялаг тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн болох самрын идээг гадаадад гаргах зөвшөөрлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, ашиглан, самрын идээг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн, Д.Ганболд, С.Ариунзаяа нар нь хуулийн байгууллагаас битүүмжлэн, итгэмжлэн хариуцуулж хүлээлгэн өгсөн 133 тонн хуш модны самрын идээг санаатай үрэгдүүлсэн гэх хэргийг;

7. “Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал 2018 оны 08 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнтэй маргаж, түүнийг зодож, алсан гэх хэргийг;

8. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сард Д.Төмөрбаатар нь В.Гантулгыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн эхнэр О.Чулуунцацралыг хутгалж алсан гэх хэргийг;

9. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны 8 дугаар сард П.Батсуурь нь хашааны гадна тоглож байсан 5 настай Э-г хуурч мэхлэн авч явж, хулгайлсан гэх хэргийг;

10. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 6 дугаар сард Отгон-Эрдэнэ нь 5 хоногтой нярай хүүхдийг “салхилуулна” гэж хуурч авч явж, хулгайлсан гэх эрүүгийн хэргүүдийг гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхэд шилжүүлжээ.

Гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд, манай улсын хэмжээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан Мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оныхоос эрс өсч, холбогдсон хүмүүсийн 50-иас дээш хувийг 16-25 насны хүмүүс эзэлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчид өртөх явдал ихээр гарч байна.

Эх сурвалж: prokuror.mn


URL:

Сэтгэгдэл бичих