Ирэх онд НДШ 24-26 хувь болон өсч, иргэн таны халааснаас ИЛҮҮ ТӨЛӨЛТ ХИЙГДЭНЭ

90

Ирэх оны төсвийн тухай төсөлд Нийгмийн даатгалын шимтгэлээс өмнөх оноос 70.2 тэрбум төгрөг нэмж олно гэж төсөөлөгджээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа долоон төрлийн татварыг нэмсэнтэй холбоотой шийдвэрийн хэрэгжилт юм.

2016 оны байдлаар ажил олгогч 11 хувь, ажилтан 10 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан. Үүнийг гурван жилийн хугацаанд ажил олгогч 2.5 хувь, ажилтан 2.5 хувийн шимтгэл нэмж төлөхөөр хуульчилж өгсөн юм. Уг өөрчлөлтийг 2017.04.04-ний өдөр Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулинд өөрчлөлт оруулан хийсэн билээ.

Ингэснээр 2018 онд ажил олгогч, ажилтан хоёр нийтдээ 23-25 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлж буй. Улмаар 2019 онд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 24-26 хувь болохоор төсвийн тухай хуулийн төсөлдөө суутгагдсан байна. Уг нэмэгдлээр дээр дурдсан 70.2 тэрбум төгрөгт ирэх онд төсөвт төвлөрөх аж.

Өөрөөр хэлбэл, ирэх оноос энгийн ажилтан нийгмийн даатгалын шимтгэлдээ 12-13 хувь төлж, ажил олгогч мөн адил хэмжээний суутгалыг төсөвт тушаана гэсэн үг. Иргэн Доржийг 1.3 сая төгрөгийн цалинтай гэж үзье. Үүнээсээ зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлд сар бүр 156-169 мянган төгрөг төлөлт хийнэ. Энэ нь 2016 оныхоос даруй 26-39 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Ажил олгогчид мөн ийм дүнгээр зардлын нэмэлт ирж буй гэсэн үг.

-1.3 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ 10 АЖИЛТАНТАЙ ААН ЖИЛДЭЭ 3.1-4.6 САЯ ТӨГРӨГИЙН НЭМҮҮ ТӨЛӨЛТ ХИЙНЭ-

Үндсэндээ 1.3 сая төгрөгийн дундаж цалинтай 10 ажилтан бүхий ААН жилдээ 3.1-4.6 сая төгрөгийн илүү төлөлтийг Нийгмийн даатгалын шимтгэлд тушаах юм. Харин 1.3 сая төгрөгийн цалинтай энгийн ажилтан жилдээ 312-468 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд төлнө.

Сар бүр та бидний авах цалингаас бага багаар хасагдаж буй энэ мөнгөн дүн улсын төсөвт төвлөрөхдөө даруй 1 тэрбумын өртөг бүхий 70 бүтээн байгуулалт хийх хэмжээтэй болтлоо ихсэж байна гэсэн үг. Дуслыг хураавал далай болдгийн жишиг энэ. Гэвч нөгөө талд ам.долларын ханш өсч, хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж буй энэ цаг үеийн хүндийг мартаж болохгүй.

Иргэн Дорж нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд төлөх сар бүр төлөх мөнгөөрөө даруй 5-8 кг хонины мах авах боломжтой. Энэ нь өрх гэрийн хагас сарын хүнсний хэрэглээнд элбэг хүрэлцэх хэмжээ юм.

shinemedee.ne


URL:

Сэтгэгдэл бичих