Гагнуурчин охин Э.Уужимсэтгэлд “Шилдэг залуу ажилчин” шагнал гардууллаа

48

Мэргэжлийн боловсрол, ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, залуу үеийг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэлд уриалж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд Шилдэг залуу ажилчинд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олголоо.

ШАГНАЛ ГАРДУУЛСНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Та бүхний өдрийн амгаланг айлтгая.

Өнөөдөр маш их ач холбогдолтой шагналыг анхлан гардууллаа. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдтэйгээ уулзах үеэр иргэд “залуучуудад ажил хангалттай олдох ч ажил хийх сонирхолгүй байна” гэсэн шүүмжлэлийг олон хэлж байсан.

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2018 оны эхний байдлаар зөвхөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 25 мянга орчим байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь 25-34 насны залуучууд. Гэтэл Хөдөлмөрийн бирж дээр 35 мянган ажлын байрны зар гарсан байдаг юм байна. Ажил хийх хүслээ илэрхийлж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тооноос ажлын байрны тоо даруй 10 мянгаар илүү байна.

 

Энд гарч байгаа гол бэрхшээл нь мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн эв дүй юм. Ажил олгогчид мэргэжилтэй ажилтан олдохгүй байгааг байнга хэлдэг. Манай боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого, төлөвлөлтийг тооцоололгүйгээр жил бүр ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөсөөр байгааг өөрчлөх цаг болсон. Үүний тулд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа нь үр өгөөжөө өгч байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд эрэлттэй мэргэжил эзэмшсэн хүн, дээд сургуулийг хамгийн түгээмэл мэргэжлээр төгссөн хүн хоёрын ажилд орох магадлал 99:1-ийн харьцаатай болжээ” гээд 18 настай Э.Уужимсэтгэлийн нэгэн адилаар эрхэлж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ гаргуун болж, ихийг хийж бүтээхийг залуучууддаа уриаллаа.


URL:

Сэтгэгдэл бичих