Тэнцвэр

16

“60 тэрбум”-ын төлөвлөгөөг сонсож байсан тул УИХ-ын дарга ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өг гэсэн шаардлага жагсаал цуглаанаар үргэлжиллээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийг нь цэцэрлэгт хүрээлэнд магтаад сууж байсан УИХ-ын гишүүн жилийн дараа эсэргүүцлийг манлайлж яваагаас харахад улс төр гэдэг туйлын ойворгон, урьдчилан таамаглах аргагүй зүйл аж.

УИХ-ын даргын хувьд хууль журмын дагуу үндэслэлээ тавивал ажлаа өгөхөд бэлэн гэдгээ ийм акц бүрийн дараа илэрхийлсээр удлаа. Өнгөрсөн хугацаанд ганц л УИХ-ын дарга Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр чөлөөлөгдөж байж. Үүнийгээ ч Хууль зүйн сайд МАН-ын Бага хурал дээр ярьж байна лээ. Гэхдээ хууль зассан үйлдэлдээ УИХ-ын даргын албан тушаалаас бууж байсан гэдгийг нь санавал өнөөгийн нөхцөлтэй харьцуулах, сайрхах зүйл биш л дээ.

Хууль ярих юм бол УИХ-ын даргын албан тушаал “өндөр хамгаалалт”-тай. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2-д УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах асуудлыг зохицуулсан байдаг. Түүгээр бол нас барсан, өөр ажилд шилжсэн, хүндээр өвчилсөн, Үндсэн хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдлуудад л чөлөөлөгдөх номтой.

УИХ-ын дарга М.Энхболд 2007 онд МАХН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаа өгч байв. Харин энэ удаа хойрго хандаад байгааг нь албан тушаалд дуртай гэхээс үүрэг, хариуцлагатай холбож ойлгож болно. Өмөөрч байгаа юм биш, ерөөсөө УИХ-ын дарга хэн байх тухай л маргаад байгаагаас тэр албан тушаалын талаар ярихгүй байгаа болохоор бичиж байна.

УИХ-ын дарга гэдэг өнгөц харахад хуралдаан даргалан явуулах төдий эрх мэдэлтэй. Жагсаал зохион байгуулж байгаа гишүүдийн зарим нь “УИХ-ын дарга бол хуралдаан зохион байгуулах л үүрэгтэй. Тиймээс албан тушаалаасаа буухгүй бол өрөөнөөс нь чирч гаргана” гэх утгатай үг хэлж байсан. Хэрэв тийм бол энэ албан тушаалаас нь буулгаад ч яахав биз дээ.

Гэвч УИХ-ын дарга Ерөнхийлөгчийг эзгүйд орлодог, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний нэг гэдэг өнцгөөс харвал ондоо. Саяхан УИХ-ын дарга мэдээллийнхээ үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ганцаарддаг тухайгаа дурдаад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх тухай асуудлаар жишээ татсан. Өнгөрсөн зун Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улс ШХАБ-д элсэх нь зүйтэй гэсэн санал оруулж, Ерөнхий сайд болон МАН-ын бүлгийн зарим гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлж байв. УИХ-ын хаалттай хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтсон мэдээлэл гарч байлаа.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тодорхой шийдэл гарсны дараа ШХАБ-д элсэх асуудлыг парламентаар хэлэлцэх байсан ч таг чиг болсон юм. Хоёр хөршийн байр байдал амаргүй байна. Урд хөрш Америктай худалдааны дайн өрнүүлж, хойд хөрш европчуудтайгаа элдэв хоригоор зууралдаж байгаа. Ийм нөхцөлд хоёр хөршөөс гадна СТАН голдуу орнууд багтдаг нэгдэлд орох нь манай улсын төвийг сахих статуст ямраар тусахыг судлаачид л хэлэх байх.

Газар зүйн хувьд хоёр хэт их гүрний дунд оршдог орны хувьд яаран гаргах шийдвэр, бодох шийдвэрүүд тусдаа. Тиймээс ч УИХ-ын даргыг сольж өөрчлөх нэг шалтгааныг энэ гэж хардах хүмүүс бий. Өөр хэн нэгэн хүнээр солиод ямар шийдвэрт хүрэх гээд байгаа юм гэдэг хардлага бол байх л зүйл.

Хамгийн гол нь одоо нэг зүйлийг шударга ёс, хууль зүй энэ тэрээс илүү ил шулуухан ярих цаг нь болсон. Тэр бол МАН-ын дотоодод гарсан хагарал бол эрх мэдлийн төлөөх тэмцэл гэдгийг зөвшөөрөх юм. Гүйцэтгэх засаглал, намыг нэг гарт атгасан хүнд бүгдийг өөрийнхөө үгээр явуулж байх эрх мэдэл дутаад байгаа нь үнэн. Дорвитой өөрчлөлтүүд явуулмаар ч байгаа байх.

Үүнд нөлөөтэй лидерүүд саад болж байж магадгүй. Гэхдээ нам ч тэр, УИХ ч тэр мэтгэлцэх, зөвшилцөх гол зарчимтай амьд институцууд билээ. Бас гурван цагийн хэлхээс дээрээ тогтож ирсэн байгууллагууд юм. Түүнчлэн өнөөдөр цахим орчин, зарим мэдээллийн хэрэгслүүдээр сурталдаад байгаа сөнөл мөхлийн дуулал, улсаа худалдсан улстөрчдийн үлгэрүүд бол хагарсан хоёр талын байлдаан, ихэнх нь гуйвуулсан зүйл гэдэг нь эхнээсээ илэрч байна.

УИХ-ыг бараг дангаараа бүрдүүлж байгаа намын дарга нь Ерөнхий сайд байгаа үед Үндсэн хуульд заасан “Ерөнхий сайд Засгийн газрыг хариуцаж төрийн хууль биелүүлэх үүргийг биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна”, “Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана” гэсэн заалтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үү. Ялангуяа тойрогтоо дахиад нэр дэвшихээр намын даргаасаа гуйгаад очих хүмүүс Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэх үү гэдэг бол асуулт. “Хуулиас гадуур нийгмийн шударга ёсыг хэн ч тогтоохгүй.

Энэ бол орчин үеийн эрх зүйт нийгмийн гол үнэт зүйл юм. Монголын төрд хууль л ноёлох ёстой” хэмээн ярьж байсан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг огцруулаад байгаагаас ч харсан шүү дээ. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд бол өнөөгийн нийгмийн гол дүр. Ийм өндөр албан тушаалд очсон хэн ч улс орноосоо өөр юуг ч бодохгүй.

Гэхдээ тийм байлаа гээд өөрийнх нь ажилд хяналт тавьдаг байгууллага гарынх нь дор байх ёстой гэсэн үг биш. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах тухай асуудал ид яригдаж байх үед УИХ-ын гишүүн Л.Болд нэгэнтээ “МАН-ыг засаглаж байсан жилүүдэд АН-аас Ерөнхийлөгчийг ард түмэн сонгож байлаа. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулахаас илүү төрийн тэнцвэр гэж харах хэрэгтэй” тухай ярьж байлаа.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын имиж, үзэл бодол ихэнх огтлолцол дээр нийлээд байгаа нөхцөлд, үгүй ядаж хүмүүс тэгж хардаж байгаа үед тэр тэнцвэр УИХ-ын даргад очсон байж болох юм. Мөн ийм албан тушаалаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр хэн нэгнийг огцруулж болдог жишиг үлдэх нь ч бас аюултай зүйл билээ.

Үндэсний шуудан сонин


URL:

Сэтгэгдэл бичих