Казахстаны дээдэс хэрхэн зугаацдаг вэ?

2008 оны дөрөвдүгээр сарын 17. 10 цаг 10 минут
Нууцын хэсэг: 03-01. Астана хот. 000760
SIPDIS
Албан хэрэгцээнд: 12958. 2018 оны дөрөвдүгээр сарын 17 хүртэл нууцлах
Теги: PGOV, PINR, KZ
Сэдэв: Казахстаны удирдагчдын амьдралын хэв маяг
Астана 00000760 003-001.4
Нууцын зэрэглэлийг тогтоосон: Улс төр, эдийн засгийн хэлтсийн дарга Стивэн Фагин
Үндэслэл: 1.4 (b), (d)

Казахстаны улс төрийн томчуудын зугаа цэнгэлд голлох байрыг аялал зугаалга, морь унах болон цанын спорт эзэлж байна. Мэдээж хэрэг тэд Элтон Жоныг Казахстанд концерт тавиулахаар урьж, эсвэл эх нутгийнхаа үл хөдлөх хөрөнгийг Арабын Нэгдсэн Эмиратад ямар нэгэн орд харшаар солих зэрэг өргөн далайцтай зугаа цэнгэлийг эрхэллээ гэхэд гайхах зүйлгүй юм. Энэхүү цахилгаанд Казахстаны удирдагчдын эгэл жирийн зугаа цэнгээний хэд хэдэн жишээг өгүүлсэн бөгөөд энэ нь Элчин сайдын яамны ажилтнуудын оролцсон ихэс дээдсийн баяр ёслол дээрээс тодорхой болжээ.

Наран хийгээд морьд

Ерөнхийлөгч Назарбаев эх орон нэгтнүүдийнхээ нэгэн адил адуунд их хайртай ажээ. 2007 онд Элчин сайдын яамны зөвлөх ажилтан Ерөнхийлөгчийн адууны ферм дээр очсон байна. Энэхүү ферм нь хүн ам сууршсан Астана хотын захад байрлах боловч өндөр хашаа хороогоор хамгаалагдсан байдаг аж. Хашааны цаана томоос том жүчээ байрлах агаад нээлттэй болон хаалттай хашаа хороо байх бөгөөд үүнээс гадна биллъярдын ширээ бүхий клуб, халуун усны газар болон спортын заал байрладаг байна. Элчин сайдын яамны ажилтан адууны жүчээг үзэхэд тэнд янз бүрийн үүлдрийн 40 орчим морьд байхыг харжээ. Х түүнд хэлэхдээ, Назарбаев байсхийгээд л тус ферм дээр ирдэг боловч тийм ч ойр ойрхон морилдоггүй гэнэ.Назарбаевын эхнэр Сара Назарбаева хэзээ ч түүний хамт ирдэггүй гэв. Сөрөг хүчний “Тасжарган” сонинд Сара Назарбаевагийн тухай эерэг байдлаар тодорхойлсон нийтлэл гарч байжээ.

Назарбаевын хувьд өөрийн эх орны арай урин дулаан бүс нутаг руу аялах дуртай аж. Арабын Нэгдсэн Эмиратын Элчин сайдын яамны ажилтнууд хэлэхдээ Назарбаевыг Астанагаас хойд зүгт орших Казахстаны уулархаг амралтын газар орших Боровой дахь үл хөдлөх хөрөнгөө заримдаа Швейцарьтай харьцуулж, Эмират дахь “харш”-тай адилтган ярьдаг байна. Энэхүү солилцоо байнгын байсан уу, эсвэл түр зуурынх уу гэдгийг тэрбээр тодруулж чадсангүй. Астана дахь Туркийн төлөөлөгчийн газрын тэргүүн Орхан Исик Элчин сайдын яамны ажилтанд хэлэхдээ Назарбаевт жилдээ 4-5 удаа айлчилж очдог эдлэн газар Анталияд байдаг талаар дурдсан байна. Исикийн нотлон өгүүлж байгаагаар Назарбаев энэхүү үл хөдлөх хөрөнгийг 1990-ээд оны эхээр бэлэг болгон авсан бөгөөд эдүгээ түүний зарим хэсэгт дээдсийн хүрээнийхэнд зориулсан зочид буудал барихаар төлөвлөөд байгаа аж.

Шөнийн клубт хийсэн бүжиг

Гуравдугаар сарын долоонд буюу түүнийг АНУ руу явах айлчлалаа өөрчилснөөс хоёр хоногийн дараа Ерөнхий сайд Масимов Астана хотын хамгийн орчин үеийн шөнийн клубуудын нэгт наргиж байхыг нь ЭСЯ-ны ажилтан олж харсан байна. Масимов 23 цаг 30 минутын үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кайрат Келимбетов, Астана хотын захирагч Аскар Мамин нартай тийм залуу бус гурван казах эмэгтэй (бодвол тэдний эхнэрүүд байх) болон хамгаалагчдын хамт тийш оржээ. Хэдийгээр тус клубт тусгай зочинд зориулсан орчин байх боловч Масимов олны өмнө ширээний ард тухлахыг илүүд үзжээ. ЭСЯ-ны ажилтан Масимовын дагалдан явсан хүмүүсээс холгүйхэн сууж байсан гэнэ. Масимов тийш орж ирснийхээ дараахан өөрсдийн хамт явсан бүсгүйчүүдийг бүжгийн талбай руу урин гарчээ. Бүжгийн талбай нь 100 орчим хүн бүжиглэх багтаамжтай байсан бөгөөд тэнд ойролцоогоор 50 орчим үйлчлүүлэгч хөгжин цэнгэж байлаа. Гэвч Масимов бүжгийн талбайн цаана орших хоосон талбай дээр ганцаараа бүжиглэхийг илүүд үзжээ. Түүнийг дагалдаж явсан хүмүүс төдөлгүй ядарч туйлдсан тул Масимов тайзан дээр ганцаараа 15-20 минут орчим тун цоглогхон бүжиглэсээр байсан гэнэ. Ойролцоогоор шөнийн нэг цагт Масимов болон түүний тойрон хүрээлэгчид уг клубыг орхижээ.

Олигархиудтай хамт цанаар гулгасан нь

2007 оны есдүгээр сард Казахстаны олигарх Александр Машкевич Алмата хот дахь өөрийн байранд АНУ-аас айлчилсэн Конгрессын хоёр гишүүнтэй үдийн хоол барьжээ. Тэрбээр Forbes сэтгүүлийн шалгаруулалтад дэлхийн хамгийн баян хүмүүсийн 334 дүгээрт бичигдсэн агаад Eurasian Natural Resources Corpоration хэмээх төмөр болон уул уурхайн олборлолтын томоохон компанийн үндэслэгчдийн нэг юм. Энэхүү хүлээн авалт дээр гагцхүү хоёрхон казах эр байсны нэг нь Төрийн нарийн бичгийн дарга Канат Саудабаев болон түүний туслах нар юм. SIPDIS-т мэдээлснээс харахад Саудабаев, Машкевич нарын хооронд болсон хошигносон өнгө аястай ярианы мэдээллээс үзэхэд тэд дэндүү ойр дотны харилцаатай хүмүүс болох нь харагдаж байна. Машкевич Европт ажлаар явахдаа Саудабаевын хамт уулын цанаар гулгаж байсан тухайгаа нэлээд удаан хугацаанд дурсан өгүүлжээ. 2005 онд мөн л уг эдлэн газарт Саудабаев АНУ-ын Конгрессын гишүүдийг хүлээж авч байсан боловч тухайн үед Машкевич байгаагүй юм. Хүлээн авалт дээр Элчин сайд Саудабаеваас “Энэ хэний байр байшин бэ?” гэж асуух үед өнөөх нь “Энэ манай найзынх” гэж хариулсан гэдэг. Саудабаев хоёронтаа АНУ-ын Засгийн газрын түшмэлүүдэд үдийн зоог барьж байсан бол Машкевич энэ үеэр хоёронтаа эзгүй байлаа. Машкевич тэрбум тэрбумаар тоологдох тэр их мөнгөө юунд үрээд байгаа нь тодорхойгүй боловч ямар ч байсан хоолны амталгааг хөгжүүлэхэд зориулаагүй гэдэг нь тодорхой юм. Элчин сайдыг түүний нэгэн харшид хооллож байх үед гол төлөв бешбармак (гурилаар бүтээж чанасан мах), загсаа зэрэг ижил төрлийн хоолоор дөрвөн удаа дайлсан гэдэг. Зөөгч нарыг нь харахад Зөвлөлт засгийн үед нийтийн хоолны газар бэлтгэгдэж байсан дөнгөж 10 жил төгссөн хүүхдүүдийг санагдуулж байлаа. Харин дарсны хувьд нэлээд чанартай франц дарс задалж байжээ. Астанагийн эдлэн газрын хаалган дээр модон пайзнууд өлгөөтэй байх агаад тэдгээр нь угтаа бол хаа нэгэн Вайоминг дахь анчны байшин дээр тун дажгүй харагдах байсан боловч дээд зэргийн тохижилт бүхий Казахстаны алдартай дээдсийн хашаан дээр үл зохицолдож байлаа.

Оддын хувийн концерт

2007 онд Ерөнхийлөгч Назарбаевын зээ хүү Тимур Кулибаев 41 насныхаа ойг тун чиг нижгэр тэмдэглэжээ. Алмата хот дахь жижигхэн танхимд тэр Оросын тэргүүн зэргийн поп оддын оролцсон хаалттай концертыг зохион байгуулсан байна. Энэ хөтөлбөрийн хамгийн гол оролцогч нь гагцхүү энэ ганц тоглолтын төлөө Кулибаевын нэг сая фунт стерлинг төлсөн Элтон Жон байлаа (Жич: Их Британийн Элчин сайдын хэлснээр бол ноён Элтоны концертыг хэн нэгэн хүн зохион байгуулж, тооцоог нь хийсэн ч өөрийнхөө нэрийг хэлэхийг хүсээгүй гэж ярьжээ). Бусад эх сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд 2007 оны наймдугаар сард Кулибаевын эхнэр Дина Назарбаевагийн төрсөн өдрийг тэмдэглэх үед Канадын дуучин, ая зохиогч, жүжигчин Нелли Фуртадо ая дуугаа өргөсөн гэх мэдээлэл байна. Бодвол Кулибаев өөрийнхөө эд баялгийг бусдын төлөө ч мөн зарахад бэлэн байгаа бололтой. Туркийн дипломат Исикийн хэлснээс үзэхэд саяхан Kempinski зочид буудлын сүлжээнийхэн тус улсын Бодрум хотод тансаг орд харш барьсан гэх бөгөөд Кулибаев түүнээс хэд хэдийг худалдаж авсан гэнэ. Тэдний нэгийнх нь үнэ гэхэд 4-5 сая ам.доллар байх агаад энэ бүхнийг найз болон гэр бүлийн гишүүддээ бэлэг болгон өгчээ.

Спорт ба улс төрийн бантан

Казахстаны улс төрийн зарим нэг томоохон төлөөлөгчид Бээжингийн олимпийн бамбарыг дамжуулах буухиад оролцох үеэр спорт, улс төр хоёр дөрөвдүгээр сарын хоёрны өдөр Алмата хотод нэгэн цул болсон юм. Олимпийн бамбарыг барьж байсан хүмүүсийн дунд Ерөнхийлөгч Назарбаев, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Болат Утемуратов, “Нур Отан” намын даргын нэгдүгээр орлогч Адилбек Жаксыеков болон Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын дарга Мажит Есенбаев нар байсан юм. Назарбаеваас бусад томчуудын хувьд уг бамбарын буухиад улс төрийн томоохон албан тушаалтны хувьд бус харин Казахстаны спортын ертөнцөд албан ёсны байр суурь эзэлж байдаг тул оролцох болсон явдлаа ийнхүү тайлбарлаж болохоор байв. Утемуратовын хувьд Казахстаны Газрын теннисний холбооны тэргүүн бол Жагсыбеков Хөлбөмбөгийн холбооны тэргүүний сонгуультай юм. Харин Есенбаев Жудогийн холбоог тэргүүлж, Узакбаю Карабалин Боксын холбоог, Назарбаевын зээ хүү Тимур Кулибаев Гольфын холбооны тэргүүний хувьд олимпийн бамбарыг дамжуулах буухиад оролцох хүндтэй үүрэг тэдэнд ноогджээ. Гагцхүү хэл ам таталсан Дугуйн спортын холбооны тэргүүн, Батлан хамгаалахын сайд Даниял Ахметовт олимпын бамбарыг буухиалах боломж олгоогүй аж.

Эртний сайхан зөвлөлт маягийн амлалт

Казахстаны улс төрийн томчууд тийм ч гойд хачин зугаа цэнгэлийг илүүд үздэггүй юм. Тэдний зарим нь хуучны шалгарсан аргаар амрахыг илүүд үздэг гэнэ. Батлан хамгаалахын сайд Ахметов өөрийгөө ажилч хичээнгүй нэгэн хэмээн тооцдог бөгөөд хуучны зөвлөлт маягаар амрах дуртай бөгөөд өөрөөр хэлбэл ганцаараа ухаанаа алдтал архидах дуртай гэнэ. Ахметовын архинд донтсон сул талын тухай бидэнд олдсон мэдээлэл дам сураг боловч иймэрхүү байдлыг нотолсон бодит мэдээллүүд ч бас бий. 2007 оны зургаадугаар сард Ахметов АНУ-ын Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтны айлчлалын үеэр хөмсгөө зангидчихсан зогсч байсан удаатай. Өөрийнхөө биеийн муу байгаа байдлыг нуухыг оролдсонгүй учраас зөөлөн сандал дээр лаглайн суугаад янз бүрийн орос хэлц үгийг амандаа бувтнаж байхдаа Ахметов тэрхүү өндөр дээд хэмжээний зочинд өчигдөр орой цэргийн сургуулийн төгсөгчдийн үдэшлэг дээр очиж, Казахстаны шинээр төрсөн офицеруудын төлөө хундага тулгасан тухайгаа тайлбарласан гэнэ. Харин Батлан хамгаалахын сайд уу, эсвэл цэргийн сонсогч нарын төлөө илүү олон хундага тулгасан эсэхийг таахаас өөрцгүй юм. Ахметовын зугаа цэнгэл зөвхөн архидан согтуурахаар хязгаарлагдахгүй. Астана хот дахь Radison зочид буудлын ажилтны бидэнд мэдээлснээр тэрбээр хүү Ахметовынхоо хуримыг тун нижгэр хийхээр бэлтгэж байгаа гэдэг нь тодорхой болов. Казах үндэстний ёс заншлаар бол хуримыг хүргэний талын эцэг, эхчүүд зохион байгуулдаг бөгөөд түүнээс бодвол энэ бүхний тооцоог хийх үүрэг Ахметовт ноогдсон болов уу.
Ордуэй
О.Баяр (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих