ШӨХТГ: “Магнай трейд” ХХК-ийн зөвшөөрлийг цуцлах санал гаргасан
ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлын хэсэг 2018 оны наймдугаар сарын 6-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч есөн аж ахуй нэгжийн борлуулж буй АИ-92 шатахуунаас дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлжээ.
Тодруулбал, “Петростар” ХХК, “Магнай трейд” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Содмонгол” групп ХХК, “М-Ойл” групп ХХК, “Жаст-Ойл” групп, “Синчи-Ойл” ХХК, “Монсуль” ХХК, “Ойн бирж” ХХК-ийн шатахууныг шинжилгээнд хамруулсан байна. Гэтэл шинжилгээний үр дүнгээр дээрх есөн аж ахуй нэгжийн борлуулж буй АИ-92 шатахуун дахь марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3 гэж тодорхойлогджээ.
Мөн хэд хэдэн аж ахуй нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 шатахууны октан тоондоо хүрээгүй байна. Энэ нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн шинэчилсэн тогтоолоор “АИ-92 шатахуун дахь марганецын агууламж 0.25 мг/дм3-аас бага бол марганецын агууламж байхгүй байна гэж үзнэ” гэж заасан байдаг.
Марганец нь авто машины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгардаг хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэгтэй бөгөөд энэ нь эд ангид муугаар нөлөөлдөг байна. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаарт шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг аж.
Тиймээс Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон есөн аж ахуй нэгжид тус бүрд есөн сая төгрөгийн шийтгэл, зохиомлоор шатахууны хомстол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.
Мөн “Магнай трейд” компанийн зөвшөөрлийг цуцлах саналыг гаргасан байна. Харин дээрх есөн аж ахуй нэгжийн борлуулж буй шатахуунд агуулагдах марганец хаана хольсныг тогтоох боломжгүй. Компаниудын өгч байгаа мэдээллээр Ростнефтийн шатахуун шинжилгээний бичигтэй ирдэг. Мөн тухайн шатахууныг гаалиар орж ирэхэд хийлгэсэн дүгнэлт нь хуульд нийцэж байгаа гэсэн мэдээллийг ШӨХТГ-т өгсөн” хэмээн тус газраас мэдээлэв.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: