Талхны үнийг бууруулахын төлөөх жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна

13-27

Суданд талхны үнийг бууруулахын төлөөх эсэргүүцэл үргэлжилж байна. “Франс пресс” агентлагийн мэдээлснээр өнгөрсөн ням гарагт хоёр ч хотод нийтийг хамарсан үймээн дэгдсэн байна. Өнгөрсөн лхагва гарагт Суданы Засгийн газар талхны үнийг гурав дахин өсгөх шийдвэрээ зарласны дараагаас тус улс даяар эсэргүүцлийн давалгаа газар авчээ. Нийслэл Хартоум болон Нил мөрний дагуу орших Омдурман болон бусад хэд хэдэн хотод жагсаал цуглаан өрнөж байгаа юм. Нийслэл дэх жагсагчид парламентын ордон руугаа дайрахыг оролдсон ч цагдаа нарын хүчинд дарагдсан байна.

Түүнчлэн өчигдрөөс эхлэн орон даяар олон албан байгууллагууд нь ажил хаялт зарлахаар болжээ. Ард түмний тэмцэл эсэргүүцэл хүчтэй байгаагаас үүдэн цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй болсон бөгөөд улс орон даяар онц байдал зарлаж, хэд хэдэн мужид хөл хорио тогтоосон байна. Цагдаа нартай мөргөлдөх үеэр найман хүн нас барсан гэх боловч Суданы сөрөг хүчний удирдагч Садик ал-Мадигийн хэлснээр амиа алдсан хүний тоо үүнээс хавьгүй их байгаа аж. Суданы гол сөрөг хүчний удирдагч Садик аль-Махди цагдаагийнхны үйл ажиллагааг “зэвсэглэсэн залхаан цээрлүүлэлт” гэж нэрлээд, 22 хүн амь эрсэдсэн гэдэг мэдээлэл хийжээ.

Нийслэл Хартумаас баруун урагш 200-гаад км-т байдаг Умм-Руваба хотын 600-гаад иргэд зах дээрээ цугларч, эмх замбараагүй байдал үүсгэсэн бол Хартумаас зүүн хойш 300-гаад км зайтай Атабара хотод цагдаа нар болон энгийн хувцастай тусгай хүчнийхэн жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн  байна. Өнгөрсөн ням гарагт нийслэл Хартумд дунд сургуулиуд болон их сургуулиуд хаалттай, тайван байдалтай, харин цагдаагийнхан бороохой, нулимс асгаруулагч хийгээр зэвсэглэн эргүүл хийж байжээ.
Эх сурвалж:   https://www.bbc.com/news/world-africa-46666237

                                                                                                             С. Анирлан


URL:

Сэтгэгдэл бичих