Хамгийн сайн хүнээ Ерөнхийлөгчөөр сонгоод, түүнийхээ нөмөр нөөлөгт хүн шиг амьдрахыг хүсч байна
Төр системийн өвчнөөсөө салах гарц
Герман эрх зүй холбооны улсад илүү тохиромжтой
Аливаа тогтолцооны гажуудал тогтолцоогоо сүйтгэн нураахыг системийн өвчин гэнэ. Эмнэл зүйд уг өвчнийг автоиммуны өвчин (autoimmunisatio) гэж хэлдэг. Биеийн дархлаа эсрэгцэж бие организмaa сүйрүүлэхийг хэлж байгаа юм. Биед эсрэгцэл үүссэнээс дархлааны систем биеийнхээ дайсан болж хувирна гэсэн үг. Монголын төрийн гажуудал даамжирч төрийн байгууламжаа хорлон нурааж, төр хямарч сонгогчдодоо эсрэгцэн, ард түмнийг эцсийн цэгт нь хүртэл бухимдуулан туйлдуулж байна, энэ бол системийн өвчний илрэл шинж. Монгол Улсын төрд системийн өвчин нүүрлээд үнэндээ удаж байгаа, одоо эцэстээ бие нь муудаж системээрээ терминал байдал буюу ухамсаргүйдэл, мэдрэмжгүйдэлд орж байх шиг байна. Төрийн системийн өвчнөөс салах арга байгаа юу гэвэл байлгүй яахав, гагцхүү шуурхайлах л хэрэгтэй, цаг алдаж архагшуулж болохгүй. Системийн хямралын хүнд байдлаас гарах цорын ганц арга бол тогтолцоогоо системээр нь өөрчлөх гэдэг нь тодорхой болчихлоо. Системийн реформ хийх ийм боломж байна. Аливаа боломж нь цаг хугацаатай цуг орж ирдэг, одоо л шуурхай хөдөлж, энэ боломжийг ашиглаж чадахгүй хугацаа алдвал боломж цагтайгаа цуг живэх болно. Шинэ тогтолцоог цогцлоохын тулд хуучныг цэвэрлэн арчих шаардлагатай нь ойлгомжтой. Шинэ цагийн дууг хуучин хүмүүс дуулж чадахгүй, хөг аяыг нь ч олохгүй.
ДЭЛХИЙН УЛСУУДЫН ТӨРИЙН ТОГТОЛЦОО
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн одоо байгаа түвшин, төрийн хямралт байдал, ард олны бухимдал, ядуурал ужгирч овоорлоо. Бүх асуудлыг цогцоор нь шийдэхэд, реформын өөрчлөлт хийж, хөгжиж амжилттай яваа орнуудаас санаа туршлага авчихаар юу байна гэдэгт онцгой ач холбогдол өгөн анхаарч судлах нь нэн чухал юм. Юуны өмнө дэлхийн улсуудын төрийн тогтолцоог мэдэж байх ёстой.
Хаант юм уу эсвэл ерөнхийлөгчийн засаглалтай болно гэж нэг тийш хэлтийж туйлшрах нь мэдлэггүй хүний дэмий яриа. Дэлхийн улсуудын тогтолцоог зориуд хараарай, ерөнхийлөгчийн тогтолцоотой гэхээр, америк тив, за тэгээд арабын хэдэн орнууд л байгаа шүү дээ.
Тэд роман, германы эрх зүйт гэр бүлд багтдаггүй орнууд, далайн хуультай улсууд. Англи, Япон гээд далайн зарим гүрнүүд ч тэнд ордоггүй, эх газрын хуулиар л явдаг. Монгол Улс тэр замаар явах ямар ч боломж байхгүй гэдэг нь амьдрал дээр нотлогдсон. Сүүлийн 20 жилийн дотор Элбэгдоржийн санаачилгаар, Монголын хууль зүйд шигтгэсэн хуулийн шинэчлэл хэмээх далайн хуулийн бүх заалтуудыг цэвэрлэн шүүрдэх ёстой, энийг хуульч Ц.Нямдорж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Эх газрын буюу роман, германы эрх зүйтэй улс далайн хуулиар хөгжихөөр оролдсоныхоо гай ланчгийг монголчууд өнөөдөр маш их үнээр төлж байна, эцэстээ жирийн ард түмэн амжиргаагүй болж төр нь хямарлаа. Ингэж болдоггүй юм байна. Аятайхан туршлага, хичээл санамж байвал тэрийг нь тусгаж аваад хэрэглэхийг үгүйсгэхгүй, гэхдээ хууль эрхийн зохицуулалтад бодлого болчихоор хэв хэмжээг хэрхэвч оруулж болдоггүй юм байна, энэ бол том сургамж. Дэлхийн улсуудын төрийн байгууламжийг судалж үзэхээр дийлэнх нь бну(бүгд найрамдах улс) юм, Монгол Улс ч тэр гэр бүлд хамрагдаж яваа. Засаглалын хувьд, ерөнхийлөгчтэй, парламенттай аль алинтай улс гэдгээ Монгол Улс зарлаж, нүбын бүртгэлд тусгалаа олсон бөгөөд ерөнхийдөө холимог тогтолцоотой гэсэн үг. Манайх парламентын тогтолцоотой юм чинь…гэж зарим улстөрчдийн түрээ барьж ярьдаг нь юм мэдэхгүй хүмүүсийн амнаас унасан үг. Эзэн хаантай зарим улс орнуудад л парламентын засаглал цэврээр байдаг, харин манайх хаангүй. Германыг парламентын засаглалтай гэж ойлгоод байх шиг байдаг, үнэндээ бол холимог засаглалтай, холбооны их гүрэн. Аливаа холимог тогтолцоотой улсууд тогтолцооныхоо нарийсгасан хэлбэрийг үндсэн хуулиараа зарлах ёстой байдаг юм байна, энийг манайх хийгээгүй алджээ. Одоо мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн бас нэг том алдаа нь энэ. тогтолцооны хэлбэрийн тухай нүб-ын жагсаалтад манай улс байдаггүй юм. Монгол Улсын үндсэн хуулийн эрх зүйн суурь концепц нь романгерманы гэх боловч роман тал нь давамгайлсан ерөнхийлөгч парламентын систем байх уу, аль эсвэл герман тал нь давамгайлах парламент-ерөнхийлөгчийхөөр явах уу гэдгээ тодорхойлоогүй орхисноор өнөөгийн төрд үүсчихээд байгаа хямралын шалтгаан, эрх мэдлийн төлөөх улайрсан дайны суурь нөхцлийг тавиад өгчихөж, энэ бол үндсэн хуулийн цоорхой. Зүй нь Монгол гэдэг улс роман-германы эрх зүйг хүндэтгэн баримтлахдаа төрийн байгууламжийн ерөнхийлөгч давамгайлсан, эсвэл парламентын үүрэг эрх давамгайлсан холимог системийг сонгож, тэрийгээ үндсэн хуульдаа заачих ёстой байж. Аль нь давамгайлах нь тодорхойгүй саармаг энэ байдал олигархиудын олз болж, эрх мэдлийн дайнд хүргэдгийг ард олноороо харлаа мэдэрцгээлээ. Аль нэг талд нь гарч, төрийн тогтолцоо тов тодорхой байхын сургамжийг олж авцгаалаа. Одоо цаашид ямрыг нь сонгохыг гагцхүү ард түмний санал асуулгаар, шинэ үндсэн хуулиар өөрчлөн тогтоох ёстой. Их гүрэн байх үеэсээ өдийг хүртэл тусгаар тогтнолоо хамгаалаад, түүхийн хүнд хэцүү эргүүлгэнд живчихээгүй, шуурганд нь автаж ширвүүлчихээгүй даван туулсаар ирсэн мэдрэмжтэй ард түмэн ийм юман дээр алдахгүй ээ. Роман-германы эрх зүйтэй улс орнууд роман гэр бүл, герман гэр бүл гэсэн хоёр бүлэгт хуваагддаг. Яг л ерөнхийлөгчийн засаглалтай улс орнууд, араб загварын туйлын ерөнхийлөгчийн (absolut-presidential), америк загварын ерөнхийлөгчийн тогтолцоотой гэж хуваагддаг юм. Герман эрх зүйт гэр бүлийн толгойд герман гүрэн байна. Энэ нь парламентын эрх давамгайлсан төрийн холимог тогтолцоо. Манайд одоо мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн үзэл санаа нь, ерөнхийлөгч билэгдлийн чанартай байна гэснийг нь бодохоор германы парламентын жишгийг харан тогтолцооныхоо хэлбэрийг сонгосон юм шиг. Гэхдээ германы Ерөнхийлөгч, улс орны өдөр тутмын амьдралд оролцдоггүй ч Ерөнхий сайдаа томилох, Элчингүүдийг бие даан томилох, үндсэн хуулийн шүүхээ даргалах гэх мэт давуу эрхүүдтэй, тэрийг нь манайх аваагүй юм билээ. Тэгсэн атлаа шүүх засаглалын эрх мэдлийг орхигдуулж, парламентын мэдэлд байлгахаар эх газрын эрх зүйтэй аль ч улс оронд байдаггүй заалт хавчуулсан байна. Үүнээс болж өнөөдөр Монголын шүүх засаглал өөрийн түвшингийн өндөрлөг байхгүй, парламентын спикерийн халаасны байгууллага болчихсон тууж явах жишээтэй. Шүүхийн мөрдөн байцаах ажиллагаа явуулж чаддаггүй, өөрийн санаачилгаар үндсэн хууль зөрчсөн хэргийг хэлэлцчих механизмгүй, тийм дорой шүдгүй арслан шиг үндсэн хуулийн шүүхтэй орон дэлхийд ганцхан бий, тэр нь Монгол. Тэр нь ч гэсэн спикерийн халаасанд орчихож. Ямар зорилготой ийм юм хийснийг түүхийн хугацааны өнөөдрийн өндөрлөгөөс шүүн тунгааж учрыг олоход хэцүү. Чимид гуай хожим нь дурсахдаа, олон зүйлийн шахалт дарамт дор төвөгтэй замыг туулж явсаар төсөл батламжлагдсан гэж хэлсэн юм билээ. Энэ мэт олон зөрчил яваандаа ужгирч, төрийн гурван өндөрлөгийн хооронд эрх мэдлийн тэнцвэржүүлсэн хуваарилалт хийх оролдлого нь бүтэлгүйтэж эцэстээ задран уналаа. Герман эрх зүй нь холбооны улсад илүү тохиромжтой, манайх шиг унитари байгууламжтай улсад яагаад ч тохирохгүйг нь туулж өнгөрүүлсэн 28 жилийн түүх хэлээд өглөө. Тэгээд ч Монголын нийгмийн ухамсрын түвшин германы хүрсэн өндөрлөгтэй харьцуулшгүй ялгаатай. Нийгмийн ухамсартаа таарч тохироогүй тогтолцоо хөрсөн дээрээ яаж ч оролдоод буудаггүй юм байна. Хөдөлмөрийн цаггүй болох зорилт тавьж, хиймэл оюуныг хөгжүүлэхэд жилд 16 млрд. Евро төсөвлөж байгаа их гүрнийг төрийн тогтолцооныхоо чиг баримжааг болгоод явж болох уу. Мэдээж, үл гүйцэлдэх санаархал, нарийндаа бол төөрөгдөл. Алсын чиг баримжаагаа болгоод дунд хугацаандаа өөрийн хэр хэмжээг тооцсон системээр явна гэсэн бол өөр хэрэг. Энэ бүхэн, роман эрх зүй рүү шижин орох реформ хийж үндсэн хуулиа зоригтойгоор өөрчлөн тунхаглаж, чанарын өөрчлөлт хийхээс өөр аргагүйд хүрснийг л харуулж байна, угаас гурав дахь зам гэж байхгүй. Энэ бол нийгмийн байгуулалтын чанарын өөрчлөлт. Аливаа чанарын өөрчлөлт бол хувьсгал мөн.
ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЗАСАГЛАЛ
Ард түмэн төр нь эзэнтэй, түмэн олон нь “эцэг”-тэй байхыг хүсч байна. Нийгэм дотроос хамгийн сайн хүнээ Ерөнхийлөгчөөр сонгож өргөмжлөөд, түүнийхээ нөмөр нөөлөгт эвтэй, найрамдалтай, хариас дутахгүй тавлаг, хангалуун, өөрийн нутагт хүн шиг амьдрахыг хүсч байна.
Энэ бол мөрөөдөл биш биелэгдэх бодит үндэслэлтэй хүсэл тэмүүлэл. Ерөнхийлөгчийн засаглалд шилжиж яагаад ч болохгүйг би дээр эрх зүйн тулгуур үндэслэлээр нь нотолсон. Мөн парламент давамгайлсан тогтолцоотой байж бас яагаад ч болохгүйг амьдрал нотолчихлоо. Одоо яах ёстой вэ. Тойрон гарч болохгүй харгалзах учиртай хэдэн үндэслэл шаардлага бас байгаад байдаг. Гарц хайлаа. Дэлхийн 183 орны төрийн тогтолцоог жагсаагаад, нөгөө байх ёстой гээд байгаа нөхцлүүдээрээ шүүлтүүр хийсэн нүсэр судалгааныхаа дүн дүгнэлтийг та бүхэнд сонирхуулъя. Нөхцлүүдийг жагсаахдаа, энэ ч гоё юм, тэр нь ч сайн юм гэж бодсонгүй, энэ байх ёстой, тэрийг нь орхиж болохгүй гэдэг зарчмыг ч барьсангүй, зүгээр л яг өнөөдөр Монголын ард түмний өмнө бодитоор тулгараад байгаа зайлшгүй шаардлагуудыг эш үндэс болголоо.
1. Ард түмэнд олон түмний эв эеийн төлөө хичээдэг, шударга ёсны төлөө тэмцэж чаддаг, гүйцэтгэх засаглалаа нэгдмэл удирдлагаар хангасан хүчтэй ерөнхийлөгч бүхий тогтолцoо хэрэгтэй. Улс орон эзэнтэй, төр нэгдмэл удирдлагатай байх ёстой.
2. Монгол Улс нь төр захиргааны унитар байгууламжтай бну, тэр системээ хадгалах ёстой.
3. Монгол Улсын үндсэн хуулийн үндэс нь роман-германы эрх зүй байсаар ирсэн, цаашид ч байх болно.
4. Монгол Улсын үндсэн хуульд төрийн уламжлал тухайлбал төрийн хар хайрцагны бодлого тусгалаа олсон байх ёстой.
5. Парламентад ардын дээд танхим хэвтээ тэнхлэг болж орж ирэх ёстой.
6. Аймаг хотын дарга нар гүйцэтгэх засаглалдаа хэвтээ тэнхлэг болон орж ирэх ёстой. Монгол Улсын үндэсний шаардлага бол энэ, аливаа үндсэн хуулийн үзэл санаа нь нэг талаас, дэлхийн улсуудын эрх зүйн орчинд зохицох, нөгөө талаасаа ард түмний шаардлага дээр үндэслэгдэж босох ёстой. Эл шаардлагуудыг бүгдийг хангасан, хангаж болохоор тийм тогтолцоо систем, улмаар загвар жишиг болгон авчихаар ямар нэг төрийн байгууламж, сонгомол хэлбэрийн засаглал байна уу гэдгийг дээрх 183 орон дотор эрлээ, оллоо. Дэлхийн дийлэнх улс төрийнхөө тогтолцоогоор хэдэн загварт хуваагддаг юм. Америк загварерөнхийлөгчийн тогтолцоо, араб загвар-хэмжээлшгүй эрхт ерөнхийлөгчийн тогтолцоо, их британийн загвар-парламентын тогтолцоо, европ загвархолимог тогтолцоо байдаг юм байна. Нийгэм зүй талаасаа соёл иргэншилтэй, соёл иргэншил төлөвшүүлж яваа, соёл иргэншилгүй улсууд гэж гурав ангилагддаг аж. Манай улс, соёл иргэншил төлөвшүүлж яваа орны тоонд багтаад удаагүй байна, саяхан л соёл иргэншилгүй хоцрогдсон орны статусаар НҮБ-ын тусгай тэтгэмж туслалцаа авдаг байснаа мартчихаад соёл иргэншлийн оройд гарчихсан германы эрх зүйгээр амьдарна гэж гүйсэн нь дэндүү болчимгүй, яарсан даарсан хэрэг болжээ. Энийгээ өнөөдөр хаа хаанаа хүлээн зөвшөөрчих ёстой юм. Дээрх зарчмуудыг бүгдийг хангасан төрийн удирдлагын тогтолцоо нь роман-германы эрх зүйн системийн роман эрх зүйт орнуудын гэр бүлд байдаг юм. Герман загвар нь алс хэтийн зорилго, роман буюу франц загвар нь дунд зайны стратегийн чиг шугам байх нь зөв голдирол юм. Тэгэхээр Монгол Улс үндэснийхээ эрх ашгийг бодолцъё л гэвэл францын, тэр загварт хамрагддаг орнуудын жишгийг дагах, тэр зүгт реформ хийхээс өөр аргагүй боллоо. Энэ загварт хэд хэдэн давуу тал байна. Нэгдүгээрт, хууль тогтоох засаглалаас улс орныг удирдах үүрэг, эрхийг нь гүйцэтгэх засаглалд шилжүүлчихэж байгаа болохоор парламент гагцхүү хууль тогтоох үндсэн үүргээ чанартай хэрэгжүүлж, парламентын сонгодог хэлбэрт шилжин төгөлдөршиж, төлөвших замаа олно. Хоёрдугаарт, парламент (үндэсний их хурал)-д намаар дамжуулж биш ард түмэн төрөө шууд удирдах механизм, ард түмний дээд танхим орж ирнэ. Танхимуудын нэрийг АИХ, УБХ ч гэдэг юм уу, ард түмэн хэлэлцэж тогтооно. АИХ, УБХ-ын аль алиных нь уламжлал манайд байгаа. Гуравдугаарт, гүйцэтгэх засаглал ерөнхийлөгчийн нэгдмэл удирдлага дор зангидагдаж, төрийн өндөрлөгийн жинхэнэ утгаа олж авна. Гүйцэтгэх засаглалд аймаг хотын дарга нар хэвтээ тэнхлэг болон орж ирж, орон нутаг төрийн шууд удирдлагаар хангагдана. Засгийн газaр (сайд нарын Зөвлөл-фр) салбарын босоо тэнхлэгийн баганан удирдлага, орон нутгийн хэвтээ тэнхлэгийн туушин удирдлагатай огтлолцох цэг дээр улсын ерөнхийлөгч зогсож байх нөхцөл ажил хэрэг болно. Дөрөвдүгээрт, төрийн удирдлагад намууд оролцохгүй байх үндсэн нөхцөл бүрдэнэ. Нам бол улс төрийн байгууллага биш бодлогын байгууллага гэсэн үндэслэл амьдрал дээр хэрэгжиж эхэлнэ. Бас үндсэн хуулийн шүүх, шүүх засаглалын нэгдмэл байх зарчим, сонгуульд ард түмэн намаар дамжуулж биш шууд тэгш оролцох зарчим гээд зарчмын олон асуудал нэг мөр шийдэгдэнэ. Төрийн удидлагын нэгдмэл удирдлага дор авлигын системийг задлан нураах түүхэн үйл (миссион) биелэгдэнэ. Ерөнхийлөгчийн хагас засаглалын (semi-presidential) систем нь Монгол Улсын хувьд цоо шинэ тогтолцоо, чанарын өөр систем болохоор олон давуу талын хажуугаар сөрөг үр дагаварууд ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс энэ чиглэлд реформ хийж франц загвараар амжилттай хөгжиж яваа Румын, Польш, Казахстан зураг бусад улсаас байнга үлгэр жишээ, бэлэн сургамж авах нь маш чухал. “Ta нар дэндүү дээгүүр тэнгэрээр яваад байна, хөрсөн дээрээ бууж ир. Бидэнтэйгээ эн зэрэгцээд хөгж, бид тусалъя” гэж Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев шанхайн саммитын үеэр Х.Баттулга Ерөнхийлөгчид сэтгэлээсээ хэлсэн үгийг энд санаа болгон хавчууллаа.
ЖИШИГ БОЛГОН СУДЛАХ ОРНУУД
Жишиг болгон үлгэр авах орнуудыг судлахад баримтлах нийтлэг хийгээд тодорхой зарчим гэж байна. Роман эрх зүйтэй орнуудын гэр бүлд багтаж орохын тулд баримтлах нийтлэг үндэслэлүүд ч байна. Тухайлбал, эдгээр орнуудад парламент нь үндэсний хурал байдаг юм байна. Манайд ухаандаа парламентаа үих (үндэсний их хурал) гээд дээд танхимаа уламжлалаа бодоод УИХ, доод танхимаа УБХ (улсын бага хурал) гэдэг ч юм уу, гэхдээ энийг ард түмнээр хэлэлцүүлж шийдэх байх. Өөр нэг нийтлэг юм бол парламентын доод танхим нь дээд танхимынхаа бүрэлдэхүүнд багтаж явдаг юм байна. Дээд танхимаа иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн хурлын байгууллагаас нэр дэвшүүлж, доод танхимаа намууд нэр дэвшүүлж сонгодог орон ч байна. Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалаа хариуцдаг, Засгийн газрын хуралдааныг тааллаараа удирддаг жишиг ч байна. Ерөнхий сайдыг бол Ерөнхийлөгч нь томилдог юм байна. Бүх цэргийн ерөнхий командлагч нь ерөнхийлөгч байх ёстой юм байна, манайд ч одоогоор тийм. Намууд төрийн удирдлагад оролцдоггүй, улсын хөгжлийн программ, түүнийг хэрэгжүүлэх боловсон хүчнийг төрд санал болгодог, сонгууль явуулахад төрд тусалдаг шинжлэх ухааны байгууллага байдаг нь нийтлэг зарчим юм. Нам нэртэй шинжлэх ухааны байгууллага хуулийн төсөл санаачлан боловсруулдаг болохоос манайх шиг УИХ-ын гишүүд өөрсдөө хууль санаачлаад өөрсдөө түүнийгээ баталчихдаг, түүний төлөө гишүүд шагнал авдаг тийм инээдтэй зарчим энэ гэр бүлд алга. Парламентын гишүүд хууль санаачлахыг хуулиар хориглодог юм байна. Улс орнууд туулж өнгөрүүлсэн түүхэн уламжлал, төрийн байгууламжийн залгамж хууль цаазуудаа ерөөсөө орхидоггүй, үндсэн хуульдаа салшгүй (прембле) хэсэг болгон тунхагласаар иржээ. Франц улс бонопартын хуулиа өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдсөөр буй. Манайд асар их түүхэн уламжлал бий. Түүнээс гадна орон бүрт өөрөөр тавигдсан онцгой гэмээр систем ч байна. Авлигатай тэмцэх талаар бол Польш, Румын төсвийн алдагдлаас гарахад Португал, эдийн засгийг ахар хугацаанд хөгжүүлэх чиглэлд Казахстан гээд ер нь л романы эрх зүйт гэр бүлд жишиг болгоод явах юм маш их. ОХУ ч гэсэн холбооны улсын онцлогтоо тааруулаад эрх зүйн хувьд франц системийг голчилдог шүү дээ. Төрийн удирдлагын роман эрх зүйт системийг үндэс болгон монгол үндэсний загвар гарган ард түмнээр хэлэлцүүлмээр байна. Н.Энхбаярын хэлэлцүүлээд яваа шинэ дээд үндсэн хууль гэгчийн төслийг судалж үзлээ. авчихаар, бас анхаармаар ч юмнууд байна. Аливаа үндсэн хууль бусад бүх хуулийн дээд шүтээн биш, харин доод үндэс суурь нь болж явах ёстой шүү. Бид нэгийг арай гэж халаад дахиад өөр нэг намаар удирдуулан дээшээ тэнгэрт гараад явчихаж болохгүй л дээ. Монголын үндэсний загварыг яаралтай гаргаж бүх нийтээр хэлэлцүүлэхийн чухлыг би төрийн удирдлагад хандан дахин дахин, зориуд санал болгож байна. Үндэсний загвар нь хувь хүмүүсийн, намуудын, эрдэмтэд мэргэдийн, судлаачдын салангид оюун ухааны бүтээл дотроос нэгдэн гарч ирнэ гэдэгт би итгэдэг. Ийм загварын том жижиг вариант, саналууд хувь хүмүүсээс, иргэдээс ирсээр байна, дараагийн дугаараас эхлэн нийтлэх болно.
Социологич И.Цэрэнхүү
URL: