Хатан хаан Викториагийн охин таалал төгсөхдөө тамхины өртэй байжээ

5c206a35b34d4

Их Британийн Нэгдсэн Вант Улсын Хатан хаан Викториа агсаны дөрөвдүгээр охин, гүнж Луиза таалал төгсөхдөө Лондон хотын нэгэн тамхины худалдаачинд 15 шиллингийн өртэй байсныг түүнд холбогдох бичиг баримтаас олж тогтоожээ.

Луиза гүнж 1939 онд 91 насандаа таалал төгссөн бөгөөд түүний өрийн талаархи мэдээллийг Кью дүүрэг дэх Үндэсний архивын газар олон нийтэд дэлгэсэн байна.

Түүхчдийн хэлснээр, язгууртан удмын хүний энэ төрлийн мэдээллийг олон нийтэд дэлгэх нь маш ховор тохиолддог бөгөөд тэдгээр бичиг баримт нь ихэвчлэн тамгалагдсан байдаг ажээ.

Уран бүтээлч хэмээн алдаршсан гүнж Луиза нь хатан хаан Викториа болон хунтайж Альберт нарын зургадугаар хүүхэд бөгөөд тэдний дөрөв дэх охин юм. Тэрбээр амьдралын ердийн бус хэв маягтайгаараа олны дунд алдартай байжээ.

Луиза гүнжийн бичиг баримтад тэмдэглэснээр, тэрбээр таалал төгсөхдөө 240 мянга орчим еврогийн хөрөнгөтэй байсныг өнөө үеийн ханшид шилжүүлэхэд 70 сая евротой тэнцэх юм. Гэсэн хэдий ч 15 шиллингийн тамхины төлбөрийг төлөөгүй хэвээр үлдсэн байна.

Уг төлбөрийг гаргахдаа “300 Players” юм уу “Woodbines” тамхийг худалдан авсан хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа хэдий ч түүхэн бичиг баримтуудад гүнжийн ямар тамхи татдаг байсан талаархи дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.

Луиза гүнжийн намтрыг судлаач Лусинда Хокслигийн мэдээлснээр, Луиза нь “архаг” тамхичин байсан хэдий ч уг зуршлаа ээжээсээ нуудаг байжээ. Харин түүний ах Эдуард VII 1901 онд хаан ширээнд суусны дараа тэрбээр хааны ордны тамхилах зориулалт бүхий өрөөнүүдэд тамхи татах эрхтэй болжээ.

 

ЛОНДОН. /BBC/.

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих