ХОЁР “ҮНЭН”-ИЙ АЛЬ НЬ ЖИНХЭНЭ ҮНЭН ВЭ?
Өнгөрсөн хэд хоногт ”Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд, Монгол Улсын Ерөнхий Прокурор асан, Хууль зүйн сайд асан, Хууль цаазын тэргүүн зөвлөх асан Д.Дорлигжав нарын хооронд ширүүн тэмцэл өрнөөд амжлаа.
Тухайлбал “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд энэ сарын 11-нд “25-р суваг” телевизийн “Ам нээвэл” ярилцлагын үеэр “Тухайн үед манай компанийн данснаас Ерөнхий Прокурорын дүүгийн данс руу нэлээд их хэмжээний мөнгө шилжсэн байдаг нь үнэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа би танд хамаагүй дэлгэрэнгүй ярих боломж байхгүй. Гэхдээ өнөөдөр нүүрэн дээрээ хууль хяналтын байгууллага сайхан зөв юм ярьчихаад амьдрал дээрээ ийм бохир булай юм хийдгийн нэг зах зухаас нь л та бид хоёр дурдаж байна. Өнөөдөр ташраараа л ийм балай болчхоод байна. Тэмүүжин сайдаасаа буухдаа гаргаж байсан баримтууд л даа. Тэмүүжингийн гаргасан баримт нь бол 4 сая. Энэ нэлээн их хэмжээний мөнгөн дүнтэй асуудлууд гарсан байдаг юм. Энэ асуудал ямар өнцгөөс ямар цаг үед хэн нэгэн эрх мэдэлтний үед яаж шийдэгдэх нь цаг хугацааны л асуудал. Энэ тэгээд тодорхой хугацаанд үнэн зөв нь гараад ирнэ. Өнөөдөр үүнийг ярих боломж бололцоо нь хязгаарлагдмал байна. Тэмүүжингийн гаргасан баримт дээр байгаа 4 сая долларыг манай компани гаргасан байдаг юм. Гарсан нь үнэн. Тэмүүжин сайд яахав тухайн үедээ хууль зүйн сайд нь өөрчлөгдөөд Засгийн газар солигдох үед гаргасан үйлдэл л дээ. Мань хүн тухайн үе дээ энэ хугарлын цэгийг л ашигласан юм байлгүй дээ. Өөрийнхөө өөрчлөгдөх үед гэв гэнэт яагаад зоригтой дуугарах болсон юм” хэмээн ярьсан юм.
Харин хэд хоногийн өмнө Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав “Eagle” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн зочноор оролцож нэлээд удсаны эцэст Т.Ганболдын дэгдээсэн үймээнд хариулт өглөө.
Тэрбээр “Хуулийн байгууллагаас мэдэгдэл хийхээ түр хүлээх санал тавьсан. Ийм зүйлийн дараа манайхан шууд хэвлэлийн хурал хийгээд л орь дуу болдог л доо. Тэгэхдээ орилохынхоо өмнө бодох ёстой юм. Би яагаад ингэж ул үндэслэлгүй гүтгэж байгаа юм бол гэж үнэхээр их гайхсан. Ямар шалтгаантай ямар зорилготойг нь мэдэхгүй. Тэгээд энэ хүний хэлж байгааг няцаах нотлох баримтаа авч байж хүмүүсийн өмнө гарна. Тэгэхгүй энэ намайг гүтгэж байна гээд, зүгээр яриад байвал хүмүүс итгэх үү үгүй юу гэдэг нь асуудал байна. Тийм учраас цаг алдчихлаа. Энэ хүн нэг иймэрхүү юм ярьж байгаа энэ хүний зорилгыг бол би ойлгохгүй байгаа. Зүгээр хэд хэдэн зүйлээр тааж байгаа юм.
Нэгдүгээрт, энэ нь ор үндэслэлгүй худлаа гэдгийг хэлье. Үүнийгээ нотлох бичиг баримтыг одоо харуулна. Тэр 4 сая долларын тухай түүх ингэж эхэлдэг юм. Энэ Паушок гэдэг хүн Алтан Дорнод Монголын захирал Монголын Засгийн газартай алтны 68 хувийн татвар төлөхгүй би гадаадын хөрөнгө оруулагч гэж олон улсын Арбитр дээр маргаан үүсгэсэн байдаг. Чи тогтвортой байдлын гэрээгүй байсан учир төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Паушок менежер томилоод Бямбаа гэх Эрдэнэтийн орлогч захирал байсан хүнийг менежментийн гэрээгээр миний үйлдвэрийн ажилуулаад Монголын Засгийн газрын өр, бусад өрийг барагдуулаад аваад яваач гэж хэлсэн байдаг юм. Ингээд уг үйл ажиллагаа нь яваагүй. Хуучин эрүүгийн хэрэг үүсгэсэн гээд бүх техникийг нь лацдаад, хөдлөгдөггүй. Эрүүгийн хэргийг нь хүртэл хэрэгсэхгүй болгочсон байхад хүртэл тэрийг нь нээж өгдөггүй. Энэ алтны компани авах гэсэн нөхдүүдийн л сонирхол байсан юм байна лээ. Тэгээд сүүлдээ Паушок, за ер нь Монголд юм хийж болохгүй юм байна гээд компаниа зарахаар шийдсэн юм байна лээ. Яагаад байна лээ гэхээр энэ хэрэгт нэр холбогдоод байгаа манай дүү Баатар гэдэг хүн Голомт банкнаас зээл авахаар өргөдөл гарган, хөөцөлдөж явсан.
Тэр нь энэ Рекат гээд компани запас сэлбэг зардаг компани байгуулаад Голомт банкнаас зээл авах гээд явж байсан зээлийн гэрээний бичиг. Зээл авах гэж хөөцөлдөж байхад голомт банкны захирал Д.Баясгалан гэдэг хүн дүүд хэлсэн байгаа юм. Бид нэгнээ олон жилийн өмнөөс танина л даа. Энэ Паушок компаниа зарна гэж байна. Тэгэхээр чамд зээл өгөхгүй ээ. Харин энэ компанийг худалдаж авахад нь зээл өгье. Яагаад гэхээр манай банк энэ Алтан Дорнодоос маш их авлагатай. Их авлагатай учир тэрийгээ салгаж авмаар байна. Тиймээс чи ав. Би чамд зээл гаргаад өгье. Тэгээд энэ гэрээ хүчин төгөлдөр болж батлагдаад манай дүү, тэр Бямбаа энэ тэр Москва яваад Паушоктой уулзаад компанийг нь худалдаж авахаар тохироод төлбөр тооцоо хийх графикаа тохирсон. Паушок, эхлээд 2 сая доллар төл гэсэн болзол тавьсан юм байна лээ. Тэгээд ирээд энэ голомт банкнаас зээлсэн мөнгөнөөсөө 2 сая долларыг нь Паушокд төлсөн. Яг ийн байж байтал Баясгалан гэв гэнэт зээл өгөхөө зогсоосон. Юу болсон гэхээр энэ Паушокийн компанийг бэлэн мөнгөөр худалдаж авах хүн олдлоо гэсэн. Тэр нь энэ Т.Ганболд. Тэгэхээр манай банк танд заавал зээл өгөх шаардлагагүй. Бас барьцаа энэ тэр нь хангалттай байгаагүй юм уу хаашаа юм.
Ямар ч байсан эрсдэл үүснэ гэж бодсон юм шиг байгаа юм. Бэлэн мөнгөтэй хүн хүрээд ирлээ хоёулаа ярьсан юм аа зогсооё гэж манай дүүд хэлсэн байна лээ. За тэгээд нэгэнт банк нь зээл өгөхгүй юм чинь тэгэхээс яахав гээд ингээд зогссон. Тэгээд Т.Ганболд, Д.Баясгалан, манай дүү гурав суугаад за би Голомт банкнаас урьдчилж зээл аваад, энэ Паушок гэдэг хүнд 2 сая доллар өгсөн. Та энэ мөнгийг буцааж манай данс руу хийгээд голомт банкны өрийг хааж өгнө шүү гэж тохирсон байдаг. За тэр тохирсны дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд 2 сая доллар хоорондын тооцоо гэж Т.Ганболдын компаниас орж ирээд, мөн тэр өдрөө зээлийн төлбөр гээд гараад явсан бичиг энэ байна. Ингээд манай дүү энэ төлбөр тооцоогоо хийгээд бүх юм аа хааж байгаа юм. Тэгэхээр Т.Ганболдын яриад байгаа 2, 2 саяар хийсэн гээд байгаа 4 сая долларынх нь 2 саяынх нь баримт нь энэ.
Тухайн бизнесийг нь Т.Ганболд авч байгаа учир урьдчилж, түрүү нь хийсэн төлбөрийг нь төлж байгаа нь. Төлөх ёстой ш дээ. За тэгээд сарын дараа манай дүү компанийнхаа дансыг шалгасан чинь дахиад 2 сая доллар өөрт нь мэдэгдэлгүй ороод гараад явсан байдаг. 2011 оны 11 дүгээр сарын 14-нд Голомт банкны захирал руу албан тоот явуулж байгаа юм. Энэ манай компанийн данс руу юун би мэдэхгүй байхад мөнгө ороод гарчхав аа энэ банкны олон хууль тогтоомж зөрчигдөж байна гэсэн утгатай. Ингээд голомт банк гүйлгээ хийсэн салбар энэ тэрээ шалгаад манай дүүд буцаан нэг хуудас цаас хариу өгсөн байдаг. 2011 оны 11 дүгээр сарын 08-нд Пайнеринг гэдэг Т.Ганболдын компани, Рекат Монголия гэдэг компанийн данс руу андуурч 2 сая доллар шилжүүлсэн тул буцаан шилжүүлж өгнө үү гэсэн бичиг ирсэн. Тиймээс буцааж шилжүүлсэн. Ийм юм болсон учир бид танай данснаас буцаан татсан, уучлаарай гэсэн юм ирсэн.
Тэгэхээр энэ Т.Ганболдын яриад байгаа 4 сая долларын 2 сая нь хоорондын төлбөр тооцоо, нөгөөх нь андуурч хийсэн 2 сая долларын бичиг ээ бариад л гүйгээд байгаа юм. Ийм л юм хийдэг хүн. Миний бодлоор бол энэ хүн тийм шорон санаатай хүн. Андуурч биш зориуд тэр мөнгийг хийсэн байх. Зориуд хийчхээд андуурсан гэж авчхаад бичиг гаргаж, сенсаци үүсгээд байна. Эсвэл надаар оролдох гэсэндээ манай дүүгийн тэр данс руу хийсэн баримтаа авч шуугиан дэгдээсэн. “Ийм л хүн” гэсэн юм.
Эдгээр эрхмүүд тус тусын зүйлийг ярьчихлаа. Манай Улсад томчууд нэгнийхээ талаар ноцтой юм ярих, түүнд няцаалт хийх нь энгийн үзэгдэл болоод буй. Харин энэ хоёрын хэнийх нь ярьж байгаа зүйл жинхэнэ үнэн юм бол доо. Энэ маргааныг хэн шүүх юм бол доо.
Л.Сайнбаяр
ЭХ СУРВАЛЖ: 24tsag.mn
https://www.24tsag.mn/a/168609
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ХЭСЭГ ХУГАЦААНД МАТЕРИАЛ БҮРДҮҮЛСЭН ЮМ БАЙНАЛЭЭ. ЭНЭ ХОЁР ХҮН ХОЮУЛАА БОХИР. НЭГ НЬ ӨГСӨН8 НӨГӨӨДӨХ НЬ АВСАН. ХУУЛЬ БУС БОЛОХООР НЬ МӨнгө шаардсан, МӨН ӨГСӨН Б/на