МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны анхдугаар Их хурал хуралдлаа

71

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны анхдугаар Их хурал өчигдөр эхэлж, Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс ирсэн 281 төлөөлөгч оролцлоо. МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны Их хурлын үдээс өмнөх хуралдаанаар үндсэн илтгэлийг хэлэлцэн зорилго зорилтоо тодорхойлсон юм. Хурлыг нээж УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоог үүсгэн байгуулагч Ж.Мөнхбат үг хэлэв. Тэрбээр “Энд хүрэлцэн ирж хуран цугларсан МАН-ын гишүүд, дэмжигч та бүхэндээ МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны анхдугаар Их хурлын баярын мэндийг хүргэе. Монгол Усын хөгжил дэвшил тусгаар тогтнолын баталгаа болсон улс төрийн ууган хүчин МАН-ын 200 мянга гаруй гишүүн болон манай намыг дэмждэг мянга мянган дэмжигчдийнхээ төлөөлөл болон ирсэн та бүхний оролцоотойгоор анхдугаар Их хурлаа эхэлж байна. Юуны өмнө энэ холбоог үүсгэн байгуулах болсон шалтгаан, шаардлагын тухай ярих хэрэгтэй байх. Бид МАН гэх энэ том айлын Монгол Улсынхаа үнэт зүйл, хөгжил дэвшил, тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа болсон гишүүд дэмжигчдийнхээ дуу хоолойг олон нийтэд, төрд хүргэе гэх том зорилго өвөртлөн энэ холбоог байгуулсан.

Энэ холбоог байгуулснаар намынхаа дотоод ардчиллыг бэхжүүлэх том зорилготой. Үүнээс гадна МАН-ын байгуулсан Засгийн газар болон түүний мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд намын гишүүд дэмжигчдийн оролцоо юунаас ч илүү чухал байдаг. Энэ нь МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоог байгуулах том шалтгаан болсон” гэв. Тэрбээр цааш нь “МАН-ыг шат шатны сонгуульд оролцоход, ялалт байгуулахад гишүүд, дэмжигчид маань маш чухал үүрэг хүлээдэг. Тиймээс энэ холбооны бас нэг эрхэм зорилго нь МАН-ыг шат шатны сонгуульд ялалт байгуулахад оршино. Мөн Монгол Улсын тусгаар тогнолоо зарласны 100-гаад жилийн түүх МАН-ын салшгүй нэг хэсэг. Иймээс улс үндэстнээ соён гэгээрүүлсэн, эрүүл саруул болгох энэ эрхэм үйлсийн төлөө байгуулсан МАН-ын түүхэн гавьяаг сурталчилан таниулах, залуу хойч үедээ хүргэх, МАН-ын XX, XXI зуунд оруулсан түүхэн гавьяаг залуу хойч үедээ сурталчилан таниулах зорилгын хүрээнд энэ холбоог байгуулснаа албан ёсоор зарлаж байна. Хэдийгээр өнөөдөр МАН-ын түүхэнд байгаагүй нөхцөл байдал үүсээд байгаа ч бид 21 аймаг болон есөн дүүрэг бүх хороонд энэ холбооныхоо салбар зөвлөлийг байгуулж ажиллана. Мөн намын шат шатны удирдлага болон жирийн гишүүд дэмжигчдийн хооронд ан цав гарсан гэсэн шүүмжлэлийг хүлээн авч тэдний хооронд гүүр болох зорилготой юм” хэмээсэн. Хуралд төлөөлөгчөөр орцолцогчид энэ үеэр намын МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоог байгуулж буйд талархаад “Намын удирдлагуудын гаргаж буй шийдвэр амьдралаас хэт их тасарч байна. Нам дотор өнөөдөр бий болоод буй асуудал ард түмний асуудал болж байна.

МАН бол эрх баригч нам. Энэ утгаараа бид МАН-д Монголын улс төрд үүсээд буй нөхцөлийн талаар чөлөөтэй ярилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олдож буйд баярлалаа” хэмээж байсан юм. МАН-ын гишүүд дэмжигчдийн анхдугаар Бага хурал бүтэн өдөр үргэлжилсэн бөгөөд үдээс өмнөх хурлын дараа Их жанжин Сүхбаатарын хөшөө болон Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн. Харин үдээс хойш хуралдсан хуралдаанаараа холбооныхоо дүрэм, журам болон бүтцээ баталж удирдлагуудаа томилсон юм. МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны анхдугаар Их хурал Бага хурлаараа үргэлжилжээ.


URL:

Сэтгэгдэл бичих