“МОНГОЛЫН МАФИ ТИЙЧИЛЖ БАЙНА”
Энэ удаа зөвхөн МАН-д шургалсан мафийн бүлэглэлийн тухай бичиж байгаа юм. “Мафи” гэдгээ дахиад нэг тодотгоё. “Хууль хүчний байгууллагуудыг гартаа төвлөрүүлж, юу ч хийхээс буцахгүй болсон улстөр-эдийн засгийн бүлэглэл”. Гадна дотнын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд, ном зохиолд бичсэн “мафийн” олон нэр томъёоноос энэ томъёолол үнэнд илүү нийцэх байх. Монгол Улс яагаад хөгждөггүй, ард түмэн яагаад өлсгөлөн гуйланчлалаас салдаггүй юм гэж амтай болгон асуудаг, ярьдаг. Тэгсэн хэрнээ өнөө болтол буруутныг тодруулж, арга хэмжээ авч чадсангүй. Үүний ард Монголын мафи л байсан. Сүүлдээ бүр намууд дамжсан, гадаадынхны гар хөл болсон мафийн сүлжээ бий болсон нь нууц биш. Тэд Монголын хамаг баялгийг гадныхантай нийлж тонон дээрэмдээд, оффшор бүсүүдэд валютаа нууж, дэлхийн хамаг сайхан газруудад үл хөдлөх хөрөнгө, эдлэн газар болгочихоод тансаглаж байгаа. Монголдоо, ард түмэн бидэнд тэр их хөрөнгийнхөө дуслын төдийг амсуулж, гадаад түншүүдээрээ “Халамжийг хэтрүүллээ. Цалин тэтгэврийг нь бүү нэм” гэж хэлүүлж, шаардуулж чадаж байгаа юм. Улсаа худалдсан энэ аймшигт бүлэглэлийн толгойлогчид нь МАН-аас гэхэд М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Oргил, Д.Хаянхярваа… нарын хэмжээгүй эрх мэдэлтнүүд.
Ард түмэн тэмцсэний хүчинд зарим толгойлогчид нь зайлж, зарим мафи задарсан. Гэлээ ч буцаад нууцаар нэгддэг. Одоо бол Монголын мафийн гол түшиц газар нь Улсын их хурал, удирдагч нь М.Энхболд гэж хүн сууж байгаа. Монголд өнөөдөр энэ мафийн сүлжээг устгах, М.Энхболдыг зайлуулах ард нийтийн тэмцэл эхлэж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжсэн улстөрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, ард нийтийн тэмцэл эхлээд байна. Судалгаагаар У.Хүрэлсүхийн рейтинг 80, М.Энхболдынх 10 гаруй хувьтай байгаа. Мафийн сүүлчийн голомт, удирдагчийнх нь суудал ганхаж эхлэхээр тэд юу ч хийхээс буцахгүй болсон байна. С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарын мафи 2008 онд яалаа. Д.Сүхбаатарын талбайг хүний цусаар будаж, таван сайхан залуугийн амь насыг бүрэлгэж, хэдэн зуун хүнийг хилсээр баривчилж тамлан зовоогоод одоо ямар ч хал зэмгүй, зарим нь УИХ-д өндөр эрх мэдэл эдлэн суугаа. Эднийг өөрсдийнх нь томилж, одоо хүртэл хууль шүүхийн удирдлагад суулгаж байгаа гар хөл бологсод нь хамгаалаад өдий зэрэг авч яваа юм. Өнөөдөр М.Энхболд тэргүүтэй Монголын мафийнхны өмнө яг л 2008 оных шиг “сүүдэр” бууж ирлээ. Хамаг муу муухай нь илчлэгдлээ. Тэд Монголын хөрөнгийг “сан” нэрээр дээгүүрээ хулгайлж иддэг байсан нь ЖДҮХС-гийн булхайгаар илэрлээ. Түүний нэг гол удирдагч нь М.Энхболдын “баруун гар” Д.Хаянхярваа. Энэ хүн УИХ-ын олонхийн бүлгийн л дарга байсан. Мөнгө хөрөнгө, сангийн зээлд орооцолдох эрх үүрэггүй хүн л дээ. Тэгтэл ХХААХҮ-ийн яам, түүний удирдлага руу удаа дараа утсаар ярьж, бичиг явуулан тийм тийм компанийг дэмжээрэй гэсэн байгаа.
Энэ бичиг, ярианы бичлэгүүдийг тус яамныхан болон хууль хяналтын байгууллагууд асар их нууцлаж, олон түмэнд ил тод болгохоос зайлсхийж байгаа. Эндээс удирдаад байсан юм биш үү. Илэрвэл хамгаалуулна гэж Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар мэтийн хүмүүст их хэмжээний зээл өгүүлсэн, тэд нь одоо хамгаалж хаацайлаад байгаа юм гэж хүмүүс шуугиж эхлэлээ. Д.Хаянхярваа өөрөө ч хулгай хийсэн. Өөрийн хамаарал бүхий компанид 1.1 тэрбум төгрөгийн зээл авчихаад ичих ч үгүй “Хулгайчдыг барь” гэж хашгираад явж байгаа гэж өдөр тутмын хэвлэлд бичигдсэн. М.Энхболдын мафийн гол төлөөлөгчид эндээс эхэлнэ. Энэ хүний хэрэг явдлыг Дархан-Уул аймгийн Засаг дарга байх үеэс нь, тухайлбал Хонгорын аймшигт хордлого, Дарханы засаг дарга байхад нь үйлдэгдсэн 30 гаруй хүн холбогддог 800 сая төгрөгийн хэрэг гэхчлэн сэм дарагдсан хэрэгтэй холбогдуулан шалгах хэрэгтэй юм. Хүмүүс чуулганы хуралдааныг үзээд ярьж байна аа. “Энэ Хаянхярваа гэдэг хүн чинь яачихсан эр вэ. Намын бүлгийн даргаас огцроод ингэж бачуурч байгаа хүн, УИХ-ын даргаас буувал яах юм бол. Боож үхэх байлгүй дээ” гэцгээж байна. Шившгийн юм даа. Өнгөрсөн сарын сарын 22-нд болсон УИХ-ын чуулганы хуралдаан олон түмэнд онц сонирхолтой болсон. Миний хувьд Монголын мафийн толгойлогч М.Энхболд гишүүдээсээ амлалт авч байгаа юм шиг санагдсан. Мафийнхан, толгойлогчийнхоо өмнө үнэнчээ харуулах гэж ёстой л хөглөсөн дөө.
Гол дүрд тоглогчид нь өнөөх архичин авгай Д.Оюунхорол, Архангайн худалч Ж.Мөнхбат, УИХ-ын дэд даргын суудлаар шагнуулаад омгоршсон Л.Энх-Амгалан, түрүү дурьдсан Д.Хаянхярваа, манай тойрогт сонгогдоод сураг тасарсан А.Ундраа… гэх мэт М.Энхболдын “хасар басарууд”. Архангайнхаа сонгогчдын нэрийг бузарласан Ж.Мөнхбатын үгэнд одоо хэн итгэх юм. Тэр аймшигтай худалч гэдгээ саяхны шөнийн зодооны хэргээр харуулчихсан. Багны цаана хэн сууж байна вэ гэдгийг олон түмэн харчихлаа л даа. “Миний туслахыг хоёр хүн орцонд нь зодоод зугтаачихаж” гээд хагарсан толгой үзүүлж, Монголын төр засгийг яаж гүжирдэв. Тэгсэн чинь туслах нь ресторанд согтуурхаж зодолдоод толгойгоо хагалуулчихсан цагдаагийн хөдөлшгүй дүгнэлт гарсан байх юм. Ер нь овилгогүй хүн дээ. Түрүүчийн засгийн газраас огцрохдоо У.Хүрэлсүхийг яаж заналхийлж байлаа даа. Олон түмэн мэднэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд болон түүний ойр дотныхонд ямар нэг муу зүйл тохиолдвол Ж.Мөнхбатыг л хамгийн түрүү хардах эрхтэй юм.
Чуулганы хуралдаан дээр УИХ-ын дэд даргын суудалд дөнгөж залраад байгаа Л.Энх-Амгалангийн ярихыг та нар сонссон байх. Засгийн газар, У.Хүрэлсүхийг буруутгах гээд улсын нууцыг даян дэлхийд задлаад хаячихлаа. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шоигу Монголд айлчлаад зэвсэг нийлүүлэхээр болсон гэнэ. Саяхан У.Хүрэлсүх намын байрандаа 300 гаруй офицер цуглуулж үүрэг даалгавар өгсөн гэнэ. Тэмцэл самуунд турхирсан болгож байгаа юм. Гадаад аль нэг оронтой юм уу, дотооддоо тэмцэл самуун хийх гээд байгаа юм уу, Л.Энх-Амгалан тайлбарласангүй. Юутай ч Монголд Оросууд зэвсэг нийлүүлж, Ерөнхий сайд нь офицеруудаа удирдаж тэмцэлд бэлдээд байна гэж олон улсад зарлачихлаа. Энд хэд хэдэн ноцтой зүйл ажиглагдаж байгаа. Нэгдүгээрт, Монгол Оросын хоорондын найрамдал хамтын ажиллагааг зэвсгийн наймаагаар харлуулах, хоёрдугаарт төрийн нууцыг санаатай задруулсан, гуравдугаарт засгийн тэргүүнийг гүжирдэж доромжилсон явдал юм. У.Хүрэлсүхийг тусгаар тогтнолын ордонд 500 орчим хүн цуглаад “Ирж уулзаач, цаг үеийн мэдээлэл сонсмоор байна” гэсэн юм билээ. Тэнд цөөн тооны цэрэг цагдаагийн хүмүүс байж. У.Хүрэлсүх очиж “хамаагүй тэмцэж болохгүй. Бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдах учиртай. Хүлээцтэй ханд” гэсэн юм билээ. Л.Энх-Амгалан үүнийг мушгин гуйвуулсан байгаа.
Энэ чинь УИХ–ын дэд дарга хүний амнаас гардаг үг үү. Гарвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд юм уу, тагнуул хуулийн байгууллагад эхлэж танилцагдаад, арга хэмжээ авагдах ёстой биз дээ. Одоо бол Л.Энх-Амгалангийн ярианаас үүдээд Монголын ард түмэн байнгын түгшүүр доор, хэдийд тэмцэл самуун болох юм бол гэсэн аймшгийн доор амьдрах болж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэн даруй хэлэлцэж, ард түмэндээ ил тод мэдэгдэх асуудал үүсээд байна. 22–ны чуулганы хуралдаан дээр Засгийн газрын эсрэг гол ярьсан хүн бол, өнөөх УИХ-д дархлагдсан согтуу авгай Д.Оюунхорол. Энэ чинь Монгол төрийн ордонд, төрийн тугтай өрөөндөө архидан согтуурч, телевизийн дэлгэцээр тараагдан засаг төрийн нэр хүндийг унагаасан этгээд. “М.Энхболд, Ж.Мөнхбат нарын хүн” учраас УИХ-д битгий хэл яамны сайдад хэд дахин томилогдчихоод байгаа. Түрүү сайд байгаад огцорсон, хонзогнож яваа хүний нэг гэдгийг ард түмэн сайн ойлгож байгаа. Хоёр удаа БОАЖЯ-ыг удирдахдаа хамгийн их балаг тарьсан, мэдлэг мэргэжилгүй гэж хүн бүхний доог тохуу болж байсан л даа. Одоо У.Хүрэлсүхийн засгийн газрыг унагаах гэж сайдын суудал горьдож явсан байх. Дэмжигчид нь бэлэн байгаа. Ц.Мөнх-Оргил “Улаан” гартай сайд, уначихаад, хонзогнож яваа нь энэ. 2008 онд С.Баяр энэ хоёр л Д.Сүхбаатарын талбайг хүний цусаар угаалгасан. Ерөнхий сайдаа хүртэл өгөөд зугтаж гарцгаасан энэ хоёр хүн мартагнуулж байгаад 2016 оны сонгуульд гэмгүй царайлан ирцгээж Сүхбаатар дүүрэгт М.Энхболдынхоо ачаар нэр дэвшин “Сү. Батболд, Ц. Мөнх-Оргил, Ц.Цогзолмаа нарын баг” гэж сонгогчдын тархийг угаасаар гарч ирсэн.
Сайд болцгоосон зарим нь Ц.Мөнх-Оргилд би нэг л зүйлийг хэлдэг. Гэмгүй явж байгаад та нарын хамсаатны гарт алуулсан 5 залуугийн чинь аав, ээж, ах дүү, амраг хань нь өнөөдөр бүгд амьд сэрүүн байгаа. Энэ мафийн бүлэглэл, шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүх, прокурор, АТГ, Тагнуул, Үндсэн хуулийн цэц, Цагдаагийн удирдлагуудтайгаа хамт гинжиндээ орооцолдож унах цагт С.Баяр, та хоёроос таван халуун амь нэхэгдэж л таарна. Магадгүй, “амийг амиар нь” гэж нэхэх цаг ирэхийг ч байг гэх газаргүй гэдэг юм. Том дуугарч байгаа хүний нэг нь Ж.Бат-Эрдэнэ. Зам тээврийн хөгжлийн яамны сайд болонгуутаа урьд ноцтой хэргүүдэд холбогдож байсан алуурчныг “хөтөлж” ирэн, өндөр албанд томилоод цуст аллага үйлдэхэд хүргэсэн хүн. Өнөөдөр, итгэл хүлээлгээд сайд болгож байсан У.Хүрэлсүхийнхээ засгийн газрыг унагаана гэж ханцуй шамлаад зүтгэж байлаа. Уул нь шударга цагдаа, хуультайсан бол Махбалаас өмнө энэ хүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд цагдан хорьж шалгах ёстой байсан юм. Гэмгүй царайлж хэргээс мултарчихаад одоо Ерөнхий сайдынхаа араас “хутгалж” байгааг хардаа. Хүнд чинь нэг мөс чанар гэж байдагдаа! Гэхдээ хэрэг хуучраагүй.
Н.Номтойбаяртай “ноцолдох” дургүй хүний нэг нь би. Өвөө нь гэж үд дундын нар шиг сайхан хүн байсан юм. Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга Бямбаа гэж. Миний бие албаны шугамаар ч, амин хувиар ч энэ хүнтэй олон талаараа холбогддог юм. Сайн сайхан явснаа бодоод энэ буурлын ясыг өндөлзүүлэхгүй гэж Н.Номтойбаярын талаар сайн ч дуугардаггүй, муу ч дуугардаггүй. Эцэст нь, тойргийнхоо гишүүн А.Ундраагийн талаар хэдэн зүйл бичмээр байна. А.Ундраа манай Баянгол дүүргээс сонгогдоод л алга болсон. Би, энэ эмэгтэйн тухай сайн мэдэх учраас санал өгөөгүй хүний нэг. Тэгээд “А.Ундраа хаана явна” гэж биччихээд сонинд өгөх гэж байтал гэнэт сураг нь гарсан. Сайнаар гараагүй л дээ. Улсын их сургуулийн мөнгөөр гадаадад явж байна гээд бөөн шуугиан тарьсан. УИХ–ын гишүүн хүн гадаадад явахдаа Улсын их сургуулиас зардал гаргуулж таарахгүй биз дээ. Тэгсэн чинь өнөөх л мафийнхны арга заль. М.Энхболд чинь эрх мэдэлд хүрэнгүүтээ олон хүнийг халж өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг томилсоны нэг нь МУИС–ийн захирлыг халаад нэг ангийнхаа найз Төмөрбаатарыг томилсон. Тэгээд ах дүүгийн холбоотой А.Ундраагаа найз Төмөрбаатарынхаа ивээлээр явуулж байгаа нь энэ. Дээдсийн холбоо сүлбээ ийм л байдаг байхгүй юу. МУИС–ийн багш ажилтнуудад тэгтлээ хүртдэггүй олон сая төгрөгөөр “М.Энхболдын хүн” А.Ундраа гадаадад тансаглаж явж болдог юм уу. Өнөөдөр тэр хариугаараа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах 27 хүний жагсаалтад орчихсон явж байлаа. Ундраа минь болно оо, дээрээ тийм том татлагатай хүн хэнийг хамгаалж, хэнийг “өшиглөх” нь таны хэрэг л дээ. Гэхдээ муухай юм. Энэ мафийн гинж тасрана. Та хэнийг бараадах вэ?!
М.Энхболдоо хүү минь, аав ээжтэй чинь сайн сайхан явсан ахмад хүний хувьд, чи миний хүүхдүүдтэй нэг довон дээр өсөж өндийж байсны чинь хувьд би шүүмжилж үг хэлмээргүй санагддаг. Гэлээ ч тэвчээр алдарлаа. Би чинь “Буруу зүйл хийсэн бол бурханыг ч шүүмжилнэ” гэсэн хатуу тангарагтай сэтгүүлч хүн. Чиний удаа дараагийн гэмт үйлдлүүдийг чинь хараад үнэхээр тэвчээр барагдах юм. Жаран тэрбумын хэрэг чинь чиний зохион байгуулсан хэрэг. Үүгээрээ 2016 онд “төр засгийн эрхийг хууль бусаар булааж авсан”. Энэ зүйл анги чинь зарим оронд цаазын ялтай байдаг юм. Булааж аваад яасан гэж? Аллагын хэрэгт холбогдогчид, авилгачид, хулгайч худалч, оффшорчин, хүчиндэгч, хүүлэгчид… Муу бүхний төлөөллийг УИХ–д оруулж ирээд, голдуу тэднээрээ 32–ын баг бүрдүүлэн дээр нь суучихсан. Сайндаа биш, эднээрээ дэмжүүлэн Ерөнхийлөгч болох гэсэн өөдгүй санаа чинь шүү дээ. Тэгээд “өөрийнхөө хүнээр” засаг удирдуулан өнөөх л өөдгүй хүмүүсээ чихэж авсан. Огцорчихоод хонзогнож яваа, өнөөдрийн 27–гийн гол цөм нь! Хөөрхийдөө, ямарч мэдлэг мэргэжилгүй, хэл улгүй, гадаад хүнээс “зугтааж” явдаг, ажил мэддэггүй, хийдэггүй голдуу хүмүүсээр гүйцэтгэх засаглалаа байгуулчихаар чинь манай намынхан төдийгүй ард түмэн нийтээрээ дургүйцээд огцруулчихсан шүүдээ. Одоо чи тэдний өшөө хорсолыг тайлах гэж У.Хүрэлсүхийг бүх талаар харлуулан, хонзогногч 27–гийн дунд өөрийнхөө нэрийг зоочихоод явж байсан чинь Монголын төрийг, манай намыг муухай харагдуулаад байна. Нэг эвгүй зүйл хийснийг чинь олон түмэн мартахгүй байгаа. Танай бүлэглэл У.Хүрэлсүхийн засгийн газрыг жилийн дараа огцруулна гэдгээ эхнээс нь товлосон шүү дээ. У.Хүрэлсүхийн засгийн газарт чи 32–ын бүлгээсээ зургаан сайд шахсан. Хүмүүс бол үүнийг “М.Энхболд маань шинэ Ерөнхий сайдынхаа доор зургаан гранат булчихлаа” гэж байсан. Тэр зургаан сайдаас У.Хүрэлсүхийг дэмжиж сайн зүтгэж байгаа сайд нар бий. Жинхэнэ “гранат” нь одоо ил гараад ирлээ л дээ. Тэр Ц.Цогзолмааг хардаа. Кабинетаа задлах хүмүүсийн дунд зогсож байна. Зүйрлэвэл энэ авгай гэрээ “шатаах” гэж яваа юм.
Та бид сүүлийн 14 хоногийн дотор УИХ-д ямар мэдлэг мэргэжилтэй, зан ааштай хүмүүс сонгосныг сайн харлаа. Заримдаа ч тэдний өмнөөс ичиж, нүүр хийх газаргүй болох юм даа. Арван нэдүгээр сарын 30-нд Улсын их хурал хуралдаж, Засгийн газрыг огцруулах тухай хэлэлцээд 33х40-ийн харьцаатайгаар У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцоруулахгүйгээр шийдлээ. У.Хүрэлсүх энэ хуралдаан дээр “намаа, төрөө цэвэрлэнэ” гэдгээ хатуу мэдэгдсэн. Цэвэрлэх цаг нь болсон. Монголыг хорин, хэдэн жил дээрэмдэж идсэн мафийн гол толгойлогчид,дэмжигчид М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа. Ж.Бат-Эрдэнэ… нарыг МАН-аас хөөж, хуулийн байгууллагад шилжүүлээч гэж ард түмэн, манай намынхан шаардсаар байгаа юм. Тэгээд ч У.Хүрэлсүх, УИХ-ын чуулган дээр М.Энхболдыг огцрох өргөдлөө өг гэж шаардана билээ. Олон түмэн бас, Тагнуул, Цагдаа, АТГ, Үндсэн хуулийн цэцийн мафийн гар хөл болсон удирдлагыг дав даруй зайлуулаач гэж үнэнхүү хүсч байгаа. Шүүх, прокурорын удирдлага, ялангуяа хэрэг төвөгт холбогдсон, улсын ерөнхий прокурорын орлогчдыг халж, өөрсдийг нь хуулийн дагуу шалгуулж, арга хэмжээ авахуулаач хэмээн шаардаж байгааг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар анхааралдаа авах байх л даа. Монголын мафи амь тэмцэн тийчилж байгаа. Тэднийг ард түмэн олоод харчихсан. Одоо ямар ч “амь тариа” байхгүй. М.Энхболд хүү минь, чамайг шударга сайн явбал би дөрөөгий чинь сүүгээр мялаагаад л ташуурдаад байх хүн. Ийм бузар муухай зам сонгосонд чинь үнэн харамсаж байдаг. Тэвчсэнгүй үнэнийг биччихлээ.
МУГЗ Сэтгүүлч Г.ЖАМЬЯН
URL: