УИХ-ын гишүүн Ц.Батбаяр Булган нэр дэвшихээр санаархаж эхэллээ

Ц.Батбаяр гишүүн Булганд орон сууцны түлхүүр гардуулж, 2012 оны сонгуулийн шоуг эхлүүлжээ. Ерөнхий сайдыг огцруулах популизм хийж байгаа УИХ-ын гишүүн Ц.Батбаяр ирэх сонгуульд Булган аймагт нэр дэвших бэлтгэлээ хангачихжээ. Булганд орон сууцны түлхүүр гардуулж, 2012 оны сонгуулийн шоуг эхлүүлж, хөтөлгөө морьтой 2012 оны сонгуульд орох шинжтэй. Тэр бүхнийхээ үндэс суурийг тун чиг чимээгүй хэрнээ хязгаар нутагт амжилттай хөрсжүүлж суугааг өдгөө Булганыхан ам уралдан ярилцах болов. Өмнөх сонгуулиар Баянзүрх дүүрэгт баахан байрны түлхүүр гардуулж шоу хийсэн үйл ажиллагаагаа Булган аймагт туршихаар шийджээ. 300 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж Булган аймагт бүтээн байгуулалт хийх юм байх. Харамсалтай нь газрын зөвшөөрөл ч байхгүй барилгын зураг төсөл гэхээр зүйлгүй атлаа Баянзүрх дүүргийнхнийг хуурч сурснаараа гэнэн цайлган хөдөөний иргэдийг мунхруулах ажиллагааг төрсөн дүүгийнхээ хамтаар чимээгүйхэн хийж явна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Ц.Батбаярын монголчуудыг орон сууцжуулах хөтөлбөрийг нь төрсөн дүү Ганьт ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ гардан гүйцэтгэж, Булган аймагт шавийг нь ч тавиагүй байрны түлхүүр гардуулж, сүртэй жүжиг тавьсан юм гэнэ. Байрны түлхүүртэй болсон нутгийн иргэн ч баярлах гайхахын хооронд уг түлхүүрийг гардан авч баахан зураг хөрөг даруулсан юм байх. Харамсалтай нь өмнөх сонгуулиар Баянзүрх, Налайх  дүүргийн сонгогчдод гурван өрөө байр өгнө гэж байсан амлалтаар иргэдийг хуурч сурсан башир аргаа хөдөөгийн жирийн иргэдийг хуурна гэдэг давхар тооцоо хийснийг Булганыхан хэрхэн мэдэх билээ.
Ийнхүү 2012 оны сонгуульд өрсөлдөх нүхээ бэлдэж буй УИХ-ын гишүүн Ц.Батбаяр төрсөн дүүгийнхээ нэр нөлөөг ашиглан Булганд нэр дэвших нүхээ сэмхэн малтаж буй нь энэ аж. Учир нь түүний дүү Ц.Бат-Эрдэнэ нь Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Бас ч үгүй тус аймгийн Гурванбулаг суманд 30 км зам тавьсан орон нутагт танигдсан бизнесмэн.

Танигдсан ч гэж дээ ахынхаа нэр нөлөөгөөр зам барих тендерийг тухайн үеийн Зам тээврийн сайд Ц.Цэнгэлээс авсан хэрэг. Харамсалтай нь дээр замыг барьсан нэрнээс цаашгүйг ч өдгөө нутгийнхан ярьцгаадаг. Өнгөрсөн жилийн борооны уснаар хашлага нь эвдэрч энэ жилийн төсвийн тодотголд 90 сая төгрөг тусгуулан засварлуулах болжээ. Зам барих зөвшөөрөл олгосон биш эргээд улсын хөрөнгөөр барих хэрэг гарсан гэх зэргээс үзэхэд бүтээн байгуулалтын ажил нь ч бас чанар муутай, нүд хуурах төдийхнөөр аргалдаг гэдэг нь харагдаж байгаа юм. Тийм л бүтээн байгуулалт хийдэг Ганьт ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ  төрсөн ах УИХ-ын гишүүн Ц.Батбаярынхаа ачийг хариулахын тулд сонгуулийн шоунд нь гар бие оролцож, Булган аймагт 300 айлын орон сууцны барилга босгох нэрийдлээр сонгууль хийхээр боллоо.
Нөгөө талаар лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр Баянзүрх, Налайх дүүргээс дахин нэр дэвших эсэх нь тун эргэлзээтэй байгаа. Өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтаа биелүүлж чадаагүй УИХ-ын гишүүн Ц.Батбаяр ирэх сонгуульд нэр дэвшихийн тулд дараагийн орон сууцжуулах үйл ажиллагаагаа Булган аймагт хийнэ. Харамсалтай нь намын даргатайгаа нэгийгээ үзэлцэж нэхийгээ уралцана гэж огцруулахаар улайран зүтгэж байгаа УИХ-ын гишүүн Ц.Батбаярт ирэх сонгуульд намаасаа квот олдох эсэх нь бас бүрхэг. Гэхдээ хотын даргын албан тушаалаас огцруулсан гэж Ерөнхий сайд асан С.Баярыг хорхойтой араандаа зуутал гомдол өрөвлөж явдаг түүнийг улстөрийн хүрээнийхээ мартах дургүй хүн гэж зүгээр ч нэг тодорхойлоогүй бололтой. Тиймээс намын даргатайгаа үүсгэсэн “цагаа олсон” үл ойлголцох байдлаа ашиглан сонгуульд нэр дэвших мандатаар наймаалцахыг хэн байг гэх вэ хэмээн шивэр авир хийж байна. Хотын даргын албан тушаалаас үндэслэлгүй халлаа хэмээн уйлан дуугарч, хошуугаа унжуулсны хүчинд нэр дэвших мандат авч, дөрвөн жил УИХ-д суусан боловч тойргийнхоо иргэдийг орон сууцжуулах нь бүү хэл, олигтой ч уулзалт хийгээгүй юм гэдгийг Баянзүрх, Налайх дүүргийнхэн андахгүй. Харамсалтай нь дахиж сонгогдохгүйгээ мэдэж дараагийн нэр дэвших тойргоо намын даргынхаа тэргшүүлсэн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурснаар болно хэмээн цээжний тооцоо хийсэн нь энэ аж. Гэхдээ намын бодлогын эсрэг дуугарсан түүнд ирэх сонгуульд нэр дэвших мандат олгох болов уу.
Нам дамждаг улстөрчид гэдэг шиг сонгуулийн тойргийг өмссөн оймс шигээ баруун солгойгүй сольдог улстөрчид манай парламентад хангалттай бий. Тэдгээрийн халааг үргэлжлүүлж байгаа УИХ-ын гишүүн Ц.Батбаярын хувьд ч Булганаас нэр дэвших сонирхлоо ийнхүү эхнээсээ ажил хэрэг болгож явна.  Ялангуяа “Айвал бүү хий” гэдэг шиг ил цагаан намын дарга С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрыг унагаахаар зүтгэн, АН-ынхантай мөр зэрэгцэн улстөр хийж байгаа нь намын даргыгаа шахаанд оруулах гэсэн явдал санаархал төдийхөн. Тэр ч утгаараа МАН-ын нэрийн өмнөөс сонгуульд оролцож чадахгүй, мандат олдохгүй тохиолдолд шинээр бүртгүүлсэн МАХН-ын нэрийн өмнөөс нэр дэвшинэ гэдэг тухай ч яриа улстөрийн хүрээнд үүссэн нь оргүй зүйл биш. Тиймээс МАН-аас тойрог олдохгүй бол экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг дагаж хормойдон, МАХН-аас тойрог авч нэр дэвших сонирхлоо нууж хаалгүй Булган аймагт хэрэгжүүлэхээр санаархаж байгаа нь энэ бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих