Гишүүд УИХ-ыг бойкотлож, сэтгүүлчид МАН-ыг бойкотлолоо
Чуулган хуралдаж чадалгүй зургаа дахь удаагаа хойшиллоо
Өнгөрч буй долоо хоног бойкотоор дүүрэн өдрүүд болж өнгөрлөө. Тодруулбал, УИХ-ын зарим гишүүд УИХ-ыг бойкотлосноор УИХ зургаа дахь удаагаа хуралдаж чадалгүй хойшиллоо. Уг нь чуулганы хуралдаанаар ЗТХ-ын сайд болон БСШУС-ын сайдыг чөлөөлж, ХХААХҮ-ийн сайдыг томилох ёстой. Мөн Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийх ёстой ч ийнхүү гишүүдийн бойкотод орж зургаа дахь удаагаа хойшлоод байна. Тиймээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ”УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар таслалдуулж байгаа нэр бүхий гишүүдийн цалинг хасах захирамжийг УИХ-ын дарга гаргах нь зүйтэй. Жирийн төрийн албан хаагчид 1 минут, 2 минут, 5 минут ажлаа таслалдуулахад цалингаасаа хасуулдаг. Улсын Их Хурлын чуулганы танхимаас сахилга, хариуцлагыг эхлэх ёстой тул холбогдох хуульд нийцүүлэн Улсын Их Хурлын дарга захирамж гарган нэр бүхий Улсын Их Хурлын 32 гишүүнд хариуцлага тооцох нь зүйтэй” гэсэн билээ.
Сэтгүүлчид МАН-ыг бойкотлов
Харин бойкот хийж чуулганаа хуралдуулахгүй байгаа МАН-ыг сэтгүүлчид бойкотлов. Учир нь МАН-ын Бага хурал өнгөрсөн лхагва гаригт болсон. Ингэхдээ хэвлэлийнхэнд хаалттай болж, Тусгаар тогтнолын ордны үүднээс сэтгүүлчдийг оруулсангүй. Улмаар МАН-ын хэвлэлээс мэдээлэл түгээхдээ зөвхөн намын даргынхаа болон намын даргынхаа талд үг хэлсэн гишүүдийн үгийг л хэвлэлийнхэнд өгч байсан нь хэт нэг талыг барьсан, сэтгүүлчид мэдээллийг тэнцвэртэй хүргэх ёстой хэмээн сэтгүүлчид МАН-ыг бойкотлосон юм. Тодруулбал, МАН-ынхан Бага хурлынхаа маргааш хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, Бага хурлаас гаргасан шийдвэрээ танилцуулах гэсэн боловч сэтгүүлчид мэдээллийг нь авалгүй гарсан билээ.
УИХ-ын дарга М.Энхболд “ам нээлээ”
Үүнтэй зэрэгцэн МАН-ын Бага хурлын талаар МАН-ын дарга асан, УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийв. Тэрбээр удтал дуугүй явсны эцэст МАН-ын Бага хурлын дараа сэтгүүлчдэд ам нээсэн юм. Ингэхдээ сүүлийн үед улс төрд үүсээд байгаа нөхцөл байдал болон өөртэй нь холбоотой яригдаж байгаа асуудал, МАН-ын Бага хурал дээр зарим хүмүүсийн хэлсэн үгтэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр “УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг надад ирүүлсэн. Энэхүү шаардлагыг би Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа үгүй эсэх талаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуульд нийцсэн хуулийн дагуу шаардлага тавиахад УИХ-ын даргын албан тушаалыг өгөхөд надад татгалзах зүйл байхгүй” гэв. Тэрбээр мөн “сүүлийн 20 оод жилийн хугацаанд нийгэмд, хууль хяналтын байгууллагуудын хүрээнд болсон болж бүтэхгүй бүх зүйлийг надад тохох гэсэн оролдлого, гаргасан шийдвэр нь хуульд нийцээгүй, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан зэрэг ийм шийдвэр гаргасан намын Бага хурал болсонд харамсч байгаа”-гаа илэрхийлж Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын ярьсан зүйлд няцаалт өгч, мөн Ц.Нямдоржийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдсэн билээ.
Онцгойгийн албан хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг сар бүр олгохоор болов
Мөн өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдал бол Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд байлаа. Засгийн газрын хуралдаанаас
-Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцож сар бүр олгохоор болов.
-Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгоно.
Харин жирэмсэн болон 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг амралт, сувилалын газруудад тав хоног амраахад 8 тэрбум шаардлагатай гэх саналыг цуцалсан юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдын талаар ноцтой баримт дэлгэв
Өнгөрч буй долоо хоногийн онцлох нэгэн үйл явдал бол яах аргагүй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талаар хийсэн ноцтой мэдээлэл байв. Тэрбээр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-чдийн загалмайлсан эцэг байсныг олж тогтоолоо” хэмээн хэвлэлийнхэнд дуулгав. Түүний хэлснээр У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү Ухнаагийн Давхарбаярын нэрээр 2016 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр ”Жаргалант мах импекс” компанийн нэр дээр 1 тэрбум 326 сая төгрөгийн зээл авах гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөгийг, 2017 оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөгийг тус тус авчээ.
“Энэ нь хэдийгээр нотлоход хэцүү ч шударга ёсыг хүссэн тухайн үед зээл авах гэж хөөцөлдөж байсан, чуулганаар өөрийгөө шударга хэмээн зарласанд эгдүүцсэн нэгэн эмэгтэй энэ материалыг өгсөн” хэмээн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээллийнхээ үеэр тодотгосон юм. Тэрбээр “Хүрэлсүхийг Засгийн газрын тухай хуулийг үндэслэж, өөрөө огцрохыг шаардаж байна. Хэрвээ тэгэхгүй бол Ерөнхий сайдыг огцруулахаар дахин гарын үсэг цуглуулах болно” гэдгээ энэ үеэр илэрхийлэв.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хөдөлгөөн байгуулж байгаагаа мэдэгдлээ
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэвлэлийнхний өмнө гарч ирлээ. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тэрбээр Ёсзүйн чадамжгүй УИХ-ыг тараах ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Түүний хувьд УИХ-ыг тараах шаардлагаа Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, төсвийн мөнгийг хэдэн 10 тэрбумаар нь завшсан. Мянга, мянган ажлын байр, айл өрхийн сайхан амьдрах боломжуудыг хулгайлсан нь нотлогдоод байгаа хэмээн тайлбарласан билээ.
МИАТ-ийн онгоцонд гэмтэл гарав
Өнгөрсөн баасан гаригийн 13.20 цагт БНСУ-ын Инчоны олон улсын нислэгийн буудлаас Улаанбаатар луу хөөрсөн МИАТ компанийн ОМ302 онгоцонд гэмтэл гарч, түр саатжээ. Улмаар 19.00 цагийн үед нислэг үйлдсэн юм.
Энэ талаар албаны хүмүүс “Нисэх үед онгоцны дугуйны хаалтны цоож эвдэрсэний улмаас буцаж буугаад сэлбэж янзалсан. Гал гарч, утаа униар болоогүй” гэсэн мэдээллийг өгсөн байдаг.
Б.Аз
zaluu.com
URL: