Монголчууд 72 жилийн өмнө өвлийн өвгөнтэй анх танилцжээ
50 жил тасралтгүй өвлийн өвгөн болжээ
Өвлийн өвгөний тухай олон түүх бий. Түүнээс монголчуудад хамгийн ойрхон нь Орос өвгөний тухай түүх юм. Орос өвлийн өвгөн нэгэн бөглүү тосгонд амьдарч байсан тухай домогт өгүүлдэг. Урт цагаан сахалтай, таяг тулсан тус өвгөнг 1870 онд шинэ жилийн баярын бэлгэ тэмдэг болгожээ. Оросууд МЭӨ XVзуун хүртэл шинэ жилийн баярыг жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг байжээ. Харин 1348 оноос есдүгээр сард тэмдэглэж байгаад 1919 оноос өнөөгийн тоололд шилжжээ. Домогт өгүүлснээр хүмүүс эхлээд өвлийн өвгөнд бэлэг өгдөг байв. Тэд ядуу хоосон, өлөн зэлмүүн амьдрал нь өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж, барьц өргөөгүйн улмаас хэмээн боддог байж. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр цагаан өвөө өөрөө солигдох мөчид айл бүрээр зочилж, сайн сайхан аз жаргалыг түгээдэг болж хувирчээ. Харин монголчуудын хувьд өвлийн өвгөнтэй 1946 онд анх танилцжээ. Монголын анхны өвлийн өвгөн бол Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсан юм. Тэрээр 28 настайдаа төрийн өвгөн болох урт замынхаа эхлэлийг тавьсан байдаг. Г.Гомбосүрэн 1985 оны нэгдүгээр сарын 1-ний “Улаанбаатарын мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа анх өвлийн өвгөн болсноо дурсчээ. Тэрээр “Улсын төв театрынхаа шинэ жилийн баярт Монгол Улсын Ардын жүжигчин Д.Чимид-Осортой ээлжлэн өвлийн өвгөн болж байсан. 28 настай залуухан хархүү Засгийн газрын шинэ жилийн баярын анхны өвлийн өвгөн болсондоо баярладаг” хэмээн дурссан нь хадгалагдаж үлджээ. Г.Гомбосүрэн өвлийн өвгөний үүргийг 50 жил тасралтгүй, нэр төртэй биелүүлсэн юм.
Энэ цагийн өвлийн өвгөн Б.Жаргалсайхан
Г.Гомбосүрэн гуайгаас өвлийн өвгөний халааг Ардын жүжигчин Д.Жаргалсайхан өвлөж авсан байдаг. Түүнээс хойш гавьяат жүжигчин З.Жарантавд энэ эрхэм үүрэг ирсэн. З.Жарантав “1960 онд, анх сургуулийнхаа өвлийн өвгөн болсон. Тэр үед аймгийн намын хорооны дарга н.Эрдэнэцогт гэж хүн байсан юм. СУИС-ын захирал Сонинтогосын аав шүү дээ. Энэ хүн намайг харчихаад аймгийн шинэ жилд өвлийн өвгөнөөр авна гээд. Тэгэхэд би 17 настай, аравдугаар ангийн сурагч байсан. Анх өвлийн өвгөн болсон түүх гэвэл энэ” хэмээн дурссаг байдаг. Харин энэ цагт гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан өвлийн өвгөн болоод байна. Тэрээр энэ тухайгаа “Би өвлийн өвгөн болоод 15 жил болжээ. 2004 онд анхны шинэ жилдээ орж байлаа. Сандрах нь гайгүй байсан санагдана. Харин сүүлийн жилүүдэд бүр их хичээгээд байгаа болохоор ч тэр үү жаахан сандрах гээд байдаг болжээ. Шинэ жил дөхөөд ирэхлээр хэлэх үгээ зохионо. Энэ жил ямар үгийг онцлон ард түмэндээ хүргэх вэ гэдгээ ярина. Европ өвгөнөөс аль болох ялгарч, хэлж ярьж байгаа үгэндээ Монгол ахуйгаа илүү тусгахыг хичээнэ гээд л бэлтгэнэ шүү дээ. Өөрөө өөрийгөө уядаг морь шиг л бэлдэж эхэлнэ дээ” хэмээн дурссан юм.
Эх сурвалж: polit.mn
URL: