М.Энхболд: Би Ц.Нямдоржийг шүүхэд өгнө

УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийв /2018.12.20/. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд өчигдөр болсон МАН-ын Бага хурал хэт нэг талыг барьсан, хаалттай хуралдаж өөрийнх нь байр суурийг олон нийтэд мэдээлээгүй” хэмээн онцлов.

 39

УИХ-ын дарга М.Энхболд:

-МАН-ын Бага хурлын гаргасан шийдвэр нь хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсанд харамсаж байна. Тухайлбал, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Би тайлбар өгсөн. Харамсалтай нь миний тайлбарыг хэвлэлд өгөөгүй.

МАНАН гэдэг зүйлийг М.Энхболд гэдэг хүнтэй холбож, намайг буруутган ярьсан. Би МАНАН гэдэг зүйлийг сонгуулийн үр дүнгээр улс төрийн намууд Засгийн газраа хамтран байгуулж, шийдвэр гаргасан зүйлийг хэлж байгаа гэж үздэг. Би 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа 67-гийн том бүлгийг тарааж, МАН, АН тус тусдаа байх ёстой гэж үзэж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж байсан.

2006 онд Үндэсний эв нэгдлийн гэх тодотголтой таван нам нэгтгэсэн Засгийн газар байгуулахдаа АН-ыг оруулаагүй. Би 2007 онд МАН-ыг ялалт байгуулж МАНАН-гүй намыг хүлээлгэж өгсөн. Надад МАНАН гэх зүйлтэй холбогдсон явдал байхгүй. Би үүнийг хариуцлагатай хэлж байна.

Шударга бусын хонгил гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүргэн н.Дэнзэнгээ “Эрдэнэс Тавантолгой”-н тендэрт оруулж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахад өөрийгөө “Намайг шударга бусын хонгилд орууллаа” гэж хэлсэн. “Шударга бусын хонгил гэдгийн түлхүүр нь хэнд байна вэ” гэсэн сошиал санал асуулга явуулахад иргэд, олон нийтийн 74 хувь нь “Ерөнхийлөгчид байна” гэж хариулсан байна лээ.

“УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагуудад үүрэг өгч байгаа мэтээр ярьсан”

Ямар нэг асуудалд оролцоод, түүнийг нь шалгах гэхээр татгалзаж байгааг би буруушааж байна. ЖДҮХС-гаас зээл авсан шалгагдаж байгаа гишүүдийн талаар ярьсан. Надад нэг ч удаа хэн нэгийг шалга, үүнийг битгий шалга гэж нөлөөлсөн зүйл байхгүй. Нэгэнт өөрийн хамаарал бүхий компанидаа эрх мэдлээ ашиглан зээл авсан бол хууль, хяналтын байгууллагаар шалгуулах ёстой. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагуудад үүрэг өгч байгаа мэтээр ярьсан. Би тэр даруйд нь хууль, хяналтын байгууллагад албан бичиг бичиж, мэдээлэл хийсэн. Тэнд нэг сэтгүүлч “Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгаж байгаа юу” гэж асуусан. “Хамаарал бүхий компанийг нь шалгаж байгаа” гэсэн хариулт хэлснийг намайг хэлүүллээ гэж гүтгэж байна.

“60 тэрбум”-ын асуудлаар шалгагдаж байгаа. Үнэн зөвийг нь тогтоох байх. Харамсалтай нь 2016 онд болсон “60 тэрбум” гэдэг асуудлыг манай намын гишүүд өөрсдөө дэвэргэж, намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, энэ нь ЖДҮХС-гийн холбоотой асуудлыг бүдгэрүүлэхийг оролдож байгаа нь буруу.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалд намайг оролцоотой, хааж, хамгаалж байгаа мэтээр ярьж байна. Би тухайн үед ОХУ-д Элчин сайдаар сууж байсан Л.Хангайг дуудаж, үнэн эсэх мэдээллийг асуусан. Тухайн асуудал бүдэг бадаг яригдсан зүйл байгаа юм шиг байна гэсэн. Сонгууль эхлэхэд тухайн үед сонгуулийн штабт ажиллаж байсан С.Батболдод сонгуулийн дараа шалгуулах чиглэл өгч, мэдээлэл хийлгэсэн. Дараа нь би ажлын хэсэг байгуулж, тогтоол гаргасан. ХХБ-ны хувьчлалтай намайг холбоотой гэсэн. Намайг Ерөнхий сайдаар томилогдоход хувьчилж байсан. Би ХХБ-ны хувьчлалтай холбоогүй. Намайг бас Улаанбаатар банкны хувьчлалтай холбоотой гэж байна Би энэ банкийг хуульд заасан хэмжээнд ажиллуулах хөрөнгө байгаагүй учир татан буулгасан. Улаанбаатар банкийг миний дараа дараагийн хотын дарга нарын үед хувьчилсан.

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг миний хүн гэж ярьдаг. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж өмнөх парламентын үед энэ хүнийг АТГ-ын даргаар томилох санал оруулж, тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Хуульзүйн байнгын хороог хуралдуулж, энэ хүнийг АТГ-ын даргаар томилох дүгнэлт гаргасан байсан.

Улсын Ерөнхий прокуроруудыг М.Энхболд томилсон мэтээр Ц.Нямдорж ярьсан. Манай намын бүлгийн хурал дээр Д.Дорлигжав гэдэг хүнийг Ерөнхий прокуророор томилох асуудал огт яриагүй. Харин М.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор томилох үед бид цөөнх байсан. Бүлгийн хурлаар хэлэлцье гэсэн. Би ажил төрлийн хувьд л танихаас цаашгүй гэсэн. Тухайн үед Ц.Нямдорж “Би энэ хүнийг танина, Миний бэлтгэсэн хүн” гээд томилуулж байсан. Гэтэл өнөөдөр намайг томилуулсан юм шиг ярих нь шударга ёсонд нийцэхгүй. Мөн намайг “Сингапурт Т.Бадамжунай гэдэг хүнийг явуулж Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгуулах санал оруулж байсан” гэж ярилаа. Надад тийм зүйл байхгүй. Надад уул уурхайн нэг ч лиценз байхгүй. Харин уул уурхайн салбар ээлж дараа эрэмбэтэйгээр хөгжих ёстой гэсэн байр суурь баримталдаг. Би Ерөнхий сайд байхдаа “49 ордыг стратегийн орд болгоё” гэсэн санал боловсруулан өгсөн. Гэвч тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдорж 15 ордыг стратегийн орд болгосон. Би “Оюутолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг боловсруулан өргөн барьж байлаа. Тэнд 95 хувь нь монголчууд ажиллах, 80 мянган хүнтэй хот байгуулах төсөл оруулж байсан.

Би “Оюутолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг боловсруулан өргөн барьж байлаа. Тэнд 95 хувь нь монголчууд ажиллах, 80 мянган хүнтэй хот байгуулах төсөл оруулж байсан.

МАН-ын дарга У.Хүрэлсүх надтай уулзсан. Би “Бүх зүйлийг хуулийн дагуу л шийдвэрлэнэ гэсэн. Би хэн нэгний албан тушаалаар барьцаалж, өгөх өгөхгүйн асуудал тавиад байгаа юм биш. Би таны ажил албан тушаалтай барьцалдаж, зууралдаад байгаа зүйлгүй” гэсэн. Харамсалтай нь намын дарга маань өөрөө дэлгээд ярьчихна лээ.

Би Ц.Нямдоржийг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэнэ. Асуудлыг үнэн зөвөөр олон түмэнд ойлголт өгөх ёстой гэж бодож байна. Сүүлийн 6, 7 сарын турш над руу янз бүрээр дайрч байгаа. Би намынхаа нэг залуутай зууралдаж, нийгмийн бухимдлыг нэмэгдүүлээд яах вэ гэж тэсч, тэвчиж явсан. Нэгэнт намын нөхөд маань над руу чиглэсэн хууль бус шийдвэр гаргаж, төрийн ажлыг гацааж байгаа тул би энэ шийдвэрийг гаргаж байна.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-”60 тэрбум”-ын асуудлаар томилгоо хийгдсэн үү?

-Би “60 тэрбум”-ын схемээр ажил албан тушаалд томилоогүй. Сөрөг хүчин байхад янз бүрийн асуудал яригддаг. Ихэнх нь бүтээд байдаггүй.

-УИХ-ын даргыг огцруулахаар хичнээн гишүүн гарын үсэг зурсан бэ?

-УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан. Би хуулийн дагуу чуулганы үйл ажиллагааг явуулаач гэдэг.

-Таныг буулт хийж, албан тушаалаа өгөхийг шаардаж байгааг юу гэж үзэж байна вэ?

-Буулт хийх, хууль зөрчсөн байдлаар ямар нэг алхам хийхийг би зөв гэж үзэхгүй байна. Намайг Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурсан нь хууль бус гэсэн. Би хууль зөрчөөгүй, УИХ-ын гишүүний хувьд гарын үсэг зурж, асуудал хэлэлцэхэд хуралдаан даргалаагүй.

ЭХ СУРВАЛЖ:”АРДЧИЛАЛ ТАЙМС” СОНИН

Т.ЭРДМАА


URL:

Сэтгэгдэл бичих