Дэлхийн худалдааны эргэлт 300 гаруй тэрбум ам.доллараар нэмэгдэнэ

Хоер жил тутам болдог ДХБ-ын сайд нарын ээлжит 8 дугаар бага хурал ШХУ-ын Женев хотноо болж өндөрлөв. Сайд нарын бага хурлын үеэр ДХБ-ын үйл ажиллагааны ерөнхий үнэлэлт дүгнэлтийн асуудлаарх бүгд хуралдаан, олон талт худалдааны тогтолцооны асуудлаарх салбар хэлэлцүүлгүүд явагдаж, улс орнуудын сайд нар тодорхой асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлэв.

Сайд нарын бага хурлын бүгд хуралдаанд Монгол Улсаас ДХБ дахь Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Оргил олон улсын худалдааны тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэхэд ДХБ-ын гүйцэтгэх үүрэг ролийн ач холбогдол,  Доха-гийн үе шатны хэлэлцээний өнөөгийн байдал болон ДХБ-ын цаашдын ажлын хөтөлбөрийн талаар манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Энэ удаагийн бага хурлаар ДХБ-д ОХУ, Вануату, Самоа, Монтенегро гэсэн 4 улс шинээр гишүүнээр элссэн нь уг байгууллагын ач холбогдол, олон улсын худалдаанд гүйцэтгэж байгаа үүргийг дахин нотолсон хэрэг боллоо.

ОХУ-ыг ДХБ-д элсэх асуудлыг бага хурлын бүгд хуралдаанаар хэлэлцэж, нэгдэн орох тухай багц баримт бичгийг консенсусаар батлав. ДХБ-ын Ерөнхий захирал П.Лами, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Э.Набиуллина нар хурлын төгсгөлд нэгдэн орох тухай протоколд гарын үсэг зурав. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Э.Набиуллина энэхүү мөчийг ОХУ-ын хувьд “түүхэн цаг мөч” хэмээн нэрлэж, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн хөгжилд өөрчлөлт, шинэчлэлтийн шинэ эрин ирж байгааг тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ хэдийгээ урт удаан хугацаанд хийсэн хэлэлцээ амжилттай дуусгавар болсон ч худалдааны хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, худалдааны арга хэмжээгээ олон улсын жишигт нийцүүлэх зэрэг нөр их ажлын эхлэл тавигдаж байгааг онцлов.

ОХУ-ын нэгдэн орох асуудлаарх 18 жил явагдсан хэлэлцээний үр дүнг Сайд нарын бага хурлаар баталгаажуулсан нь олон улсын хамтын нийгэмлэгийн түүхэн үйл явдал гэж үзэж байна. ОХУ нэгдсэнээр ДХБ-ын гишүүд дэлхийн худалдааны 97 хувийг эзэлж байгаа бөгөөд ДХБ улам бүр бүх нийтийг хамарсан байгууллага болж байгааг ДХБ-ын захирал хуралдаанд хэлсэн үгэндээ онцлов.

ОХУ ДХБ-ын гишүүн болсноор ОХУ-ын зах зээл илүү нээлттэй, чөлөөтэй болохын зэрэгцээ худалдаанд учирч буй саад тотгор үлэмж хэмжээгээр буурч дэлхийн худалдааны эргэлт 300 гаруй тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж судлаачид тооцоолсон байна.

Манай улсын хувьд ОХУ-ын зах зээлд нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний хэмжээ мөн үе шаттайгаар нэмэгдэж, худалдаанд саад болж буй хил, гаалийн олон янзын хяналт шалгалт, үүнтэй холбоотой хүнд суртал зэрэг бэрхшээлүүд багасч, худалдаа нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих