Д.Гансүрэн: 20 гаруй бенз машинтай парад хийнэ
“Хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн Д.Гансүрэнтэй ярилцлаа. Тус бүлгэмийнхэн энэ сарын 29-ний өдөр буюу Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор эх орончиддоо хүндэтгэл үзүүлэх ажээ.
-Тусгаар тогтнолын 100 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-нд танай бүлгэмийнхэн эх орончиддоо хүндэтгэл үзүүлнэ гэсэн. Энэ үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Энэ сарын 29-ний өдөр бол Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний 100 жилийн ой. Бид 1921 оны хувьсгал гэж ярьдаг байсан бол 10 жилээр урагшилж, 1911 оны түүхэн үйл явдлыг ярьж эхэлж байгаад баяртай байгаа. Тэр утгаараа 29-ний өдөр Чин ван Ханддоржийн өргөөн дээр очино. Түүний дараа Богдын ордон музей дээр очихоор төлөвлөөд байна. Нэг ёсондоо хүндэтгэл үзүүлэх юм. Яагаад эхлээд Ханддорж вангийн өргөөн дээр очиж байгаа нь ийм учиртай. Уг нь бид 100-гаар тогтохгүй олон мянган жилийн түүхтэй төр улстай улс шүү дээ. Хэрвээ санаагаар болдог бол Чингис хааныг хаан ширээнд залсан өдрийг зөв тогтоогоод, тэмдэглэдэг бол сайхан байна. Бүр Модун хааны хаан ширээнд заларсан өдрийг тэмдэглэдэг байсан ч яадаг юм. Нэгэнт л бид Хүннү гүрний үргэлжилжлэл, тэр хүмүүсийн үр сад. Энэ бол дэлхий дахинд бид ийм мундаг түүхтэй, төр улстай ард түмэн байсан юм шүү гэдгийг зарлан тунхаглах гэдэг утгаараа ач холбогдолтой юм. Бусдад гайхуулах түүхтэй ард түмэн шүү гэдгийг харуулах талаасаа анхаарах хэрэгтэй юм. Ядаж л Тусгаар тогнолын 100 жилийн ойгоо тэмдэглэж, цаашид уламжлалт баяр болгож байгаад эх орноо гэсэн сэтгэлтэй, үзэлтэй хүмүүсийн хувьд манай бүлгэмийнхэн баяртай байгаа. Гэхдээ манайханд нэг туйлширдэг гэм байдаг. Жишээ нь, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Түвд Богд удирдаад хийчихсэн юм шиг ярьж байна. Зарим нэг эрдэмтэд энэ үзэл бодлоо хамгаалах гэж хэтэрхий үндэслэлгүй зүйл ярих болж. Миний хувьд “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн, түүнээс гадна олон эрдэмтэдтэй уулзаж, судалгаа хийсэн хүн. Тиймээс энэ талаар багагүй мэдээлэл цуглуулсан. Энэ хувьсгал бол Монголын ард түмний, тухайн үеийн сэхээтнүүд, манлайлагч болж байсан олон аавын хүүгийн хүчээр болсон хувьсгал. Энэ үйл явдал харьцангуй нам гүм болсон. Тийм айхтар дайн байлдаан болоогүй. Яг жинхэнэ байлдсан хүмүүс нь Өвөрмонголчууд. Тогтох тайж, Бавуужав, Хайсан гүн зэрэг хүмүүс байсан. Цахирын Манлай ван Дамдинсүрэн халх руу ороод ирсэн байсан юм. Үнэн түүх ийм. Тэгэхээр тэр том гавьяаг нэг хүнд тохож болохгүй. Яах вэ, тухайн үед манай улс шарын шашны нөлөөнд автсан байсан. Тэр утгаараа бусад улстай харьцахад хамгийн том тамга буюу баталгаа болох зүйл нь Богдын гарт байсан. Мөн тухайн үеийн алтан ургийн болон бусад ноёдууд ухаан зарж, хоорондоо ярилцаад, ард түмнийг нэг зүйл рүү хандуулах үүднээс Богдыг шашин төрийг хослон баригч гэж өргөмжилж байсан. Тийм л учиртай.
-Үйл ажиллагаа ямар хүрээнд болох вэ?
-Бүлгэмийнхээ хүрээнд хийх бодолтой байгаа. Гишүүдийнхээ хэмжээнд энэ удаадаа хийнэ. Гэхдээ цаашид энэ үйл ажиллагааг өргөн дэлгэр болгох санаа байгаа. Монгол эх орныхоо төлөө монгол хүн л зүтгэж, зүрх нь цохилно. Тийм болохоор эх орны төлөө зүтгэж байсан түүхэн хүмүүсийг гавьяаг мартах ёсгүй. Би үүгээрээ Богдын гавьяаг үгүйсгэж байгаа юм биш. Бүх зүйлийг Богд дээр тавиад, бусдыг нь үгүйсгээд байдаг болохоор би ингэж яриад байгаа. Өвөрмонголын Тогтох тайж гэж бий. Тэр хүн гурван сайхан хүүгээ тулааны талбарт алдаж байсан. Халхын шоронд Цахирын манлай ван Дамдинсүрэнг яах гэж алсан юм. Энэ бол Хятадуудын өшөө авалт байсан шүү дээ. Ердөө өөрт нь нэгдээгүйн төлөө монголчуудыг хядсан. Энэ дүйвээнээр Монголыг эх газрын Хятадад нэгтгэх гэж оролдсон. Харин Монголын ноёдууд их ухаан зарж байж эх орноо аварч үлдсэн. Тэр ноёд, эх орончдынхоо алдар нэрийг бид хэзээ ч мартаж болохгүй. Ялангуяа Чин ван Ханддоржийн нэр алдрыг мартах ёсгүй. Тэр хүнд Манжууд хүүгийнх нь толгойг царан дээр тавьж өгч байсан. Түүнтэй холбоотойгоор “Омог бардам аавын хөвгүүд минь. Жанчхүүгийн даваанаас нааш шаахайны мөрийг бүү гарга” гэж хэлсэн байдаг. Энэ гэрээсийг ч бид мартаж болохгүй. Тэр утгаараа бид Чин ван Ханддоржийн өргөөнөөс эхэлж хүндэтгэл үзүүлэх гэж байгаа юм. Тэр хүндэтгэлийн явцдаа боломжоороо эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн эрэлхэг баатруудынхаа хөргийг авч очих гэж байгаа. Богдын музейд ч гэсэн авч очно. Богдын музейд очсон монголчууд түүнийг харна биз.
-Тэр хүмүүсийн зургыг хаанаас, яаж олж авч байна?
-Гэрэл зураг, календарь гээд янз бүрийн зураг байна. Бид аль болох аятайхан зураг олж авах гээд хичээж байгаа.
-Хэдэн хүний зураг авч явах вэ?
-Ямар ч байсан оюуны удирдагч байсан гурван хүний зургыг авч явах санаатай байгаа. Энэ хувьсгал олон аавын хөвгүүдийн хөлс, цусаар хийгдсэн болохоор бүгдийнх нь зургийг авч явна гэвэл амжихгүй. Тиймээс гол гол удирдагчийг нь тодруулах маягаар авч явна. Тухайн үед Өвөрмонголын Хайсан гүн хэлсэн байдаг. “Яг энэ цаг үед дор бидний монголчууд маш хурдан нэгдэх ёстой” гэж. Уг нь тийм санаа байсан ч Орос, Хятадын хуйвалдааны уршгаар нэгдэж чадаагүй. Үүнийг бид ерөөсөө мартаж болохгүй.
-Энэ үйл ажиллагааг өргөн хүрээг хамруулах талаас нь зохион байгуулж болоогүй юм уу. Тэр их гавьяатай хүмүүсийн үйл хэргийг ард түмэн бүгдээрээ мэддэг бол арай өөр шүү дээ?
-Энэ үйл ажиллагаа бидний ажлын эхлэл. Нэгэнт дээгүүрээ шийдээд, гуйваж байсан түүхийг үнэн, бодит талаас нь харуулж эхэллээ. Түүхэнд нэр нь бүдгэрээд байсан хүмүүсийн нэр төр сэргэж эхэлсэн. Үүнд би баяртай байгаа. Дараа дараачийн жилүүдэд хийх үйл ажиллагаа илүү өргөн болно. Жинхэнэ эх орончдыг хүмүүс мэддэг байгаасай гэж бодож байгаа. Тэр талаас нь илүү ажиллана. 1911 оны хувьсгалын дараа тэр хүмүүс богино хугацаанд, олуулаа учир битүүлгээр алагдсан. Энэ юуны нөлөө байв, яагаад алагдах болов гэдгийг ухаж бодох л ёстой.
-Энэ үйл ажиллагааны үеэр хүмүүст үнэн түүхийг танин мэдүүлэх талаас нь лекц унших ч юм уу, тийм төрлийн арга хэмжээ байгаа юу. Эсвэл хүндэтгэл үзүүлээд л болох юм уу?
-Манай бүлгэм олон гишүүнтэй. Би бүлгэмийн гишүүддээ эрдэмтэд авчирч лекц уншуулж байгаа. Нийгэмд хандана гэхээр бидний чадал арай л хүрэхгүй байна. Тэртээ тэргүй улстөрчдийг энэ ажлыг хийх байх гэж бодож байгаа.
-29-ний өдрийн үйл ажиллагаан танай бүлгэмийн хэдэн гишүүн оролцох вэ. Жагсаал маягийн юм хийх үү. Иргэд дэмжиж оролцож байгаа юу?
-Жагсаал хийх чинь хуультай хэцүү болчихлоо. Дээр нь шинэ жил болох гэж байхад жагсаал гээд яах вэ дээ. Бид Чин ван Ханддоржийн өргөөнөөс үйл ажиллагаагаа эхэлнэ. Бид дан бенз автомашинтай явах байх. Машин дээрээ эх орончдынхоо хөргийг зална. Тэр үед хүмүүс эх орончдынхоо хэлсэн үгийг бас харна биз. Бид өмнө нь 12 хаадын зураг залсан парад зохион байгуулж байсан.
-Хэчнээн машин явах бол?
-20 гаруй машины цуваа явах байх. Парад маягаар явна.
URL: